Б.БРЕХТ ХИЙГЭЭД ТҮҮНИЙ
“СЫЧУАНИЙН САЙН ХҮН”
ХХ зууны эхэн хагаст уран бүтээлээ туурвиж явсан Германы зохиолч Бертольт Брехт нь чадварлаг зохиолчоор зогсохгүй дэлхий дахины театрын урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, хувьсгал хийсэн эрхэм юм. Тодруулбал, Б.Брехт нь туульсын гэж нэрлэдэг эпос театрын тухай ойлголтыг үндэслэгч. Өдгөө Б.Брехтийн туульсын театр дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн нэр томьёо болжээ. Арван зургаатайдаа уран бүтээлчийн гараагаа шүлэг, яруу найргаар эхэлж, улмаар зохиолч, тэр дундаа жүжгийн зохиолч, яваандаа найруулагч, цаашлаад театрын шинэ арга зүй боловсруулагч болсон түүний туулж өнгөрүүлсэн амьдрал уран бүтээлд нь ихээхэн нөлөөтэй байсныг өдгөө судлаач, шүүмжлэгчид дуу нэгтэй баталдаг. Түүний туульсын театрын арга барилаар бүтээсэн хамгийн алдартай жүжиг бол “The good person of Szechwan” буюу “Сычуанийн сайн хүн” хэмээх бүтээл нь юм. Олонх судлаач, шүүмжлэгч уг жүжгийг “Үзэгчдийг сорьж чаддаг” гэж онцолдог. Эл жүжгийн үйл явдал дэлхийн нэгдүгээр дайнаас хоёрдугаар дайны хооронд Хятад улсад өрнөдөг. Б.Брехт уг жүжигт Хятадын театрын урлагийн зарим уламжлалыг шингээсэн гэж ч үздэг байна.
НАЙРУУЛАГЧИЙН ДЕБЮТ
“Сычуанийн сайн хүн” жүжгийг Э.Ёндоншарав найруулна. Тэрбээр өмнө нь УДЭТ-ын тайзнаа Ардын жүжигчин А.Очирбатын “Буруугүй буруутан”, Грекийн Афин хотод Еврипидийн “Электра”, ОХУ-ын Москвад М.А.Булгаковын “Морфий”, Украин улсад М.Камолеттийн “Бойнг Бойнг”, Завхан аймагт “Жангар” жүжгийн ерөнхий найруулагчаар ажилласан. Мөн Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны ассистент найруулагчаар ажиллаад буй. Харин “Сычуанийн сайн хүн” жүжиг бол түүний ОХУ-ын ГИТИС буюу Театрын урлагийн академийг дүүргэснээсээ хойш найруулж, үзэгчдэд хүргэх эхний уран бүтээл. Тэрбээр “Б.Брехтийн жүжиг үнэнээс чухам үнэнийг шигшин үзүүлдэг. Уран бүтээлчдийг хамтран үнэний эрэлд мордох сэдэл өгч урин, дууддаг. Тийм учраас тайзны уран бүтээл нь гүн ухаан, цаг хугацаа орон зайн нэгдэлд үзэгчийг аваачин аялуулдаг онцлогтой” гэж онцолсон.
ГИТИС-ИЙН ХАМТРАГЧИД
Жүжгийн ерөнхий зураачаар ажиллахаар ОХУ-ын Москва хотоос театрын зураач Анна Гребенникова иржээ. Тэрбээр тус жүжгийн ерөнхий найруулагч Э.Ёндоншаравын хамт ОХУ-ын ГИТИС буюу Театрын урлагийн академийг дүүргэж, гар нийлж даджээ. Өнгөрсөн хугацаанд тайзны 10-аад уран бүтээлд ажилласан туршлагатай бүсгүй аж. Нэг үгээр Э.Ёндоншарав найруулагч өөрийнхөө ертөнцрүү найзынхаа зассан “гүүр”-ээр үзэгчдээ өнгийлгөх нь. Ёжтой нь Хятадад болж буй үйл явдлыг Германы зохиолч бичсэнийг монгол найруулагчийн дэглэлтээр, Оросын зураачийн урласнаар харна. Ташрамд дурдахад, Монголын театрын урлагт Б.Брехтийн жүжгийг анхлан хүргэж буй явдал энэ биш. Тодруулбал, 1972 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Галсанжавын найруулгаар “Эхийн сэтгэл”, 1988 онд Ардын жүжигчин Б.Мөнхдоржийн найруулгаар “Галилейн амьдрал” жүжгийг Монголын үзэгчдэд толилуулж байв.
