-БНСУ-д “Tour de DMZ” олон өдрийн уралдаан өнгөрсөн есдүгээр сард болоход Гавьяат дасгалжуулагч Я.Баатар багшийн удирдлагад Монголын дугуйчид хурд сорисон. Үүнд та ч бас оролцсон байх аа.
-Тийм ээ. Я.Баатар багшийн удирдлагад Монголоос зургаан тамирчин өрсөлдсөний гурав нь “Аттила” клубийнх. Миний хувьд хилийн дээс алхсан хоёр дахь том тэмцээн. 2022 он надад аз, амжилт дагуулсан жил байлаа. Тажикистаны Душанбе хотод өнгөрсөн хавар болсон Азийн АШТ-ий өсвөр үе, залуучуудын ангилалд ганцаарчилсан цуваа гараатай 24 км-ийн зайд уралдаж хүрэл медаль хүртэж, бөөн гараатай уралдаанд 11 дүгээр байр эзэлсэн. Тамирчид цуваа гараатайд тус бүр нэг минутын зайтай гарч, уралдааны замыг хэн хамгийн богино хугацаанд туулсан нь түрүүлдэг. Надад дугуйн спортын тэмцээнээс цуваа гараатай төрөл илүү тохирдог.
-Тухайн улсад анх хөл тавьсан өдрөөс тэмцээн ямар уур амьсгалтай болох нь анзаарагддаг шүү дээ.
-Душанбе хотын цаг агаар, уур амьсгал Монголынхтой төстэй санагдсан. Бид тэр тэмцээнд оролцохоосоо өмнө Өмнөговь аймагт бэлтгэл базаасан юм. Миний хувьд Азийн аваргад өрсөлдөх сорилго тэмцээнд түрүүлж, эрх авсан. Гадаадын уралдаанд эх орноо төлөөлж, цөөнгүй уралдсан ах нарынхаа хамт хилийн дээс анх удаа алхан амжилт гаргасандаа сэтгэл өндөр байдаг.
-Тэнд болсон уралдааны хамгийн сонирхолтой хэсэг элит ангиллынхны дунд өрнөсөн шүү дээ.
-Улс бүрийн шилдгүүдтэй Монголын дугуйчид өрсөлдөж, тэднээс ОУХМ С.Жамбалжамц хүрэл медалийн болзол хангах мөч сэтгэл догдлуулам баярт агшин байв. Миний хувьд залуу тамирчин тул ах нарынхаа зөвлөснийг уралдаандаа хэрэгжүүлэхийг хичээсэн дээ.
-Монголын шилдэг дугуйчдыг төрүүлсэн туршлагатай дасгалжуулагчид тоогдож, уралдаанд цойлох болсон тань олны анхаарлыг татаад эхэллээ шүү.
-Багшийнхаа удирдлагад өнгөрсөн жилээс бэлтгэл хийж, тэмцээнд оролцох болсон. Хоёр жилийн өмнө дугуй зүгээр л сонирхдог төдий байсан намайг Б.Жамъянсүрэн ах түүнтэй танилцуулснаар тамирчин болох гараагаа эхлүүлсэн юм. Би нутгийн ах Б.Жамъянсүрэнтэй сонин тохиолдлоор танилцаж билээ. Цар тахлын хөл хорионы үеэр дугуй эвдэрч, засуулах санаатай засварын газар ажиллуулдаг хүнтэй цахимаар холбогдохдоо хичээллэх сонирхолтой байгаа өгүүлэхэд “Би чамайг багштайгаа танилцуулъя” гээд Я.Баатар дасгалжуулагчийг санал болгосон. Тэрбээр өмнө нь тамирчин байхдаа түүний удирдлагад хичээллэдэг байсан юм билээ.
-Дугуйтай бэлтгэл хийсэн эхний сар амар санагдаагүй л болов уу?
-Эхний хоёр өдөр хэцүү санагдаж ядарсан. Халуунд уул өөд дугуйтай өгсүүлүүлэх нь үнэхээр шантармаар санагдаж байлаа. Долоо хоног ууланд бэлтгэл хийж, Налайх дүүргийг дугуйтай нэг тойртол нуруу өвдөөд болдоггүй. Багшид энэ тухайгаа хэлтэл бухимдаж “Чи тамирчин болж чадахгүй бол одоо яв” гэж хатуухан үгээр зэмлэлээ. Загнуулсандаа тэр үү, шар хөдөлж дахин нэг тойроход нурууны өвдөлт мартагдсан. Маргааш нь бэлтгэл хийхээр очиход “Чи айлын эрх хүүхэд байна” гэж билээ. Нэг мэдэхэд амаргүй санагддаг өдрүүд ард хоцорч, би ч тамирчдын эгнээнд шилжсэн. Багшийнхаа удирдлагад сар бэлтгэл базааж, уулын дугуйн уралдааны нээлтийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Удалгүй УАШТ болж, цуваа гараанд түрүүлж алт, бөөн гараатайд мөнгөн медальтай харьсан. Шилдгүүдийг төрүүлсэн сайн дасгалжуулагчийн шавь болсноор богино хугацаанд ур чадвараа ахиулсан гэж боддог. Өнгөрсөн жил өвлийн бэлтгэл хийхдээ тамирчдынхаа амжилтын төлөө өөрийгөө мартаад зүтгэдэг багшийнхаа ажлын амаргүйг ойлгож, хичээл зүтгэл, хөдөлмөрөөр нь их бахархсан шүү.
