Өсвөр үеийнхнээс богино хугацаанд ур чадвараа ахиулж, шилдгүүдийн эгнээнд хүч түрэн орж ирсэн тоглогч бол “Олонлог” сургуулийн 12а ангийн сурагч, “ABChess” академийн тамирчин Э.Маргадгуа. Тэрбээр Мальтаулсын Мелльеха хотод өнгөрсөн сарын сүүлчээр зохион байгуулсан шатар сонирхогчдын ДАШТ-д амжилттай оролцож, дэлхийн аварга цол хүртсэн гурван тамирчны нэг. Тус тэмцээнд есөн өрөг тоглосноос 8.5 оноо авч, нэг тойргийн өмнө түрүүлэх болзол ханган, алтан медаль хүртсэн түүнийг зочноор урилаа.
-Мальтаулс Монголоос зургаан цагийн зөрүүтэй. Тэнд тэмцээн эхлэхээс хэд хоногийн өмнө очиж, цаг агаар, уур амьсгалтай нь дасан зохицов уу?
-Дэлхийн шатрын холбоо ДАШТ-ийг жил бүр зохион байгуулахдаа таатай сэтгэгдэл төрүүлэх, далай, аралтай, тайван орчин нөхцөлтэй орныг сонгодог. Энэ удаа чийглэг, дулаан уур амьсгалтай Мелльеха хотод олон орны шатарчид хуран цуглалаа. Тэнд хөл тавьсан анхны өдрөөс надад түрүүлэх мэдрэмж төрөөд байлаа. Эхний өрөгт өнгөрсөн жилийн ДАШТ-д өрсөлдсөн Казахстаны тамирчинтай дахин таарч, сонирхолтой тоглолт өрнүүлсэн. Түүнтэй төлөвлөсөн тактикийнхаа дагуу битүү нүүдэл хийн, бага багаар задалж, задгай тоглосон. Тэрбээр зан чанарын хувьд нээлттэй ч тоглолтын үед сандран, эмээж байгаа нь анзаарагдсан юм. Надтай II өрөгт таарсан Энэхтхэгийн тамирчин хамгийн өвөрмөц тоглолттой нь байлаа. Тэмцээний явцад шатарчдын нүүдлээс ямар бодол, зорилготой байгаа нь мэдрэгддэг. Түүнтэй зургаан цаг тоглоход тийм байдал нэгээхэн ч ажиглаагдаагүй. Тэрбээр оньсого шиг нууцлагдмал нэгэн санагдсан.
-Гараа сайн бол бариа сайн гэдэг үг бий. Шилдгүүдийг “тулааны талбарт” буулгаж авсан тактикаасаа сонирхуулаач.
-Миний хувьд өрсөлдөгчөө ямар нэгэн алдаа гаргавал өөрийн талд ашигтайгаар эргүүлдэг. Сайн байрлалаас гараагаа эхлүүлж, нүүхэд амаргүй болгон алдаа гаргуулна. Би довтлох сонирхолтой. Тоглолтынхоо гарааг мориор нүүж эхлүүлдэг. Тус тэмцээний VII өрөгт долоононоо авснаар түрүүлэх минь тодорхой болсон юм. Энэ удаа Казахстаны тамирчнаас бусад нь шинэ танил байв. Тэдэнтэй анх удаа таарахдаа ямар арга барилтайг нь мэдэхгүй тул мэдрэмжээрээ тоглосон. Медалийн төлөөх тоглолтод Казахстаны тамирчин намайг задгай нүүлгэхгүйн тулд маш их бодож, төлөвлөсөн. Түүнийг цагт нь шахаж тоглоод хожсон. Ээж тэмцээний үед миний найдвартай ар тал болж, тусалсны хүчинд амжилт гаргалаа. Аваргын төлөөх тоглолтын өмнө “Чи юу ч бодох хэрэггүй. Зөвхөн тоглолтдоо анхаарал хандуулаарай” гэж зөвлөсөн. Аваргын цом, алтан медаль амархан ирээгүй. Дэлхийн аварга гэж дуудуулах сайхан ч энэ цолны нэр хүндийг өргөж явах, бас амжилтаараа батлах үүрэг, хариуцлага дагаад ирэх шиг санагдсан. Тэмцээн өндөрлөсний маргаашаас олон орны тамирчид намайг бүх талаар судалж эхэлсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс эх орондоо ирснийхээ маргааш бэлтгэлдээ шууд орсон.
-Багаасаа мэргэжлийн тамирчдын адил бэлтгэл хийснийг тань сонссон. Амжилт гаргахад багш нарын тань заасан бүхэн хэрэг болдог гэж бодож байна.
