-Монголын жүдо академийн суралцагчдаас ОУХМ цол хүртсэн анхны тамирчин боллоо. Энэ цолыг хэзээ нэгэн цагт хүртэнэ гэж боддог байв уу?
-Өөрийгөө ОУХМ цол хүртэнэ гэж бодоогүй. Багш нар минь гэнэтийн бэлэг барьж цол, тэмдэг гардуулахад гайхаж, баярласан. Энэ цолыг дагаад өмнөхөөсөө илүү амжилт гаргах хариуцлага ирснийг ойлгосон. 2017 онд суралцахаар ирсэн цагаасаа өнөөг хүртэл тус академиар овоглож, тэмцээнд оролцож байна. Бүс ахих тусам шигшээ багийн ах, эгч нар шиг барилддаг болох сон гэж боддог байлаа. Намайг хотын АШТ-д анх өрсөлдөж, мөнгөн медаль хүртэхэд А.Сарангуа багш “Ахлах насанд анх удаа оролцож медаль хүртлээ. Хойшид улам хичээгээрэй, сайн байна” гэж урам хайрлахад нь их баярласан. Миний амжилт одоо л эхэлж байна. Тэмцээнд оролцох тусам туршлагажиж, алдаагаа давтахгүйг хичээдэг болсон.
-Та Нагано мужийн Сакү хотодхөл тавиад багагүй хугацааг үдлээ. Япончуудын амьдрал, ахуй, соёлоос хэдийн суралцсан байх.
-Би Сакү хотын ахлах сургуульд сурдаг. Токиогоос баруун хойд зүгт 200 км-ийн зайд оршдог, эртний түүхтэй энэ хот жүдогийн сургалтаараа алдартай. Хүмүүс нь найрсаг зантай. Танихгүй ч гэсэн өглөө бүр “Сайн байна уу, сайхан амарсан уу” гэж мэндэлдэг. Санаандгүй байдлаар тус улсыг зорих аз завшаан надад тохиосон юм. Японд хэл сураагүй очсон тул сургуулийнхаа хүүхдүүдтэй ойлголцох нь эхэндээ хэцүү байлаа. Үеийнхэнтэйгээ бэлтгэл хийж, дэвжээнд шидүүлэх тусам шар хөдөлж, “Ур чадвараа хурдан ахиулж, тэднийг хождог болох сон” гэж бодно. Тэнд 47 муж бий. Мужийнхаа тэмцээнд түрүүлэхгүй бол дараагийн тэмцээнд оролцохгүй удна. Хичээсний үр дүнд мужийн АШТ-д түрүүлж, Бүх Японы АШТ-д оролцох эрхтэй болсон юм. Тус тэмцээнд муж бүрээс түрүүлсэн тамирчид өрсөлддөг. Тэр үед “Би түрүүлчихлээ гэж үү дээ” гээд өөртөө итгэхгүй гайхаж билээ.
-Үеийнхээ охидтой хэр ойлголцож, ойр дотно нөхөрлөдөг болсон бэ?
-Тэдэнтэй өдөр бүр хичээл, бэлтгэлээ хамт хийж, нэгнээ ойлгодог болоход түшигтэй санагдсан. Дээд ангийн эгч нар сургуулиа төгссөн тул үеийнхээ дөрвөн охинтой ойр нөхөрлөдөг. Бид сургуулиа удахгүй төгсөх тул илүү дотно найзлах болсон. Япончууд өглөө эрт босдог. Хөдөлмөрч, ажилсаг, нямбай зантай. Ямар ч ажлыг хийхдээ чин сэтгэлээсээ хандаж, сар, жил, өдөр, хоногоор нь төлөвлөнө. Хэн ч байсан найрсаг харилцдаг нь таалагддаг. Хүүхдүүдэдбагаас нь хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгуулж, хүнийг хүндлэх соёлд сургадаг. Тэнд байх хугацаандаа япончуудын тууштай, тэвчээртэй зан чанараас нь суралцсан.
-“Улаанбаатар их дуулга”-д оролцож, хүрэл медаль хүртсэн тухайгаа сонирхуулаач. Японы тамирчинтай таарч байсныг тань саналаа.
