-“Дэлхийн цом”-ын тэмцээнээс ирээд бэлтгэлдээ шаргуу орсон гэж сонссон. Ойрд болох томоохон тэмцээнд оролцохоор төлөвлөв үү?
-Эх орондоо ирснийхээ дараа цагийн зөрүүг гаргаж, тав хоног амраад бэлтгэлээ хийж эхэллээ. Миний хувьд насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүртсэн дөрвөн мөнгөн медальтай. Ирэх жилийн нэгдүгээр сард болох тэмцээнд түрүүлэх зорилго тавьсан. Товлосон хугацаа нь хол мэт санагдавч, өдөр хоногууд ойртож байна. “Дэлхийн цом” нь ДАШТ-ээс дутахааргүй болдог. Орхон аймагт өнгөрсөн сард болсон, ОУХМ С.Баттулгын нэрэмжит Монголын шилдэг боксчдын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээнд шилдэг найман тамирчны нэгээр шалгарч, “Дэлхийн цом”-дөрсөлдөх эрх авсан.
-Та Германы Кёльн хотыг хоёр ч удаа зорилоо. Өмнө нь тэндээс хүрэл медальтай ирсэн байх аа?
-Тус хотод дахин хөл тавихад өмнөх тэмцээний дурсамжийг өөрийн эрхгүй бодогдуулж байлаа. Би өмнө нь тэнд насанд хүрэгчдийн ангилалд анх удаа оролцож, хүрэл медаль хүртсэн. Тэр үед өөртөө дараа ирэхдээ заавал алтан медаль гардана гээд хэлж байв. Энэ удаа амлалтаа биелүүлж аварга боллоо. ”Дэлхийн цом”-д улс тус бүрээс шилдэг хоёр тамирчин өрсөлдсөн. Европын орнуудад боксын спорт өндөр хөгжсөн тул рингэнд ширүүхэн тулаан өрнүүлдэг. Тэмцээний өмнө сугалаагаа хараад амаргүй учраануудтай таарснаа ойлгосон. Энэ удаа медалийн төлөө тоглосон Украины тамирчинтай өмнө нь тус хотод бэлтгэл хамт хийсэн тул тулалдах техникийг нь багагүй мэднэ. Бид насаар чацуу. Тиймээс өөрийнхөө тулааныг харуулъя гэж бодсон. Надтай гар зөрүүлсэн тамирчдаас түүний тулаан хамгийн сонирхолтой нь. Тэрбээр шартай, амархан бууж өгөхөөргүй дайчин зантай. Өөрийгөө ялагдахыг мэдэх тусам улам хүчтэй довтолдог. Нэг жинд өрсөлддөг болохоор хойшид ч таарах байх. Түүнийг тулааны дэвжээнд буулгаж авахын тулд сэтгэл зүйн байдлыг нь мэдэрч, төлөвлөснийхөө дагуу ухаан гаргаж хожсон.
-2018 онд Тайландын Бангкок хотод болсон залуучуудын Азийн АШТ-д хүрэл медаль гардаж, Монголын тамирчдын шагналын буухиаг эхлүүлсэн санагдана.
-Азийн орнуудаас Тайландад муай тай, холимог тулаан, бокс гээд тулааны спорт өндөр хөгжсөн. Миний хувьд залуучуудын УАШТ-д түрүүлж, Бангкок хотыг зорих эрх өвөртөлж, хилийн дээс анх удаа алхаж билээ. Тэнд Вьетнамын тамирчныг ялж, хүрэл медалийн болзол хангаад их баярласан. Дараа нь АНЭУ-ын Дубайд зохион байгуулсан Азийн АШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд оролцохдоо тивийн шилдгүүдийг харсан юм. Тус хотод болсон тэмцээнд оролцсон тамирчдын олонх нь энэ жилийн Азийн АШТ-д ирсэн байв.
-Тулааны спортоор хичээллэдэг охид гэрийнхэнтэйгээ багагүй зөрчилдөж байж тамирчны амьдрал сонгодог. Та ч бас тэдний нэг биз?
