Ирэх ням гарагт хөлбөмбөгийн 22 дахь удаагийн ДАШТ Катар улсад эхэлнэ. ЭнэньАрабын улсад болж буй анхны, Ази тивд болох хоёр дахьудаагийн тэмцээн бөгөөд 32 баг оролцох сүүлчийн ДАШТ болж буй. 2026 онд АНУ, Мексик, Канадад болох тэмцээнд 48 улсын баг оролцох билээ.
Ингээд “Катар-2022”-ынхамгийн их анхаарал татсан асуулт болох альулсын шигшээ баг түрүүлэх вэ гэдгийн хариултыг таамаглая.
БРАЗИЛ
Сүүлийн 28 тоглолтдоо ердөө 10 гоол алдсан Бразилын шигшээ багийг бид довтолгоо бус, хамгаалалт талаас нь үнэлж буй нь сонирхолтой санагдах болов уу. 2014 онд дасгалжуулагч Дунга “Селесао”-г найдвартай тоглолттой буюу хамгаалалтын баг болгох “туршилт” хийсэн. Гэсэн ч уйтгартай, довтолгоо тааруу баг болгон хувиргасан. Харин Тите хамгаалалтад анхаарал хандуулахын зэрэгцээ багийн довтолгооныхүчийг үлэмж нэмэгдүүлж чадсан юм. Неймар, Ришарлисон, Антони, Винисиус, Жезус нарын хэн нь ч эсрэг багийн хамгаалалтад аюул тарих авьяастай. Тэдэн дээр Касемиро тэргүүтэй хагас хамгаалалтын шугам, сайн хамгаалалтыг нь нэмэх хэрэгтэй. Тийм ч учраас бооцоо тавигчид Бразилыг Катарт түрүүлэх боломжтой гол багаар нэрлэж байна.
ФРАНЦ
Бүрэлдэхүүний хувьд тун хүчирхэг “гурван өнгөтнүүд” аваргаа хамгаалах чухал даалгавартай байгаа. Гэхдээ дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулбал арай өөр Францын баг Катарт ирэх юм. Тухайлбал, П.Погба, Н.Канте нар гэмтсэн бол довтолгоонд К.Бензема гол үүрэг гүйцэтгэнэ. “Реал”-ын довтлогчийн хувьд энэ удаагийн тэмцээн замналынх нь сүүлчийн ДАШТ байх магадлалтай учир маш сайн тоглохыг хичээх нь гарцаагүй. Франц шиг том баг ч алдаа гаргаж, Швейцартч хожигдох боломжтойг “Евро-2020” тэмцээн бидэнд харуулсан. Д.Дишамын баг хоёр том тэмцээн дараалж тааруухан оролцохгүй л болов уу.
АНГЛИ
Хөлбөмбөгийн эх орон гэж сайрхдаг тус улсын хувьд 56 жилийн турш ДАШТ-д түрүүлээгүй нь муу үзүүлэлт юм. Сүүлийн 10 жилд Английн шигшээг хамгийн амжилттай удирдаж буй дасгалжуулагч нь Г.Саутгейт. Гэсэн ч түүнийг багаа хэт хаалттай тоглуулдаг, тоглогчдын довтолгооны потенциалыг бүрэн дүүрэн ашигладаггүй хэмээн шүүмжилдэг. Өдгөө тус багт ахмад, залуу үеийн маш сайн харьцаа бүрдээд байна. Тухайлбал, довтолгоонд хашир туршлагатай Х.Кэйн, амжилтаар “өлссөн” залуухан Ж.Беллингем гэх мэт. Харин багттом амбицтай нь эн зэрэгцэх хамгаалалтын сайн шугам бий, эсэх нь сүүлийн үед эргэлзээ төрүүлж байна.