-Тэгэлгүй яах вэ. Шатрын эрдмээс зааж, амжилтад хөтөлсөн багш нартаа баярладаг. Би цэцэрлэгт байхдаа шатар тоглож сурсан. Тэр үеэс энэ спортын гайхамшгийг анх мэдэрч билээ. Багшийгаа цэцэрлэгийн хүүхдүүдэд шатар заахад нь дагаж явдаг байв. Тоглох тусам шатар сонирхолтой санагдаж, найман наснаасаа мэргэжлийн тамирчдын адил бэлтгэл хийж эхэлсэн юм. Надад шатар анх заасан хүн бол Дорноговь аймгийн харьяат Ү.Бадамдорж багш. Дараа нь И.Ганбаатар багшийн удирдлагад онол гэж юу байдгийг сурсан. Шатарчид өөрийгөө цаг ямагт хөгжүүлж, ур чадвараа ахиулж байх ёстой. Тиймээс Монгол Улсын 10 удаагийн аварга, их мастер, Азийн аварга, шатрын олимпын хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Хатанбаатар багшийг сонгон хичээллэхдээ тактикийн тоглолт чамгүй заалгасан. Миний хувьд мэргэжлийн түвшинд тоглоход сурах зүйл их байлаа. Монголын шилдэг шатарчдаас их мастер С.Билгүүн багш намайг мастерын түвшинд бэлдсэн. Тэрбээр компьютерын программ дээр ажиллаж сурах, тоглолтыг ямар бодлогоос эхлүүлэх, стратеги гэж юу болох, өрсөлдөгчдийнхөө тоглолтыг судлах нь амжилт гаргахад хэрхэн нөлөөлдгийг зааснаар ур чадвар минь эрс ахисан. Багш нарын минь заасан зүйл хаана ч явсан хэрэг болдог. Ү.Бадамдорж багш тамирчин болох суурийг минь зөв тавьж, тэвчээртэй байж, ялж, ялагдаж сурахыг заасан ачтан.
-Та энэ удаагийн ДАШТ-д “ABChess” академиар овоглож оролцсон байна билээ.
-Тийм ээ. Би “ABChess” академийн дасгалжуулагч Б.Ану багшийн удирдлагад хичээллэж байгаа. Түүний заах барил их таалагддаг. Тэрбээр тэмцээний үед сэтгэл зүй чухал болохыг ойлгуулж, надтай маш сайн ажилласан. Тэмцээний үед хааяа шатар тоглож чадахгүй болтол өөр бодолд автдаг тал бий. Би иймэрхүү байдалтай нэг бус удаа тулгарсан болохоор тэрбээр тоглолтын чухал өрөгт юу ч бодохгүйгээр зөвхөн шатартаа гол анхаарал хандуулах талаар зөвлөдөг. Тэмцээний товлосон хугацаа ойртох тусам бэлтгэл шаргуу хийж, шөнө бүтэн нойртой амрах үе ховор гарна. Тийм үед бясалгал хийх нь амралт болдог юм. Би спортоос гадна урлагийн мэдрэмжтэй байхыг хүсдэг. Үндэсний хөгжмийн зэмсгүүдээс лимбэ сайхан аялгуутай. Чөлөөт цагаараа төгөлдөр хуур, лимбэ тоглож, зураг зурах дуртай. Миний элэнц өвөө лимбэ сайхан тоглодог байсан гэдэг. Тиймээс уламжлалыг нь үргэлжлүүлэхийн тулд тоглож сурсан. Ширээний ард олон цаг бэлтгэл хийсний дараа зураг зурж алжаал тайлах таатай санагддаг шүү.
-Ганцаараа зүтгээд зорьсондоо хүрдэг тамирчин хаана ч байхгүй. Гэрийнхний тань тус дэм амжилтаас атгахад их нөлөөлсөн байх?
-Манайхан намайг шатрын клубт хичээллэх үеэс өнөөг хүртэл дэмжиж ирсэн. Түрүүлэхэд баярлаж, хожигдоход хамт сэтгэлээр унаж спортын жаргал, зовлонг хуваалцаж яваа. Ээж надаас ч илүү тэвчээртэй. Хөлгийн ард хэдэн цаг сууж тоглосонч хүлээдэг. Миний тоглохыг харсаар байгаад анхны мэдэгдэхүүнтэй болчихсон. Тэмцээний үед өрөг дээрх нүүдлийг хараад ямар тоглолт өрнүүлснийг гадарладаг юм. Гадаадын тэмцээнд оролцох бүрт аав, ээж зардлын мөнгө зохицуулдаг. Заримдаа гадаадын томоохон тэмцээнд оролцоход 20 сая төгрөг зарцуулах тохиолдол бий. Байрлах буудал, хоол хүнс, бэлтгэл хийхэд өртөг багагүй зарцуулна. Гэрийнхэн минь хөдөлмөрлөж олсон мөнгөө өөртөө зарцуулахаас илүү миний амжилтын төлөө зориулдаг. Дараагийнх нь тэмцээний зардалд нэмэрлэнэ гээд хадгалчихна. Би гэрийнхнээсээ ганцаараа шатар тоглодог. Аав, ээж эдийн засагч мэргэжилтэй. Эгч математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуулийг төгссөн. Би математик, физикийн хичээлд дуртай. Шатар тоглоход ухаан зарцуулдаг тул дүрслэн бодох ур чадвар сайн хөгждөг. Шатарчид эзэмшсэн мэргэжил, ажиллаж буй салбартаа амжилт гаргаж, байгууллага, хамт олноо манлайлж удирдах нь цөөнгүй.