-Эх орондоо ирж, “Улаанбаатар их дуулга”-д оролцоход гэр бүл, найз нөхөд минь дэмжиж үзсэн. Тэмцээн эхлэх өглөө медалийн тавцанд зогсох мэдрэмж төрөөд байлаа. Эхний тойрогт гоц мөргөж, дараагийнхад нь2017 онд дэлхийн аварга болсон Японы туршлагатай тамирчинтай таарч, хэвтээ барилдаанд цэвэр даруулж хожигдсон. Дараа нь “Женко” клубийн Б.Ням-Эрдэнэтэй хүч сорив. Түүнтэй өмнө нь хэдэн удаа барилдахдаа ялагдаагүй. Барилдах явцад бие минь хүч, бяргүй болсон мэт санагдаж, хожигдоход тун ойрхон байлаа. Барилдаан нэмэлт цаг руу ороход туршлагаараа илүүрхсэн. Багш “Чи түүнийг өмнө нь хожиж байсан тулдаа яллаа. Тэрбээр өнөөдөр маш сайн барилдсан” гэж билээ. Үдээс хойш медалийн төлөөх барилдаанд 78 кг-д нутаг нэгт Б.Эрдэнэт-Од эгчтэй таарсан. Тэрбээр тэмцээний үед ухаан алдаж унасан тул дүрмийн дагуу дараагийн барилдаанд гаргаагүй. Тиймээс ялалтыг надад өгснөөр хүрэл медаль хүртсэн юм.
-Европчуудаас илүү Азийнхантай барилдах амар санагддаг уу?
-Европын тамирчдын барилдаан сонирхолтой. Дэвжээнд өндөр нуруу, гар, хөлийнхөө давуу талыг ашигладаг. Азиас Японы жүдочид барьц сонгохдоо гаргууд. Өрсөлдөгчийнхөө мэх, барилдааны хайрцагт тэр бүр баригддаггүй. Тамирчид нь азанд итгэхээс илүү хөдөлмөрлөсөндөө найддаг нь олон зүйлээс анзаарагдсан. Тэд барилдааныхаа гүйцэтгэлийг маш сайн хийдэг. Дэвжээнд ялна гэсэн өөртөө итгэлтэй гардаг нь бахархал төрүүлдэг юм. Хэн хөдөлмөрлөнө түүнд амжилт ойрхон байдгийг тэдний барилдаанаас хараад ойлгосон.
-Хойшид оролцох тэмцээнүүдэд түрүүлэх зорилго тавьсан биз дээ.
-Намайг жүдод хөл тавьсан цагаас гэрийнхэн минь дэмжсэн. Унаж, босоход минь хамт байж урагшиллаа. Хааяа халширч, бэлтгэлдээ явмааргүй санагдахад ээж “Миний охин бэлтгэлээ тасалж болохгүй. Хэцүү санагдах тусам зорилгоо бодож, хийх ёстой” гэж зөвлөдөг. Шантрахад дэм өгч, хурцалдаг хүн бол миний ээж. Ойрын зорилго миньгэвэл Токиод ирэх сард болох “Их дуулга”-аас медаль хүртэх. Мөн ирэх жилийн нэгдүгээр сард зохион байгуулах УАШТ-д түрүүлэх зорилго тавьсан. Би 15 настайдаа ээжийнхээ хамт Японыг зорьсон юм. Ээжийгээ Монгол руу буцсаны дараа тэнд ганцаардаж, бие даах амаргүй байв. Хүүхэд болохоор гэрээ санаж, уйлна. Ээждээ энэ тухай хэлэхэд “Хэнд ч гэрээсээ хол байх хэцүү. Чи зорилгынхоо төлөө бүхнийг тэвчиж, суралцах ёстой” гэдэг. Анх очсон үеэ бодвол одоо хэдийн дасжээ.
-Таны хувьд хэцүү санагддаг бүхэн ард хоцорч, одоо дурсамж болж үлдсэн байх.
-Сурч байгаа зүйлүүд минь даван туулах замын эхлэл гэж боддог. Хойшид ч суралцана. Миний жинд өрсөлддөг сайн тамирчин Монголд олон. УАШТ-д хэнтэй ч таарч мэдэх тул бэлтгэлээ сайн хийж өрсөлдөнө. Жиндээ барилддаг гадаад, дотоодын бөхчүүдийн бичлэгийг үзэж, арга барил, техник, мэхнүүдийг нь судалж байгаа. Өнгөрсөн жил насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа оролцож, мөнгөн медаль хүртсэн. Медалийн төлөөх барилдаанд вазари үнэлгээ авч, тэргүүлж явсан ч сүүлийн минутад алдаа гаргаж хожигдсон юм. Тэр үед жаахан тэвчсэн бол аваргаар шалгарах байв. Өрсөлдөгчдөө ялахын тулд бүх талаар давуу байх ёстой. Давуу байхын тулд өөрийгөө байнга хөгжүүлэх хэрэгтэй.
