Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны харагчин хэмээх усан туулай жилийг угтан “Туулай жил” нэг унцийн 999 сорьцтой дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргажээ. Эл зоос нь 10 000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 31.1 гр жинтэй, 38.61 мм хэмжээтэй гэнэ. Тус сангаас 12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил”-ээрэхлүүлсэн. Тэгвэл өмнөх онд “Үхэр жил”, энэ онд “Бар жил” дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргаж байв. Уг цуврал нь Монголын уламжлалт зурхайд дүрсэлснээр хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, мутартаа 12 жилийн бэлгэ тэмдгийг барьсан бөгөөд уламжлалт зургийн аргаар зурж, бүтээснээрээ онцлог аж. Дурсгалын зоосыг орчин үеийн “Smartminting” технологиор урлажээ. Мөн Монголбанкнаас эрхлэн гаргасан болон франчайз хэд хэдэн зоосыг шинээр худалдаалж буй юм байна.
Бэлтгэсэн Б.Сонор