-“Олонлог” сургуулиас төрсөн анхныдэлхийн аварга цолтон боллоо. Тус сургуулийнхан таныг хэр ойлгож, дэмждэг бол?
-Би өмнө нь Чингэлтэй дүүргийн 23, “Гэгээрэл” сургуульд сурч байгаад “Олонлог” руу шилжсэн юм. Төгсөх ангид дэвшсэн болохоор хичээлдээ анхаарал хандуулахаар тус сургуулийг сонгосон. Ямар ч спорт тамирчдаас залуу насандаа амжилт гаргахыг шаарддаг. Ирэх сард Шри Ланкаулсад болох Азийн АШТ-д оролцоно. Тиймээс зарим зүйлийг хойш тавьж, зорьсондоо хүрэхээр хичээж байгаа. Би программист мэргэжилтэй болохыг мөрөөддөг. Манай сургуулийн удирдлага, багш нар, ангийн нөхөд намайгсайн дэмждэг. Тэмцээнд явахад амжилт хүсэж, ирэхэд баяр хүргэж угтдаг юм.
-Та шатар сонирхогчдын ДАШТ-д хоёр дахь удаагаа оролцлоо. Өмнө нь жил Туркийн Анталья хотод болоход оролцсоныг санаж байна.
-Тэнд болсон ДАШТ-д V байр эзэлсэн. Тэнд Казахстаны шилдэг тамирчинтай таарахдаа хоёр хүү, өргийн байрлалаар илүү хэрнээ их бодож, цагаа үрж, улмаар яарсандаа алдаа гарган хожигдсон юм. Шатарчдын амьдрал, хувь заяа, карьер тоглолтын хөлөг дээр өрнөдөг. Нэг л нүүдэл буруу хийвэл бүх зүйлээ алдахад ойрхон. Тиймээс тоглолт өндөрлөсний дараа ялж, ялагдлаа гэж бодох ёстой. Антальяд болсон тэмцээн надад олон зүйлийг ухааруулж, шилдгүүдийн нэг болохын тулд хөдөлмөрлөх ёстойг ойлгуулсан. Надад тэр үед туршлага, сэтгэлийн хат дутсан тал бий. Томоохон тэмцээний өмнө тэнд гаргасан алдаа, дутагдал маань бодогддог. Миний хувьд ямар ч тэмцээнд оролцсон тоглолтынхоо төгсгөлийг төгс байлгахыг хичээдэг. Дэлхийн алдартай шатарчдаас Магнус Карлсены тоглолт хамгийн сонирхолтой. Тэрбээр энгийн хэрнээ өвөрмөц тоглолт өрнүүлж, өрсөлдөгчдөө буулгаж авдаг.
-Азийн АШТ-д шатрын төрөл бүрээс медаль хүртсэн байх аа?
-Би Азийн АШТ-ээс алт (блиц), мөнгө (рапид), хүрэл медаль (стандарт төрөлд) хүртсэн. Тэр тэмцээний үндсэн тоглолтын сүүлийн өрөгт Хятадын тамирчныг хожиж, медалийн болзол хангах маш хүнд байлаа. Бидний тэмцээн эхнээсээ сонирхолтой өрнөсөн ч нэгэндээ амархан ялагдах тоглолт байгаагүй. Миний дотоод, гадаадын тэмцээнээс гардсан шагналуудад алт, хүрэл медаль олонбий.
-Та ч гэсэн тамирчны амьдралаар замнаж яваа. Спортод үлдэх үү, явах уу гэсэн сорил, шалгууртай бишгүй тулгарсан байлгүй.
-Тамирчин хүн байнга сорил дунд амьдардаг. Халширч, буцмаар зүйлтэй цөөнгүй таарна. Дардан замаар амжилтад хүрдэг тамирчин байдаггүй. Миний хувьд амьдралын олон сорилттой тулгарсан ч шатраас холдохгүй. Хөлгийн ард хааяа халшрах бодол төрдөг ч зорилгоо бодож урагшилсан. Монголд шатрын шилдэг тоглогч олон бий. Тэдэнтэй өрсөлдөж, медаль хүртэх амаргүй. Олонх нь багаасаа мэргэжлийн багшийн удирдлагад хичээллэж, ур чадвараа ахиулсан байдаг. Надад УАШТ-ий хүрэл медаль үнэ цэнтэй ирсэн. Эмэгтэй тамирчдаас Дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзулын амжилтаар бахархаж хүндэлдэг. Тэрбээр өсвөрийн шатарчдаас хоёр дахь удаагаа дэлхийн аварга боллоо.