-Хөгжилтэй дурсамж их бий. Сонирхолдоо хөтлөгдөж хичээллэсэн хамгийн дуртай спорт бол бокс. Эрэгтэй хүн охиноо боксоор хичээллэхэд гаднын нөлөөнөөс биеэ хамгаалж сураг гээд дуртай дэмждэг юм билээ. Аав минь тэдний нэг. Ээж намайг “Ганц охиноо зодоон нүдээнээр явуулахгүй. Нүүр ам, тархи толгой нь гэмтчихнэ. Спортын өөр төрлөөс сонгож хичээллэ” гээд эхэндээ таатай хүлээж аваагүй. Дугуйланд явуулахгүй гээд хувцсыг минь нуучихдаг тул зааланд жинсэн өмдтэй бэлтгэл хийдэг байв. Ээж одоо миний үнэнч хөгжөөн дэмжигч болсон. Намайг медаль хүртэх бүрт баяр хүргэж, найзуудаа уриад амжилт гаргасан талаар минь сонирхуулж ярьдаг. Тэмцээнтэй үед энгийн өдрүүдээс илүү санаа тавьж, тайван байлгахыг хичээнэ. Би дасгалжуулагч Б.Пүрэв-Очир багшийн удирдлагад хичээллэж, тамирчин болох гараагаа эхлүүлсэн. “Дэлхийн цом”-д түрүүлчихээд баярт мэдээг эхлээд ээж, дараа нь багшдаа дуулгасан. Манайх Орхон аймагт амьдардаг. Гэртээ харьж амжилгүй бэлтгэлдээ орсон тул ээж медалийг минь мялаахаар Улаанбаатарт ирсэн шүү.
-Охид нэгнийхээ хичээллэдэг спортод сэтгэл татагддаг тал бий байхаа?
-Намайг бокс руу хүчтэй урвуулсан хүн бол найз М.Намуун. Түүний бэлтгэл хийж байгааг анх хараад энэ спортод татагдсан юм. Бид багаасаа ойр дотно нөхөрлөсөн. Тэр үед 10 охин хичээллэхээр хөл тавьсан ч тууштай үргэлжлүүлсэн нь бид хоёр. Тамирчдыг хаана ч очсон хүмүүс хүндэлдэг. Хилийн дээс алхаад л улсынхаа нэрээр дуудуулдаг тул ямар нэгэн таагүй асуудалд өртөхгүйг хичээж, биеэ зөв авч явахаас өгсүүлээд олон зүйлд үүрэг хариуцлагатай ханддаг. Миний хувьд гадаадын тэмцээнд цөөнгүй оролцсон ч анх удаа Төрийн дууллаа эгшиглүүллээ. Шагналын тавцанд медалиа зүүгээд зогсоход эх орон, аав, ээж, амжилтад хүргэсэн багш хамгийн түрүүнд бодогддог юм билээ.
-Тамирчин хүнд нөхөрлөлийн хүрээ чухал. Өөрийгөө жаргал, зовлонгоо хуваалцдаг сайн нөхөдтэй гэж боддог уу?
-Би олон найзтай. Бүгдтэй нь сайхан нөхөрлөдөг. Намайг ойлгохгүй замын дундаас буцсан нь одоогоор байхгүй. Найзууд миний, би тэднийхээ итгэлийг алдаагүй. Хамтарсан бэлтгэл, нэгдсэн цугларалт, гадаад, дотоодын тэмцээнд оролцох гээд гэртээ тухлах, найзуудтайгаа уулзах чөлөөт цаг ховор гардаг. Бокс намайг дайчин, зоримог, шийдэмгий болгосон. Гэхдээ үргэлж завгүй явна гэж юу байх вэ. Бэлтгэлийн дараа эмэгтэй тамирчидтайгаа аятайхан газар хооллож, сонирхолтой кино, гоё концерт үзнэ. Ээж минь волейбол тоглодог. Тиймээс би ч гэсэн ДАШТ, олимпын наадмын волейболын тэмцээн үзэх дуртай. Миний хувьд Бразилын багийг дэмждэг. Тэднээс 10 дугаартай тамирчны гайхал тай тоглолт, техникийг харж биширдэг юм.
-Нэг жинд өрсөлддөг тамирчдаас хэн тантай хамгийн олон удаа тулалдав?
-Боксын 54 кг-ын жин олимпын наадмын тэмцээнд багтсан тул өрсөлдөгч олонтой болсон. Монголд надтай нэг жинд өрсөлддөг сайн тамирчид бий. Тэднээс О.Есүгэнтэй олон таарсан. Тэрбээр Йорданы Амманд сая болсон Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Тамирчдын тулалдах арга барил, техник нэгнийхээсээ өөр. Тэрбээр намайг бодвол хатуу тоглолттой. Бид тэмцээнд өгөө, аваатай л байдаг. Найзуудаас Б.Мөнгөнсаран, М.Намуун нар Азийн АШТ-д оролцсон. Тэдэнтэй хэд хоногийн өмнө уулзахдаа “Дэлхийн цом”, тивийн тэмцээн хэрхэн өрсөлдөөнтэй болсон, манай тамирчид бусдаас юугаар давуу, сул байсан талаар сонирхолтой яриа өрнүүлсэн. Ирэх жилийн наймдугаар сард болох Азийн наадмын тэмцээнээс тамирчдад олимпынэрх олгож эхэлнэ. Миний хувьд “Парис 2024” олимпын эрх олгох тэмцээнд амжилттай оролцохыг зорьж байгаа.
