Дэлхийн философийн өдөр өчигдөр тохиолоо. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гоос 2005 онд жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гаргийг Дэлхийн философийн өдөр болгохоор тунхаглажээ. Түүнээс хойших 17 жилийн хугацаанд олон улсад жил бүр уг өдрийг тэмдэглэн, философийн шинжлэх ухааны ач холбогдол, ололт амжилтыг нийтэд таниулахад анхаарч ирсэн байна. Манай улсын тухайд ШУА-ийн Философийн хүрээлэн, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран 10 дахь жилдээ уг өдрийг тэмдэглэлээ. Үүний хүрээнд өчигдөр дээрх хоёр байгууллага хамтарч “Философи ба шинжлэх ухааны танин мэдэхүй: Онол, арга зүйн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав. Энэ үеэр философийн судалгааны арга зүйнчиг хандлага, байгаль, нийгмийн шинжлэх ухааны философи зэрэг сэдвээр 20 гаруй илтгэл хэлэлцүүлэв. “Илтгэлүүд нь эцсийн дүндээ философийн үүднээс шинжлэх ухаан, танин мэдэхүй, арга зүйн асуудлыг шинжилсэн агуулгатай байна. Мөн аливаа үзэл баримтлалыг үндэсний онцлог, сэтгэлгээний өв уламжлалдаа нийцүүлэн бүтээлчээр хэрэглэх боломж, арга замыг эрэлхийллээ” гэж зохион байгуулагчид онцлов.