Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Азийн АШТ Йордан улсын Амман хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд 27 орны 181 эрэгтэй, 82 эмэгтэй тамирчин өрсөлдөж буй юм. Манай ширэн бээлийтнүүдээс “Хангарьд” клубийн Б.Төгөлдөр тоглолтын салхийг хагалан, 63.5 кг-ын жинд Палестины тамирчин Абдел Рахман Абунабыг 5:0-ээр ялав. Түүний дараагийн учраа нь Энэтхэгийн Шива Тапа. Хэрэв манай тамирчин өрсөлдөгчөө хожвол шөвгийн наймд үлдэх нь. Монголын боксчдоос дараагийн тоглолтод 54 кг-д ОУХМ Д.Ганболд Тайландын Фануват Чоожанаттай тулалдахаар дэвжээнд гарна. Түүний гол өрсөлдөгч нь Казахстаны Махмуд Сабырхан. Махмуд Сабырхан нь Азийн АШТ-ий залуучуудын ангилалд гурван удаа аваргаар тодорсон тамирчин. Мөн өнгөрсөн жилийн ДАШТ-д Японы Томоя Цүбойд ялагдаж, мөнгөн медаль гардсан. Сонирхуулахад, Азийн АШТ-тэй зэрэгцээд боксын Дэлхийн цомын тэмцээн эхэлж байна. Манайхаас эмэгтэйчүүдийн 50 кг-д Н.Оюун-Эрдэнэ, 57 кг-д М.Энхжаргал нар Украины тамирчинтай тулалдана. 60 кг-д Г.Бадмаараг Казахстаны боксчинтой өрсөлдөх юм. Эрэгтэйчүүдээс 63.5 кг-д Б.Мишээлт ХБНГУ, 60 кг-д Т.Энхтөр Австрали, О.Тулга Украины тамирчинтай учраа таарчээ.