-Дэлхийн аварга болсон танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Энэтхэгийн Шинэ Делид анх хөл тавьсан тэр өдрийн дурсамжаар ярилцлагаа эхэлье.
-Шинэ Делихүнам ихтэй, цаг агаарын хувьд халуун уур амьсгалтай, том хот санагдсан. Тэмцээнд оролцохын өмнө БНСУ-ын нисэх онгоцны буудалд Л.Батсуурь ахтай таарч, танилцсан минь амжилт гаргах сайхан дурсамжийн эхлэл байв. Бидний зорих зүг нэг байсан нь тун сонирхолтой. Тэнд болсон эрдэм шинжилгээний хуралд оролцохдоо байрлах буудал, хоол хүнс гээд олон зүйлээр тус хүргэсэн. Дэлхийн аваргад улс бүрээс жин болгонд 20 тамирчин өрсөлдөхөөр дасгалжуулагчтайгаа ирсэн байхыг хараад Төрийн далбаагаа бариад ганцаараа зогсох надад эхэндээ эвгүй санагдаж байлаа. Эх орноо төлөөлж, тив, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөд тэрбээр түшиг тулгуур болж, тэмцээн өндөрлөтөл миний дасгалжуулагч, сэтгэл зүйчээр ажилласан юм.
-Шилдгүүдийг илүүрхэж, алтан медаль хүртэх мөчид олон зүйл бодогдов уу?
-Нэг жинд өрсөлдсөн ОХУ-ын тамирчнаас 20 гаруй тоогоор илүү өргөж түрүүлэхдээ өөрийгөө дайчилж, хөдөлмөрлөснийхөө үр дүнг харуулсан. Аваргыг ялж, аварга болох надад амар байгаагүй. Тэнд 68 кг-ын жинд өрсөлдсөн тив, дэлхийн шилдгүүдийг ялж, түрүүлсэн шинэ танил нь би байлаа. Тэд намайг түрүүлнэ гэж төсөөлөөгүй. Аваргын төлөө Энэтхэг, ОХУ-ын тамирчинтай өрсөлдөхөд хүч нь цуцаж, гийрээ алдаж унагахад нэг л тамирчин тэсвэр хатуужлыг харуулж үлдсэн нь Монголынх байв. Мөнгөн медаль хүртсэн тамирчинтай өмнө нь “Цагаан шөнө” олон улсын тэмцээнд аваргын төлөө өрсөлдөж ялсан юм. Тэрбээр миний жинд оролцсон тамирчдаас хамгийн хүчтэй нь. Би хойд хөршийн шилдгүүдээс Иван Марковын тэмцээний бичлэгийг үзээд өөртөө зорилго тавьсан юм. Түүний техник маш цэвэрхэн. Амжилт, ур чадвараас гадна бие бялдраа гийрээр өв тэгш хөгжүүлсэн хичээл зүтгэлээр нь бахархдаг. Амжилт гаргахад сахилга бат, тууштай хичээл зүтгэл, техникийн дагуу бэлтгэл хийх нь чухал. Төрийн дууллаа эгшиглэхэд өвөг дээдсийн минь халуун амиараа хамгаалж, хойч үедээ үлдээсэн эх орон, тусгаар тогтнол, газар нутаг нүдэнд харагдах шиг болсон. Тэр үед Монголын цэрэг эх орныхоо нэрийг дэлхийд гаргахгүй бол хэнгаргах билээ гэх бодол төрж байв.
-Армийн амьдрал амаргүй. Тэсвэр, хатуужилтай байхыг орчин нь шаарддаг. Аавын хөвгүүд алба хаадаг ч спортын талбарт тамирчин болж үлдэх нь ховор шүү дээ.
