Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран цусны доноруудад зориулсан аппликэйшн хэрэглээнд нэвтрүүлжээ. Үүнийг Цусны донорын мэдээллийн санд бүртгэлтэй хүмүүс л ашиглах боломжтой аж. Өмнө нь цусаа хандивлаж байсан хүмүүс энэхүү аппликэйшнийг татахад нэвтрэх эрх бүхий баталгаажуулах код утсанд нь ирдэг бол донор бус хэрэглэгчдэд мэдээлэл илгээдэггүй юм байна.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв 70112857 гэсэн утсаар үйлчлүүлэгчдэд зөвлөгөө, мэдээлэл өгдөг. Үйлчлүүлэгчдийн хамгийн их асуудаг зүйл нь цусаа өгөх дараагийн хугацааны талаар байдаг гэнэ. Бие физиологийн онцлогоос хамаараад эрэгтэй хүн хоёр, эмэгтэйчүүд гурван сарын давтамжтай цусаа хандивлах боломжтой ч донорууд энэ хугацааг мартах, будилах тохиолдол түгээмэл аж. Тиймээс “Цусны донор” аппликэйшн хэрэглэгчдэд “сэрүүлэг” болох юм. Хамгийн сүүлд хэзээ цусаа өгснийг, дараагийн хугацаа хэдийд болохыг тогтмол сануулдгаараа ач холбогдолтой. Мөн нийслэл, орон нутаг дахь цус цуглуулах төвийн хаяг, байршил, ажиллах цагийн хуваарь, тэмдэглэлт өдрүүд, эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг нэг доороос хүргэдэг онцлогтой. Ташрамд дурдахад, 17-60 насны, 45-аас дээш кг жинтэй, эрүүл мэндийн асуудалгүй л бол аль ч бүлгийн цустай хүн донор болох боломжтой билээ.