Өвлийн аялал жуулчлалыг дэмжих, адууны соёлыг сурталчлах зорилготой “Талын түмэн адуу” арга хэмжээ Хэнтий аймгийн Батноров сумд энэ сарын 18-19-нд болно. Адууны соёлын өвлийн наадам тодотголтойгоор зохион байгуулах найм дахь удаагийн арга хэмжээний нээлт “Сүлдэнд мөнхөрсөн хүлэг” дууны уралдаанаар 18-нд эхлэх бол гол үйл ажиллагаа нь хоёр дахь өдөр болох аж. Тодруулбал, 19-нд “Шургуу-2022”, “Талын гөрөөчин”, эмнэг булгиулах, сээр цохих, сайхан морьтой хос шалгаруулах тэмцээн явуулах нь. Мөн морьд болон тайга нохдыг богино зайд уралдуулахаар төлөвлөжээ. Арга хэмжээний үеэр Тэмүүжин, Боорчийн нөхөрлөлийн, Батноров хийц-уламжлалт гар урлалын, Талын гөрөөчин-анчид зэрэг түүх, өв соёлыг сурталчлах өргөө барих гэнэ. Энэ удаагийн наадам “Тэнгэрийн андгай” цогцолбор (“Андлалын өргөө”-ний суурин дээр байгуулсан)-т болох бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар Батноров сумын ЗДТГ ажиллаж байна.