Гарамгай уран бүтээлчдийн хэмээн тодотгодог “Виртуозо гала концерт” энэ сарын 14-нд Улсын филармонид болно. “Виртүс” академиас 19 дэх жилдээ зохион байгуулж буй уг тоглолтод уригдсан хамгийн залуу хөгжимчнийг онцолъё. Түүний нэр Б.Гүен, найман настай. Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн төгөлдөр хуурын гуравдугаар ангийн сурагч. Төрөлхийн хөгжмийн авьяастай, сэтгэн бодох чадвар сайтай, гар, хурууны байдал ч төгөлдөр хуурчийн шинжтэй учир мэргэжлийн багш Г.Оюун-Эрдэнэ нь түүнийг гоцлол хөгжимчин болгох зорилго тавьжээ. Тэрбээр шавиа олон улсын хэд хэдэн цахим уралдаанд оролцуулахад дийлэнхэд нь насны ангилалдаа өндөр амжилт гаргасан аж. Мөн өнгөрсөн хавар уран бүтээлийнх нь бие даасан тоглолтыг ч хийлгэсэн байна. Б.Гүен ихэр юм билээ. Нөгөө ихэр нь тус сургуулийн хийл хөгжмийн ангид суралцдаг. Тийм болохоор тоглолтод нь тэд хамтарсан. Нэг нь хийлээр гоцолж, нөгөөх нь төгөлдөр хуураар хамсарсан нь тун догь агаад өхөөрдөм байж.
Сурагч Б.Гүен энэ удаагийн “Виртуозо гала концерт”-д хоёр жил дараалан үзүүлсэн амжилтуудаараа уригджээ. Тэрбээр өнгөрсөн онд “Mozart” олон улсын төгөлдөр хуурчдын, АНУ-д болсон олон улсын залуу хөгжимчдийн уралдаан, Монгол Улсын Консерватороос зохион байгуулсан “World music competition”-д I байр эзэлсэн байна. Энэ онд дээр дурдсанчлан уран бүтээлийн анхны бие даасан “Pianissimo” тоглолтоо мэргэжлийн багшийн удирдлагад хийсэн. Консерватороос зохион байгуулсан “И.С.Бах XXI зууны хөгжмийн өргөл” уралдаанд I-V ангийнхны ангилалд өрсөлдөн, III байр эзэлжээ. Мөн хэдхэн хоногийн өмнө Токиод зохион байгуулсан олон улсын залуу хөгжимчдийн уралдаанд IV байр эзэлсэн байна.
Олон улсын уралдаануудын шагналт сурагч Б.Гүен удахгүй болох гарамгай хөгжимчдийн нэгдсэн тоглолтод хөгжмийн зохиолч Уилльям Гиллокийн “Саран авхайг анирдахуй” бүтээлийг тоглох аж. Мэргэжлийн багш Г.Оюун-Эрдэнэ “Б.Гүен хариуцлагатай сурагч. Өдий насанд өдөрт 3-4 цаг сургуулилах тийм ч амар биш. Гэсэн ч тэр шантардаггүй. Бид хоёр өнгөрсөн зун Токиогийн уралдаанд бэлтгэсэн юм. Үр дүн нь гарлаа. Түүнчлэн дахиад олон улсын гурван уралдаанд оролцуулахаар материалыг нь илгээгээд байна. Ингэж идэвхтэй байлгах нь хөгжимчний хувьд өсөж, хөгжихөд чухал нөлөөтэй. Бие даасан тоглолт хийлгэх гэж, бас өөрөөс нь ахлах насны хүүхдүүдтэй өрсөлдүүлэхийн тулд нэлээд хүнд зохиолууд сургахад Б.Гүен түүртээгүй. Хөгжмөө байнга давтах хэрэгтэй, үргэлж бэлтгэлтэй байх ёстойг ойлгосон, өдөр тутмын хэвшил болгож чадсан сурагч. Хөгжимчний замнал сонгосон хүүхдүүдийн эцэг, эхийн анхаарал, халамжаас сурлагын амжилт нь ихээхэн хамаардаг. Б.Гүенгийн аав хоёр хүүгээ сургуульд нь тогтмол хүргэж, авч, хичээлийг нь давтуулдаг. Тийм ч болохоор хөвгүүд нь сайн суралцдаг” гэлээ.