Шатрын бодлого бодолтын дэлхийн аварга шалгаруулах 45 дахь удаагийн тэмцээн АНЭУ-д энэ сарын 13-19-нд үргэлжилж байна. Манай улсаас ах, дүү тамирчин болох их мастер С.Билгүүн, Дэлхийн шатрын холбооны мастер С.Чингүүн нар тус тэмцээнд оролцож буй юм. ДАШТ-д 45 орны 402 тамирчин өрсөлдөж байгаа аж. Манай тамирчид шатрын бодлого бодолтын зургаан төрлийн тэмцээнд ур чадвараа сорих гэнэ. Тус тэмцээнд хоёр дахь удаагаа өрсөлдөж буй С.Билгүүн өмнө нь залуучуудын ангилалд дэлхийн аварга болж байв. Ташрамд дуулгахад, шатрын түргэн болон түргэвчилсэн тоглолтын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг Ерөнхий сайдын ивээл доор ирэх амралтын өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ.