Соёлын яам, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран “Уур амьсгалын өөрчлөлт” гэрэл зургийн үзэсгэлэнг өчигдөр нээлээ.
Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий нийтийн өмнө нэн тулгамдсан асуудлын нэг болоод буй . Үүний улмаас цаг агаар эрс дулаарч, мөнх цас, мөсөн голууд хайлж, далай тэнгисийн усны түвшин нэмэгдэн, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа . Ялангуяа хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан агаар дахь хүлэмжийн хийн агууламж эрс ихсэж, дэлхийн гадаргын агаарын температур сүүлийн 200 жилд буюу 1850-иад оны дундажтай харьцуулахад 1.1 градусаар нэмэгджээ. Монгол Улс нь газар зүйн байршил, уур амьсгалын нөхц өл, эдийн засгийн салбаруудын бүтэц,
хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалж уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг орнуудын нэгт зүй ёсоор багтаж буй билээ. Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар нь байгаль, цаг агаараас ихээхэн хараат эдийн засгийн салбаруудад үзүүлэх эрсдэл, дарамтыг улам нэмэгдүүлж, хөрс, бэлчээр доройтон цөлжих, ой мод түймэр, хортон шавжид өртөх, байгаль, цаг агаарын аюултай үзэгдлийн давтамж, эрчим, хамрах газар нутгийн хэмжээ нэмэгдэхэд шууд нөлөөлж байна. “Уур амьсгалын өөрчлөлт” үзэсгэлэнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны гишүүн болон чөлөөт гэрэл зурагчдын 50 бүтээлийг дэлгэжээ. “Соёлын бүтээлч сар”- ын хүрээнд дэлгэсэн эл үзэсгэлэн энэ сарын 19 хүртэл Монголын театрын музейд үргэлжилнэ. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр манай оронд нүүрлээд буй цөлжилт, бэлчээрийн доройтол, байгалийн гамшиг, цаашлаад тэдгээр нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг гэрэл зурагчид дурандаа буулгасныг уг үзэс гэлэнгээс үзээрэй.
Бэлтгэсэн А.Тайшир