Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, horiotoi.mn сайт, “Champions” клуб хамтран сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд ширээний теннисний тэмцээн зохион байгуулав. Үүнд хэвлэл мэдээллийн 20 байгууллагын 30 гаруй ажилтан оролцож, ганцаарчилсан болон багийн төрлөөр өрсөлдлөө. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд horiotoi.mn сайтын сэтгүүлч Д.Буян алт, манай сонины фото сэтгүүлч Э.Харцага мөнгө, news.mn сайтын Б.Мөнгөнтамир хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн төрөлд МҮОНТ-ийн ажилтан С.Сарантуяа аваргалж, мөнгөн медалийг “Чөлөөт хэвлэл сан”-гийн ажилтан Н.Март, хүрэл медалийн эзнээр МҮОНТ-ийн сэтгүүлч Н.Баянзул тодров. Багийн 3х3 төрөлд “Өнөөдөр” сонины Э.Харцага ахлагчтай, “MN 25 дугаар суваг” телевизийн хөтлөгч Г.Аюур, МҮОНТ-ийн сэтгүүлч Б.Ариунболд нарын баг алтан медаль авсан юм. Мөнгөн медалийн эзнээр “Дэлхийн монголчууд 88.3” радиогийн сэтгүүлч Г.Ариунчулуун ахлагчтай, Т.Батзориг, Н.Баянзул нарын баг тодров. Хүрэл медалийг Н.Март ахлагчтай, МОНЦАМЭ-гийн ажилтан Э.Батбаяр, МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Анар нарын баг хүртлээ. Хэвлэл мэдээллийн ажилтнууд ийнхүү тав дахь удаагаа ширээний теннисээр өрсөлдөв. Ирэх жилийн тэмцээн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр буюу 2023 оны тавдугаар сарын 3-нд болно.