Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааныхан “ОИСКА Монгол” төрийн бус байгууллагатай хамтран Говь-Алтай аймагт “Хүүхдийн ойжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлжээ. Энэ нь Японд төвтэй OISCA олон улсын байгууллагаас дэлхийн 50 гаруй оронд хэрэгжүүлдэг томоохон хөтөлбөр юм байна. Гол зорилго нь хүүхэд, залууст экологийн боловсрол олгох, мод тарихын ач холбогдлыг ойлгуулах аж. Одоогоор уг хөтөлбөрт Цогт сумын Баянтоорой тосгоны ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх эко клубүүдийг хамруулж буй бөгөөд сурагчид судлаач, мэргэжилтнүүдийн зөвлөгөө, тусламжтайгаар чацарганын130 ширхэг мод тарьжээ. “Хүүхдийн ойжуу лах хөтөлбөр”-ийг цаашид говийн бүс, дархан цаазат газрын хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй гэнэ.
Бэлтгэсэн Н.Буян