Засгийн газраас ирэх оныг Монголд зочлох жил болгон зарлаад буй. Энэ тухай олон улсад зарлах бэлтгэл ажлыг БОАЖЯ, Соёлын яам, Монголын аялал жуулчлалын холбооныхон хамтран хангаж байгаа гэнэ. Үүний хүрээнд Монголд зочлох жилийг тодотгох үг хайж эхэлжээ. Засгийн газраас үүнд “Visit Mongolia”, “Welcome to Mongolia”, “Welcome to energytic Mongolia” гэсэн гурван хувилбар гаргасан гэнэ. 210 гаруй улс, бүс нутаг аялал жуулчлалын брэнд үгэндээ creative, discover, amazing, experience гэх зэрэг үгийг хэрэглэсэн байдаг аж. Өөрөөр хэлбэл, эдгээр нь нэгдүгээрт эзэнтэй болсон, хоёрдугаарт, давтан хэрэглэвэл хуулбарласан гэх асуудал үүсэж, олон улсын оюуны өмчийн маргаан гарах магадлалтай юм байна. Тиймээс өргөн утга, агуулгыг илэрхийлсэн, оновчтой, гадаадын жуулчдыг урин дуудах хүчтэй үгийн эрэлд төр болон хувийн хэвшлийнхэн хамтдаа гарчээ. Эцсийн шийдвэрийг Засгийн газрын түвшинд гаргах аж.
Бэлтгэсэн Р.Жаргал