ЮУ Ч ҮГҮЙ, БАС ЮМ БҮХЭНТЭЙ ТАЙЗ
Жүжгийн үйл явдал Сычуань мужийн нэгэн хотод өрнөнө. Энэ хотод ард иргэдийн гомдол цөхрөл, мөлжлөг тасраагүй бөгөөд хүн төрөлхтөн хүнлэг ёс, нинжин сэтгэлээ аль эрт алджээ. Ядуусын хороололд нь Шэн Ти гэх бүсгүй аж төрнө. Харин яагаад тэрбээр хайрт залуу Ян Сунаа орхин, өөр хүний буюу Шуй Та гэгчийн дүрд тоглон, зүсээ хувиргасныг хэн ч гадарлахгүй. Жүжгийн зохиолыг хүүрнэх бус, бүтээх үйл явцыг сонирхуулдаг нь “Бага тайз” булангийн онцлог. Тиймээс зохиолоос эш татах биш, найруулагчийн шинээр “төрүүлэх” жүжгийн зарим онцлогоос сонирхуулъя.
Хонх гурвантаа дуугарснаар жүжгийн сургуулилалт эхэллээ. Жүжигчид хэдийн хувцас, хэрэглэлээ өмсөж, бэлэн болжээ. Найруулагч, түүний багийнхан, гэрэл, дууны техникчид, тайзны зураач, мужаан, туслах ажилчид ч байраа эзэлжээ. Сургуулилалт нэлээд жигдэрч, үзэгчдэд хүргэхэд ойртсон нь харваас илт. Тайз засалчдын ажил шувтарч, оёдолчид дүрүүдийн “хачин” хувцаснуудыг урлаж дуусжээ. Жүжиг эхлэхтэй зэрэгцэн “Биднийг ёстой л ядуусын хорооллоор аялуулах нь” гэсэн бодол төрсөн. Үзэгч өөрөө ч таар углаад, таягтай өвгөний хажууд оччихмоор тийм ойрхон, бас үнэн мэт. Тас хар тайз, хоосон, бас цулгуй. Тэнд жүжигчид жижиг хэрэглэлээрээ тайзаа бэлтгэж тоглоно, өөрсдөө зөөнө, хураана. Бас бидний нүдэнд энгийн л хог мэт харагдах зүйлс энд тайз болчихож.
БАРАГ Л МАСТЕР ХИЧЭЭЛ
Эл жүжгийг Монголын үзэгчдэд хүргэх сураг гарсан даруйд гол дүр Шэн Тийг хэн бүтээх бол гэсэн таамаг театрын урлаг сонирхогчдын дунд хөвөрсөн. Харин найруулагч Э.Ёндоншарав жүжигчин Т.Хуланг сонгосон. Шэн Тид “хувирах” жүжигчин Т.Хулан 2014 оноос дэлгэцийн уран бүтээлд түлхүү ажилласан бөгөөд эл дүрээр УДЭТ-таа эргэн ирж буй. Харин түүний сэтгэлт хархүү Ян Сунд жүжигчин Н.Ялалт тоглоно. Ян Суны ээж хатагтай Янд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд тоглохюм. Найруулагч Э.Ёндоншарав “Би үүнээс хойш дахиад хэдэн жүжиг найруулахаа хэлж мэдэхгүй. Харин ганц л зүйлийг бат нот хэлж чадна. Би жүжиг бүртээ Н.Сувд багшийг урьж тоглуулна” гэсэн. Хамгийн сүүлд Л.Толстойн “Анна Каренина” жүжигтээ Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар түүнд Анна Каренинагийн сэтгэлийн зөрчлийг илэрхийлэх уран сайхны дүрийг оноосон. Тэрбээр ч эл сонирхолтой, сэтгэл хөдөлгөм дүрийг торгон “шагласан”. Харин “Сычуанийн сайн хүн”-д тэрбээр муу хүн “болно”. Залуу уран бүтээлчид болон үзэгчдийн хувьд түүнээс мастер хичээл авах боломж болов уу.