-Дэвжээнд барилдахдаа хөл этэх, хөмрөх мэх хийж харагддаг.
-Тийм ээ, миний дархан мэх. 78 кг-д өндөр, биерхүү бөхчүүд барилддаг болохоор хөмрөх мэхээр ялах хэцүү. Тиймээс мэхний хувилбарууд судалж, шинээр сурч байгаа. Хэвтээ барилдаанд ялахын тулд өөрийгөө бүх талаар дайчилна. Надад итгэж, найддаг олон хүн бий. Медаль гардаж тэднийгээ баярлуулах сан гэж боддог шүү.
-Тамирчдад найзуудтайгаа уулзаад байх зав ховор гардаг. Замын дундаас буцсан зарим нөхөд байдаг уу?
-Бий, бий. Найзуудтайгаа уулзах зав тэр бүр гардаггүй тул зарим нь хөндийрч холдсон байдаг. Гадаадын тэмцээнд оролцох, хөдөө бэлтгэлд гарах үед зарим нэгнийх нь жинхэнэ зан чанар цухалздаг. Тиймээс ойлгож, дэмжсэнтэй нь нөхөрлөлөө үргэлжлүүлдэг юм.
-Монголынхоо шилдгүүдээс хэнийх нь барилдааныг харж суралцав?
-Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг, Д.Сумъяа эгч нарын уран, дайчин барилдааныг сонирхож хардаг. Тэд намайг жүдод дуртай болгож, амжилт гаргах хүсэл, мөрөөдөлд хөтөлсөн. “Рио 2016” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн миний сэтгэлд тод үлджээ. Японы бөхийг сууж үүрээд ялсан Д.Сумъяа эгчийн ялалтын агшин, мөн М.Уранцэцэг эгчийн өрсөлдөгчдөө хэвтээ барилдаанд ялдаг гайхалтай амжилтууд одоо ч нүдэнд харагддаг. Жүдогийн гайхамшиг, хүндлэл, тэмцэл, бас өрсөлдөөнийг тэдний хөдөлмөрлөсөн уйгагүй хичээл зүтгэлээс олж харсан. Спорт хүнийг тэвчээртэй, хүлээцтэй, сэтгэлийн хаттай болгодог. Тэр хэрээр амьдралын ухаанд сургаж, аливаа зүйлийг эхлүүлсэн бол эцсийн үр дүнг үзэх зорилгод хөтөлдөг.
-Жүдо академийн багш нар хичээлээ шаталсан сургалтаар зааж, системтэй мэдлэг эзэмшүүлдэг юм билээ.
-Би багш нараараа их бахархдаг. Хүүхэд бүртэй тулж ажиллахаас гадна алдаа дутагдлыг нь зөвлөн хэлж, жүдог давуу тал дээр нь тулгуурлан хөгжүүлдэг юм. Тэр дундаа Г.Бат-Эрдэнэ багш зэмлэхээс илүү өөрийн биеэр үлгэрлэж, тухайн хүүхдийн бие, сэтгэл зүйн онцлогт тохируулан мэхний хувилбаруудыг зааж, ур чадварыг нь ахиулдаг. Бид богино хугацаанд сайжирч, амжилт гаргадаг нь багш нарын минь заах арга барилтай салшгүй холбоотой. Бид О.Чинбат багш шиг өрсөлдөгчөө мэдэрч, хурдтай барилдах сан гэж мөрөөддөг байлаа.
-Дасгалжуулагч А.Сарангуа багштай холбоотой байдаг уу?