-Боксын тэмцээний шүүлт маргаантай болох нь бий. “Дэлхийн цом”-д тийм байдал анзаарагдав уу?
-Олон улсын боксын холбоо дүрмээ гурван жил тутамд шинэчилдэг. Парисын олимпын наадмаас өмнө шүүгчдээ солих талаар яригдаж байгаа юм билээ. Энэ удаагийн “Дэлхийн цом”-д ч гэсэн эзэн орны шүүгчид өөрийн тамирчдад оноо түлхүү өгөх байдал ажиглагдсан. Би ч гэсэн тамирчдынхаа адил олон хүний итгэл, найдвар хүлээж оролцсон болохоор өрсөлдөгчдөө ялж, медаль хүртэнэ гэж хичээсэн.
-Техниктэй тамирчныг ямар шалгуураар тодруулдаг вэ?
-Шүүгчдээс гадна тухайн тэмцээний арын албанд ажилласан мэргэжилтнүүд жин тус бүрт өрсөлдсөн боксчдын тоглолт, давуу талыг харж техниктэй тамирчныг шалгаруулдаг. Тус улсын боксын холбооны ерөнхийлөгч “Монголын тамирчдаас Э.Мичидмаа сонирхолтой тоглолт харууллаа” гэж хэлсэн. Тэр үед тамирчдад гардуулахаар зэхсэн цомуудыг хараад өөрийгөө шалгарах болов уу гэсэн мэдрэмж төрж байлаа. Тоглол тын явцад өрсөлдөгчөө мэдэрч, ялах ухаан түрүүлж гаргах нь чухал. Миний хувьд үүнээс чамгүй сурсан гэж боддог.
-Таныг амжилт гаргахад багшаас тань гадна ямар хүн нөлөөлөв?
-Эмэгтэй тамирчид. Боксоор хичээллэдэг гэж хэлэхээргүй царайлаг эгч нарыг хараад тэдэн шиг амжилт гаргах сан гэж мөрөөддөг байв.Хөвгүүд уулзаад ярилцахаараа “Чи бокс тоглодог юм уу, чамайг хичээллэдэг гэж бодоогүй” гээд гайхдаг юм. Би энгийн үед их эмэгтэйлэг шүү дээ. Тулааны дэвжээнд гарахаараа дайчин, зоримог болдог.
-Боксоор хичээллэсэн цагаасаа олон бээлий сольсон уу?
-Миний сольсон бээлий тоогоо алдсан. “Дэлхийн цом”-д оролцохдоо шинэ бээлийтэй тоглолоо. Гэрийнхэндээ гадаадаас тухайн орны онцлогийг харуулсан бэлэг дурсгалын зүйлтэй ирдэг. Хөл тавьсан орнуудаас АНЭУ-ын Дубай хотын үзэсгэлэнт арал, далай, элс дахин зочилмоор сэтгэгдэл төрүүлсэн. Тэнд олон хоноогүй ч аялал жуулчлал, спортын салбараа өндөр хөгжүүлснийг хараад их бахархсан.
-Шинэ өглөөг ямар бодолтой угтдаг вэ?
-Өнөөдөр сайхан өдөр байгаасай гэж боддог. Өглөөний цайгаа уучихаад бэлтгэл хийхээр гэрээсээ гардаг. Миний хувьд тэмцээний өмнө жин хасахад их ядардаг тул бухимдуу, дуу цөөнтэй болчихдог. Тийм үед намайг гэрийнхэн, найзууд мэддэг болохоор утасддаггүй. Тив, ДАШТ-ээс медальтай ирсний дараа нуруун дээрх хүнд ачаагаа аваад хаясан мэт уужирч, сэтгэл тайвширдаг. Надад шантрах үе бишгүй байсан. Тийм үед “Энэ спортыг яагаад сонгосон юм бол” гэж өөрөөсөө асуусан удаа олон. Шантрах шалтгаан байхад амжилт гаргаж баярлах өдөр ч бас бий.
-Тамирчин бүр үндэсний шигшээ багийн босгоор алхдаггүй. Багийнхандаа хааяа шүүмжлүүлж, зэмлүүлдэг биз?
-УАШТ-д түрүүлж, үндэсний шигшээ багт хөл тавьсан. Шигшээгийн тамирчдын олонх нь нэг үеийнхэн. Багшаас гадна нөхдөөсөө магтаал, шүүмжлэл, зөвлөгөө аль алийг нь сонсдог. Эгч нараас хатуухан үг сонсох эхэндээ амаргүй санагддаг ч миний төлөө хэлж байгаад нь сүүлдээ баярладаг болсон.