Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэнгийн гэр бүлийнхэн “Бавуугийн Лхагвасүрэн” сан байгуулжээ. Тус сан их найрагчийн бүтээл, туурвил, оюуны өвийг олон улсад таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Эл сангийн нээлтийг өнөөдөр түүний гар бичмэл, өвийн үзэсгэлэнгээр хийхээр болжээ. Б.Лхагвасүрэн агсны ач хүү С.Хабул “Нийгмийн хүнд цаг үед иргэдэд соён гэгээрлийн үйл ажиллагаа чухал. Хэдийгээр өвөө минь бурхны орон руу одсон ч уран бүтээлүүд нь байсаар байна гэдэг санааг илэрхийлж сан байгуулсан юм. Түүнчлэн өвөөгийн хэрэглэж байсан үзгээс авхуулаад гар бичмэл, цуглуулгыг нь үзэсгэлэнд дэлгэнэ. Түүнчлэн багадаа өмсөж байсан буруу энгэртэй дээл, шөл гаргаж байсан яс гэх мэт өвийг толилуулна. Эл сан, үзэсгэлэнгээ өвөөгийн төрсөн өдрөөр нээх юм. Түүнчлэн Л.Хасар ах мэнд байхдаа өвөөгийн 10 боть номыг эмхэтгээд, 80 орчим хувьд нь хүргэчихсэн байсан. Үүнийг уншигчдад удахгүй хүргэнэ. Энэ удаад сангаа нээж, үзэсгэлэн гаргах гэж байна. Дараа нь жүжгүүдээс нь тавьж ч магад. Хоёр жил тутамд нэрэмжит яруу найргийн “Антимир” наадмаа ч зохион байгуулна” гэлээ. Үзэсгэлэн ирэх сарын 3 хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үргэлжилнэ.
Бэлтгэсэн А.Тайшир