-Багш миний оршин суудаг мужаас алсхан амьдардаг. Бид цахимаар холбогдож, зөвлөлддөг юм. Японд очсон даруйдаа уулзана. Монголд дасгалжуулагчаар ажиллаж байсан Юүки Такахаши багш түүний хань. Гэрээсээ хол байгаа надад хэцүү санагдах зүйл бишгүй гарна. Тийм үед багш нартайгаа ярилцахад “Бид чам шиг яг ийм зам туулж ирсэн. Тиймээс амжилтынхаа төлөө тэвчиж, тэмүүлэх хэрэгтэй” гэдэг юм. Гэрийнхнээсээ спорт сонгосон нь би. Эгч, дүү нар минь биеэ зөв хөгжүүлэх гэж спортын бусад төрлөөр хичээллэдэг. Би багадаа сахилгагүй, хөдөлгөөнтэй байлаа. Жүдогоор хичээллэснээр хүндлэлээс суралцаж, даруу болсон. Багш болон дэвжээнд бэлтгэл хийдэг ах, эгч нартайгаа өдөр бүр мэндлэхээс эхлээд намайг өөрчилсөн олон зүйл жүдод бий.
-Таныг чөлөөт цагаараа ном унших дуртай гэж сонссон.
-Англи хэлээр хэвлэгдсэн ном уншдаг. Хааяа алжаал тайлж, төгөлдөр хуур тоглоно. Жүдогоор хичээллэдэг болсноор тоглох минь багассан. Саяхнаас нэг сонирхолтой ном уншаад амтанд нь орчихсон. Ээжийг “Та нар ном уншиж, мэдлэгээ тэл” гэж хэлэхэд багадаа нэг их тоодоггүй байв. Одоо уншсан номоосоо хэрэг болох зүйл авч үлддэг. Ухааруулж ойлгуулсан, шинэ мэдээлэл өгсөн, мэдлэг тэлсэн сонирхолтой номуудыг судалж, хайдаг. Монголд олдохгүй бол гадаадаас захиална. Сүүлийн үед монгол хэлээр хэвлэгдсэн ном уншиж байгаа. Гадаадад олон жил амьдрахаар тухайн улсын хэл, ахуй, соёлоос суралцаж төрөлх хэлээ мартдаг тал бий. Тиймээс монгол хэлээр хэвлэгдсэн ном авч явдаг.
-Хилийн дээс алхаад л тамирчдынхаа орчуулагчаар ажилладаг гэсэн байх аа?
-Гэрийнхэнтэйгээ Австрали улсад амьдарч байхдаа англи хэл сурсан. Миний сурч байсан “Шилдэг” сургууль АНУ-ын сургалтын системтэй байсан нь хэлний мэдлэгээ ахиулахад их нөлөөлсөн. Англи хэл сурсан минь алхам тутамд хэрэг болдог. Хилийн дээс алхаад лтамирчдынхаа орчуулагчаар ажиллана. Тэмцээний үед шүүгчийн хэлж байгаа зүйлийг зөв тайлбарлаж, ойлгуулдаг. Академийнхаа дүү нарт “Та нар англи хэл сур. Хожим хэрэг болно. Насанд хүрсэн үед тань хүн болгон энэ хэлээр ярьдаг болсон байна” гэж захидаг юм. Өнгөрсөн нэгдүгээр сард Узбекистанд болсон тэмцээнд Монголынхоо шигшээ багийн тамирчидтай оролцож, Португал улсыг зорихдоо орчуулга хийсэн. Мөн “Улаанбаатар их дуулга”-ын үеэр барилдахын хажуугаар орчуулагч болж завгүй гүйлээ.
-Та Азербайжаны Бакуд болсон “Их дуулга”-д анх удаа өрсөлдөж, дэлхийн шилдгүүдтэй хүч сорилоо. Тэд ямар бодол төрүүлэв?
-Тэндээс тээж ирсэн бодол их бий. Эхний тойрогт Казахстаны тамирчныг хожиж, дараагийнхад Францын тамирчин дэлхийн аварга, Токиогийн олимпын мөнгөн медальт бөхтэй таарсан. Барилдааны цаг сунгахад эн тэнцүү хүч үзээд ялагдлаа. Өмнө нь зурагтаар хардаг байсан түүнтэй Бакугийн дэвжээнд таарна гэж үнэхээр төсөөлөөгүй. Түүний барилдаан тийм ч төгс байгаагүй. Миний хувьд өмнөхөөсөө жаахан хичээвэл хожиж болохоор санагдсан. Тэнд жингийнхээ шилдгүүдийг харж, барилдааных нь давуу тал, техник, тактикаас чамгүй судалсан.