ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн уран бүтээлч багш нар уламжлал болсон “Тэнхлэг” үзэсгэлэнгээ “Норфей” арт галерейд нээлээ. Эл үзэсгэлэнг 2005 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй. Ингэхдээ 2008 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Урлагийних сургууль, 2010 онд БНСУ-ын Сөүлийних сургуульд гаргаж байв. Харин өнгөрсөн жилээс МУБИС, “Сити” их сургууль, Дизайн урлагийн академийн уран бүтээлчдээр хүрээгээ тэлжээ. Хүний амьдарч буй орчныг соёл гэвэл урлаг нь бидний мөрөөдөл, хүсэл эрмэлзлийг илэрхийлдэг, харин дизайн бол өдөр тутмын амьдралын гоо сайхан, гоо зүйг мэдрүүлэн, хүндтаатай орчныг бүрдүүлэхэд оршдог. Ийм дуг үзэсгэлэнг ямар нэгэн сэдвээр хязгаарлаагүй, дизайны хэвлэмэл, график зураг, этюд, усан зураг, гобелен, фото арт, керамик гэх мэт олон төрлийн бүтээл нэгэн орон зайд дэлгэжээ. Тус үзэсгэлэнд 22 гаруй уран бүтээлчийн 67 орчим бүтээлийг багтаасан байна.
Үзэсгэлэнгийн куратор, урлаг судлалын ухааны доктор Б.Сэргэлэн “Өнөө жилийн шинэлэг тал нь дизайнер багш нарын бүтээсэн олонлого томоохон орон зай эзэлж байгаа явдал. Харахад энгийн боловч тухайн брэндийн онцлог, санааг цөөн тооны дүрсээр оновчтой илэрхийлэх нь маш их судалгаа эскиз хийж, олон хувилбараас сонгодог цогц ажил. Тийм учраас сайн лого нь тухайн брэндийг амжилттай явахад багагүй үүрэг гүйцэтгэдэг чухал илэрхийлэл. Тиймээс лого зохион бүтээх, санаагаа гаргах нь урлагийн бүтээл туурвихтай адил чухал. Түүнчлэн уран бүтээлч бүр өөрийн өнгө аястай, дүр төрхтэй бөгөөд зураач, дизайнер, багш нарын хувьд хийсвэр болон бодит байдлыг хослуулан, хурц тод өнгөөр тоглож, дотоод ертөнцөө чөлөөтэй илэрхийлсэн бүтээлүүдийг эл үзэсгэлэнд толилуулж буй” гэсэн юм.
Бэлтгэсэн А.Тайшир