-Надаас илүү амжилт гаргах эрчүүд армид бий. Энэ удаа зардал мөнгөний асуудлаас болж олон тамирчин тэмцээнд оролцоогүй. Би аав, ээжийнхээ автомашиныг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж, Энэтхэгийг зорьсон. Амжилт гаргахад зориг, зорилго минь намайг хөтөлсөн гэж боддог. Монгол Улс ямар тамирчидтайг үзэгчид надаар төлөөлж харах тул ялагдах эрх байгаагүй. Тэнд Буджавын бус, Монголын нэр гарах болохоор өөрт байгаа бүх хүчээ дайчилж гаргасан. Намайг дэлхийн аварга болоход гадаадын олон хүн “Чингисийн хүү” гээд баяр хүргэхэд өвөг дээдсээрээ бахархаж зогссон. Тамирчид хилийндээс алхаад л улсынхаа нэрийг өндөрт өргөх үүрэг, хариуц лага нуруундаа үүрдгийг энэ удаа их мэдэрлээ. Эх орон, эцгийнхээ нэрийг дуудуулж аваргын алтан цом гардах мөч амьдралд минь тохиосон хамгийн сайхан нэгэн баярт агшин байв. Дэлхийн шилдгүүдийг ялсны дараа “Би зорилгынхоо нэгээхэн хэсгийг биелүүлж, Монголынхоо тамирчдад амжилтын жимийг түрүүлж гаргалаа” гэж өөртөө хэлсэн.
-Дэлхийн аваргын хоёр төрөлд түрүүлэх боломж тамирчин бүрт тохиодоггүй. Шинэ Делигийн дэвжээ танд ивээлээ харамгүй хайрласан мэт санагдлаа.
-Энэтхэгийн Шинэ Делихот Монголын тамирчдад ээлтэй санагдсан. Чөлөөт бөхийн тамирчдаас З.Ойдов гуай тэнд дэлхийн аварга болсон түүхтэй юм билээ. Би сүсэг бишрэлтэй. Тэнд залсан бурхан багшийн хөрөг дүрийг хараад хүслээ шивнэж залбирсан. Миний хувьд ДАШТ-ий нэг төрөлд оролцох мандаттай явсан. Түлхэлттэй өргөлтөд алтан медаль хүртсэний дараа Л.Батсуурь ах “Чи огцом өргөлтийн төрөлд оролцооч” гэлээ. Зардал, мөнгөнөөс шалтгаалж нэг л төрөлд өрсөлдөхөөр ирснээ хэлэхэд “Ах нь мандатны мөнгө төлье. Чи өрсөлд” гэснээр оролцож, 10 минутад 119 удаа өргөж түрүүлсэн. Би дэлхийн аварга цолыг ганцаараа хөдөлмөрлөж хүртээгүй. Надад тусалсан олон хүн бий. Тэдний итгэл найдвар, сайхан сэтгэлийн хүчинд амжилт гаргасан.
-Та тамирчны гараагаа хүчний спорт пауэрлифтингээр анх эхлүүлсэн юм билээ.
-Тийм ээ, хичээллэж байхдаа нуруундаа гэмтэл авч, түр завсарласан. БХИС-д 2017 онд элсэхдээ гийр, олс таталтаар хичээллэж, спортындэд мастер цолны болзол хангасан юм. Оросын I Петр хаан XVII зууны үед нүүдэлчдийн дайралтаас улсаа хамгаалахын тулд тариачдаа гийртэй нөхөрлүүлсэн нь хожим үндэснийх нь спортын нэг төрөл болж хөгжсөн түүхтэй. Гийр спортын төрлүүдийн үндсэн суурь болдог тул Европын орнуудад өндөр хөгжсөн, тэр хэрээр өрсөлдөгч олонтой. Оросын тамирчдын амжилт гаргадаг нууц нь ерөөсөө гийр. Тэд хичээллэдэг спортынхоо үндсэн дасгалуудыг гийртэй хослуулж, тэсвэр, хурд, хүчээ ахиулдаг. Европчуудын урт насалдаг нь үүнтэй холбоотой. Хүмүүсийн эмийн санд дугаарлаж зогсохынгол шалтгаан нь стресс, зохисгүй хооллолт, хөдөлгөөний дутагдал юм. Өөртөө санаа тавиад спортоор хичээллэвэл эрүүл амьдарна. Гийрийн спорт өртөг багатай. Хаана ч хичээллэх боломжтой. 16 кг-ын туухай авчраад байгууллагынхаа өрөөнд хамт олноороо хичээллэж болно. Мэргэжлийн тамирчин болдоггүй юм гэхэд бие бялдраа өв тэгш хөгжүүлж, зөв хүн болж төлөвших нь чухал.
-Казахстаны Астанад өнгөрсөн тавдугаар сард болсон Азийн АШТ-ээс хошой мөнгөн медальтай ОХУ-ыг зорьсныг тань өмнө сонссон л доо.
-Азийн аваргад түрүүлэхэд нэг л алхам дутсан. Хошой мөнгөн медаль надад алдаагаа засаж, өмнөхөөсөө илүү хичээх ёстойг ойлгуулсан юм. Тиймээс амжилт гаргахын тулд системтэй бэлтгэл хийх нь чухал байв. Иртэй хутга ишээ хурцалдаггүй гэдэг үг бий. Тэндээс Орост ирснийхээ маргааш Гавьяат дасгалжуулагч Г.Үүрцолмон, мөн Азийн аварга Н.Мадигайым, Г.Цолмонхүү ах нартай холбогдож, зөвлөснийх нь дагуу бэлтгэлээ үргэлжлүүлсэн. Миний сурдаг сургуульд туухай өргөлтийн АШТ болоход оролцож, хүрэл медаль хүртэхэд үзэгчид “Чи Казахстан, Киргиз, Тажикистаны тамирчинуу” гэж асуухад “Би Монголын иргэн. Энэспортоор өмнө нь хичээллэдэг байсан юм” гэхэд ихэд гайхаж байлаа. Тэмцээн үзэж суусан Машенько Александр багш “Чамд хурд, хүч, тэсвэр байна. Одоо техниктээ анхаарал хандуулж, сайжруулах хэрэгтэй” гэж зөвлөсөн. Түүнээс хойш бэлтгэлээ техникийн дагуу системтэй хийж эхэлсэн. Оросын хойд бүсийн АШТ-д хүч сорьж, хүрэл медаль гардахдаа Дэлхийн гийрийн холбооны спортын нарийн бичгийн дарга Валентин Егоровтой танилцсан юм. Тус тэмцээний дараа нь Казахстаны Астанад болсон, Азийн АШТ-д өрсөлдөхдөө түүнтэй дахин таарахдаа сургуулиасаа чөлөө авч, тэмцээнд оролцсон тухай өгүүлэхэд тэрбээр “Санкт-Петербург хотод “Цагаан шөнө” олон улсын тэмцээн болно. Чи оролцооч. Чамайг дэмжиж, тэмцээнд оролцох зардлыг чинь даая” гэж санал тавьснаар анх удаа аварга болж, урам их авсан.
-Таныг дэлхийн аварга болтол хурцалж, урагшлуулсан хүн хэн бэ?
-Ээжийг минь З.Чанцал, аавыг минь С.Энхбаатар гэдэг. Биайлын дунд хүү. Намайг зөв хүмүүжиж, амжилт гаргахад нөлөөлсөн хүн бол ээж. Гурван хүүгээ багаас нь бие даалгаж, хар бор ажил хийлгэн, амьдралын ухаанд сургасан. Бидний хэн нь ч архи, тамхи хэрэглэдэггүй. Хүүхэд байхдаа зуны амралтаар Говь-Алтай аймаг дахь өвөөгийндөө хонь хариулж, адуу манахаас өгсүүлээд монгол ахуйтай ойр өссөн. Манайх “Алтайнговь” нэртэй мах, сүү, цагаан идээ худалддаг дэлгүүртэй. Хотын дүүрэг бүрээс сүү, тараг, ааруул авах гэж манайхыг зорьж ирэх хүн олон. Бид ээжийнхээ цагаан идээ боловсруулах ажилд тусалж ирсэн болохоор үндэснийхээ ахуйн соёл, ёс заншлаас чамгүй суралцсан. Сүү хөөрүүлэн, тараг бүрж, ааруул хийх нь бидний хамгийн сайн хийж сурсан ажил. Би тэмцээнд оролцох бүртээ ээжийнхээ зэхсэн борц, ааруулыг авч явдаг. Энэтхэгчүүд манайхантай шашин нэгтэй ч хөгжил, хоол хүнс, ахуй соёлоороо өөр. Тэндхийн халуун ногоотой хоол, цай хоолойгоор давахгүй юм билээ. Тэмцээнтэй өдрүүдэд ээжийнхээ өгсөн ааруулыг идэж байгаад ирсэн. Орос найзууд минь очих бүрт ээжийн хийсэн ааруулыг сонирхож идсээр байгаад сүүлдээ захиж, нэхдэг болсон.
-Дэлхийн аварга болтлоо тууштай хичээллэхийг бодоход аав, ээж тань дэмждэг бололтой.
