Бельгид уржигдраас эхлэн Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Ингэснээр тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэд жолооны дамжаанд суралцах хугацаа, зардлаа хэмнэх нь. Мөн улс дотор болон улс хооронд тээврийн үйлчилгээ хийх зэргээр ажил эрхлэх боломж бүрдэж буй юм байна. Манай улсад олгосон жолоодох эрхийн үнэмлэхийг аль аль оронд хүлээн зөвшөөрдгийг ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвийнхнөөс тодруулахад “Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцод нэгдсэн 85 оронд Монгол Улсад олгосон жолоодох эрхийн үнэмлэхийг хүлээн зөвшөөрдөг. Ингэхдээ тухайн улс орны хууль, тогтоомжоос хамааран харилцан адилгүй зохицуулалт үйлчилнэ. Тухайлбал, зарим оронд жолооч нарын үнэмлэхийг тухайн улсынхаар шууд сольдог. Эсвэл Монгол Улсад авсан үнэмлэхээ ашиглаж болдог. Мөн зарим улсад богино хугацааны сургалтад хамруулсны дараа үнэмлэх солих зэрэг зохицуулалт үйлчилж байна” гэв. Манай улсад өдгөө дотоодод болон олон улсад автомашин жолоодох гэсэн хоёр төрлийн үнэмлэхийг иргэдэд олгож буй билээ.