“Сычунийнсайн хүн” жүжгийн бусад дүрд Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Ж.Пүрэвдорж, Б.Эрдэнэцэцэг, О.Гэрэлсүх, Г.Отгонцэцэг, М.Тогтохжаргал, Д.Мөнх-Од, О.Долгор, Д.Хосбаяр, Г.Алтангэрэл, Г.Номуун, Б.Шинэбаяр, Б.Бат-Өлзий, Г.Ганбат, Ц.Төгсбилэгт, Т.Анхзул, Б.Ганзориг, И.Дашнамжил, Д.Хулан, С.Есүй, Л.Дөлгөөнмөрөн, А.Эрдэнэтөгөлдөр нарын туршлагатай уран бүтээлч болон залуу жүжигчид хамтран тоглох юм. Тэдний авьяас, ур чадвараар дамжуулан нийгмийн давхаргын ялгаа, хүмүүсийн мөн чанар, хайр дурлал, үзэн ядалт, үхэл зэрэг амьдралд туулж болох бүх л мэдрэмжийг нэг уран бүтээлээс мэдрэх нь.
ДАВХЦАЛ
“Сычуанийн сайн хүн” жүжгийн ерөнхий продюсероор Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу, уран сайхны удирдагчаар Ардын багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг нар ажиллаж буй. Түүнчлэн зөвлөх найруулагчаар Ардын жүжигчин Б.Мөнхдорж, хөдөлгөөний найруулагчаар Г.Ган-Очир, ассистент найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Пүрэвдорж, туслах найруулагчаар Г.Мөнхжаргал нар хамтарч байна.
Арван үзэгдэлт эл жүжиг эхлэхэд л Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд “Намайг Н.Сувд гэдэг. Би энэ жүжгийн хатагтай Ян гэж дүрд тоглоно. Одоо би тоглож эхэллээ шүү” гэж өөрийгөө болон бусад уран бүтээлчийг танилцуулсан. Өөрөөр хэлбэл, үзэгчдэд “Энэ бол жүжиг. Одоо бид жүжиглэж эхлэх гэж байна” гэдгээ тунхаглачихсан. Нэгэнт үзэгчдэд ингээд зарлачихаар тайзан дээр юуг ч юугаар орлуулж, хэн ч яаж ч хувирсан зөвшөөрөгдөх мэт санагдсан. Найруулагч Э.Ёндоншарав “Би эл жүжгээрээ “хэрэлдмээр” байна. Миний эмзэглэл Б.Брехтийн эл зохиолтойяг л давхацчихсан. Хүмүүс их сонин. Зөөлөн нэгнийгээ ашиглана, даварна, улам дээрэлхэнэ. Тэгэх тусам нөгөө хүн “байхгүй” болж эхэлдэг. Харин тэгэхгүйн тулд өөрийгөө бодох, өөрийгөө хамгаалах гэвэл хатуу хүн гэлцэнэ. Ингээд бодохоор хүн өөртөө ч, өрөөлд ч сайн хүн байх хэцүү. Яг л энэ талаар эл зохиолд өгүүлдэг. Театрт уран санаа илэрхийлэх ёстой болохоос биш, гоёчилж харуулах шаардлагагүй. Миний жүжгийн гол онцлог нь авсаархан шийдэл, хоосон тайз. Москвад байхдаа “Чайка” жүжиг үзсэн юм. Гэтэл тайзан дээр Олег Павлович Табаков гэж алдарт жүжигчнийг гарч ирэхэд үзэгчид нижигнэтэл алга ташсан. Сонгодог жүжгийн дундуур. Тэгэхэд л бодсон юм. “Нэгэнт үзэгчид театрт жүжиг үзэхээр ирдэг. Тэгэхээр тэдэнд жүжигчнээр нь жүжиг үзэхээр ирснийг нь хэлүүлж, жүжиглэж эхэллээ шүү гээд зарлуулж яагаад болохгүй гэж. Ингэж үзэгчидтэйгээ тохиролцсон тохиолдолд заавал зохиолд дүрсэлсэн орчныг нь бүрдүүлэх гэж ядаад, үзэгчдийг үнэмшүүлэх гэж зүдээд байх шаардлагагүй”. Энэ л Б.Брехтийн онцлог” хэмээсэн.
Бэлтгэсэн А.Тайшир