АРГЕНТИН
“Альбиселесте”-гийн хувьд гол асуулт тодорхой. Сүүлчийн ДАШТ-дээ оролцож буй Л.Мессийг дэлхийн аварга болоход тусалж, Д.Марадонагийн амжилттай зэрэгцүүлж чадах уу? 2014 онд Л.Месси алтан цомыг атгаад алдсан. Харин одоо Аргентины багт тэр үеийнх шиг олон од байхгүй. Хэдий тиймч тоглолт сайтай, тэнцвэртэй бүрэлдэхүүнтэй, хамгаалалтын найдвартай шугамтай болоод байна. Л.Месси “ид шид”-ээ бүрэн дүүрэн харуулж, бусад тоглогч үүргээ онц найдвартай гүйцэтгэвэл Аргентины багт аваргалах боломж бүрэн бий. Тэд одоогийн систем, бүрэлдэхүүн, тактикаар Америкийн цомд түрүүлснийг нь санах хэрэгтэй. Одоо тэр амжилтаа дэлхийн тавцанд л давтах нь чухал байна.
БЕЛЬГИ
Багадаа нэг том тэмцээнд түрүүлэх боломжтой гэж сүүлийн 10 жилд яригдаж буй Бельгийн шигшээ багийн алтан үе дуусах цаг ирсэн. Тэд өмнөх ДАШТ-д хүрэл медаль хүртсэнээс өөр гялалзах амжилт үзүүлсэнгүй. Өдгөө алтан үеийн залуус эрийн цээнд хүрч, “Катар-2022”-ын хамгийн туршлагатай баг болоод байна. Магадгүй тэдний хувьд ДАШТ-д өндөр амжилт үзүүлэх сүүлийн боломж нь энэ болов уу.
ИСПАНИ
Харин Испанийн багийн алтан үе дууссан. 2010 онд алтан медаль хүртэж байсан багаас ганц С.Бускетс л үлджээ. Гэхдээ Л.Энрикегийн удирдлагад тэрхүү алтан үеийнхтэй дүйцэхээр шижигнэсэн залуус байна. Педри, Гави, Фати, Торрес нар энэ удаад дэлхийн тавцанд нэрээ алдаршуулах боломжтой юм. Байрлалын нарийн чанд тоглолт болон туршлагатай тоглогч бүхий энэ багийн амбиц Катарт өндөр байх нь гарцаагүй. Гэхдээ тэднийг ДАШТ-д түрүүлэх боломжтой багаар шууд нэрлэхэд түдгэлзэх хэд хэдэн шалтгаан бий.
ГЕРМАН
2018 оны ДАШТ-ээр тун таагүй гэнэтийн “бэлэг”-ийг хөгжөөн дэмжигчдэдээ барьж, хэсгээсээ ч гараагүй баг. Улмаар Й.Лев шигшээ багийг орхиж, Х.Флик хэмээх шинэ дасгалжуулагчтай болсон. Энэ удаад тэдний гол “хөзөр” нь Л.Сане, К.Хаверц, С.Гнабри тэргүүтэй довтолгоо нь гэж шинжээчид үзэж байна. Тэдэн дээр хашир туршлагатай Т.Мюллер болон өдгөө Европын хамгийн авьяаслаг залуу тоглогчдын нэгт тооцогдож буй Ж.Мусиалаг нэмэх хэрэгтэй. Товчоор бол энэ тэмцээнд түрүүлэхийн төлөө өрсөлдөх бүрэн боломж “Бундестим”-д бий.
“Катар-2022”-т түрүүлэх боломжтой бусад багийн тоонд Португал, Нидерландын шигшээг дурдаж болох юм.
Огноо: 2022 оны арваннэгдүгээр сар ын 21-арванхоёрдугаар сарын 18.
Хотууд: Доха, Ар-Райян, Лусаил,Аль-Хор, Аль-Вакра
Цэнгэлдэх хүрээлэн: “Аль-Тумама”, “Рас Абу Абуд”, “Лусаил” (бүгд Доха), “Аль Бейт” (Аль-Хор), “Аль Жануб” (Аль-Вакра), “Эдукэйшн сити”, “Ахмед Бин Али”, “Халифа интернэйшнл” (бүгд Ар-Райян), “Лусаил айконик стадиум” (Лусаил)
Бөмбөг: “Аль Рихла”(араб хэлээр аялал гэсэн утгатай)
Бэлгэдэл сахиус: Лаиб нэртэй нисдэг хивс
Бэлтгэсэн Н.Энхбаяр