-Манайхан намайг хурцалж, ДАШТ-д оролцох эрч хүч, урам зориг өгсөн. Ээж дайчин зантай, магтаалын үгэнд харам. Тиймдээч биднийг эрхлүүлж өсгөөгүй. Армийн АШТ-д түрүүлэхэд магтаж, хөөргөдөггүй. Гэртээ медальтай ирэхэд бэлгэшээн сүүгээр мялааж, ундаагаар шагнадаг юм. Ээжийн тэр хүндлэл том шагнал болдог сон. Шагналтай ирсэнхүү аав, ээждээ үнсүүлж, ажилд нь туслахаар дэлгүүрийнхээ шалыг угаагаад эхэлнэ шүү дээ. Ахыг минь Э.Дашбат гэдэг. ХААИС-ийг улаан дипломтой төгссөн. Дүү Э.Сумъяабазар тамирчин. Дотоод хэргийн сургуулийн I курсийн оюутан. Тэрбээр үндэсний бөх, жүдо, самбогоор хичээллэдэг. Жүдогийн өсвөр үеийнхний УАШТ-ий мөнгө, хүрэл медальтай. Миний хувьд цэргийн сургуульд долоо дахь жилдээ сурч байна. Бид аав, ээжийнхээ сургаснаар даруу занг эрхэмлэж өссөн. Ахын, бас тамирчны хувьд дүүдээ спортоор хэрхэн зөв хичээллэж, амжилт гаргах тухай зөвлөдөг.
-Хэдийгээр өрсөлдөгч ч гэлээ тамирчид нэгнийхээ давуу талаар бахархаж, нөхөрлөлийн хүрээгээ тэлдэг. ДАШТ-д оролцоод хэр олон найзтай болов?
-Намайг түрүүлэхэд Энэтхэгийн тамирчин хамгийн түрүүнд баяр хүргэж, урам хайрласан. Бид тэмцээн өндөрлөсөн тэр цагаас байнга холбогдож, бэлтгэл сургуулилалтынхаа талаар зөвлөж ярилцдаг. Тэрбээр нээлттэй зантай. Бэлтгэлийнхээ бичлэгийг өдөр бүр илгээж, алдаа дутагдлынхаа талаар асууж, санал бодлоо хуваалцдаг юм. ДАШТ-д оролцсоны дараа нөхөрлөлийн хүрээгээ тэлж, нэгнээ ойлгодог сайн найзуудтай боллоо. Бид нэгнийхээ улсад энэ спортыг сурталчилж, хойшид хамтарсан бэлтгэл хийх талаар ярилцаж байгаа.
-Сургуулиа төгсөөд Монголдоо эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах уу?
-Монголдоо хойшид эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах зорилготой байгаа. ДАШТ-д оролцохын тулд сургуулийнхаа удирдлага, багш нараас чөлөө авсан тул хичээлдээ анхаарал хандуулна. Бигийрээс гадна спортын олон төрлөөр хичээллэх дуртай. Бөхийн төрлүүдээс самбог сонирхож дүүгийнхээ бэлтгэл хангагч болдог. Түүнтэй барилдсанч ихэнхдээ унадаг. Тамирчны хувьд Н.Чинзориг, А.Амарсүрэнбагш нараасаа багагүй зүйл сурсан. Тэд тамирчин хүн ямар байх ёстой, спортын гарааг хэрхэн эхлүүлж, тэсвэр хатуужлаас суралцан, амжилт гаргаж болдгийг надад анх заасан юм. Намайг дэмжиж, сайхан сэтгэлээр тус болсон хүмүүсийн ач тусыг амжилтаар хариулж, бэлэг барьсандаа баярлаж байгаа. Эх орондоо хөл тавиад нэг зүйлийг маш сайн ойлгосон. Тэр зүйл бол өвөг дээдсийнхээ өвлүүлж үлдээсэн эх орноо иргэн бүр хайрлан, хамгаалж, монгол хүний хүч, хурд, эр зориг, хатуужил тэсвэр, сэтгэлийн тэнхээг дэлхийд таниулах үүрэгтэйгээ ухаарлаа. Энэ ташрамд, тэмцээнтэй өдрүүдэд байнга холбогдож, сэтгэл зүрхээр дэмжсэн БХЯ-ны гадаад харилцааны мэргэжилтэн, дэд хурандаа Б.Ширнэн, Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ, Ажиллагаа удирдлагын газрын орлогч дарга Ц.Батсайхан, Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ж.Молорболд, ахмад Болорхишиг болон хамт олондоо аваргын цом, хошой алтан медальтай ирэхэд халуун дотно угтаж авсанд баярлаж талархсанаа илэрхийлье.