-Душанбед болсон Азийн АШТ-д мөнгөн медаль хүртэх боломж танаас харагдсан. Анхны уралдаан болохоор туршлага дутсан тал бий л байх.
-Тэнд мөнгөн медаль хүртэх хангалттай боломж байлаа, надад. Анх удаа оролцсон болохоор уралдааны замд алдаа гаргаж, туршлагагүйтсэн тал бий. Би тэр үед аваргаар тодорсон тамирчнаас зургаан секунд хоцрохдоо гурван зүйлд хугацаа алдсан. Эхний нь зөв уралдаж яваад замаа андуурч баруун эргэхэд багшийн “Биш ээ, буруу эргэчихлээ шүү дээ” гээд хашхирах нь сонсогдлоо. Гайхаад хартал уралдааны зам хянаж яваа мотоциклтой хүн чигээрээ явж харагдсан. Дараа нь өгсөх замд дугуйн гинжид асуудал гарч нэлээд хугацаа алдсан. Тэр үед ах нараас авсан дугуйгаар бэлтгэл хийлгүй шууд уралдсан тул арга, эвийг нь олох амаргүй байв. Миний өмнө Казахстан, Ираны тамирчин орсон. Казахстан улс шилдэг дугуйчидтай. Дугуйн спорт өндөр хөгжсөнийг тамирчид нь уралдааны үед харуулсан. Тус улсын тамирчин 23 хүртэлх насныхны ДАШТ-д аваргаар тодорлоо шүү дээ.
-Тэр үед өөрийгөө медалийн тавьцанд зогсоно гэж огт төсөөлөөгүй хэрэг үү?
-Үеийнхээ шилдгүүдтэй уралдаж, шагналын тавцанд зогсоно гэж ер бодоогүй. Хүрэл медаль зүүж зогсохдоо ч өөртөө итгээгүй. Тэр тэмцээний дараа урам хайрласан олны үг дахин амжилт гаргах эрч хүч хайрласан. Түүнээс хойш тууштай хичээллэж, эцсийн үр дүнг нь үзэх зорилго өөртөө тавьсан юм. Эх орондоо медальтай ирж, ОУХМ цол хүртэхэд ахмадууд “Азтай хүү байна. Энэ цол амархан ирдэггүй юм. Хойшдын тэмцээнд амжилттай уралдаж, цолоо батлаарай” гэж ерөөсөн.
-БНСУ-д болсон тэмцээн тивийнхээс өөр байх юм уу?
-“Tour de DMZ” олон өдрийн уралдаанд Европынхон ч өрсөлдсөн. Азийн аваргаас олон зүйлээр өөр байсан тул эхний тэмцээнд учраа олохгүй уралдсаар 17 дугаар байр эзэлж, дараагийн өдрийнхөд уралдааны талаарх тодорхой ойлголттой оролцсон. Бид энэ удаа томоохон амжилт гаргаагүй ч чамгүй туршлага хуримтлууллаа. Азийн аваргад өрсөлдсөн гадаадын танил тамирчидтай тэнд хамт уралдах нэг талаар түшигтэй санагдсан. Хэдийгээр хэл, ахуй, соёл өөр ч гэлээ уралдааны явцад харц, хөдөлгөөн, биеийн хэлэмжээр нэгнээ ойлголцож байсан.
-Таныг аав, ээжийнхээ бэлэглэсэн дугуйгаар анхны гараагаа эхлүүлсэн гэж сонслоо.
-Тийм ээ, би багасаа дугуй унаж өссөн. Тэд минь миний төрсөн өдрөөр дугуй бэлэглэсэн нь хожим энэ спортод хөл тавихад нөлөөлсөн гэж боддог. Манай гэр Тахилтад байхад гудамжныхаа хүүхдүүдтэй гадаа дугуйгаар тоглож өнждөг сөн. Зуны амралтаар ажил хийж, анхныхаа цалингаар дугуй худалдаж аваад уралдааныхаа гарааг хийсэн юм. Уулын дугуйн уралдаанд “Attila” дэлгүүрийн оруулж ирдэг дугуйг сонгосон. Азийн АШТ-ий цуваа гараанд ОУХМ Э.Билгүүнжаргал ахын дугуйгаар хурд сорьж байлаа.
-Гадаадын тэмцээнд ах нартайгаа оролцоход түшигтэй байдаг биз?
-Тэгэлгүй яах вэ. Ах нарын ач тус алхам тутамд хэрэг болдог. Тажикистаны Душанбед хөл тавиад Б.Мягмарсүрэн ахтай нэг өрөөнд хамт байрлахад мэдэх, чадах зүйлээсээ харамгүй зааж, зөвлөсөн. Тэмцээнд оролцохын өмнө надад зардлын мөнгө олдохгүй хүндхэн байлаа. Тэр үед түүнээс “Би тэнд очоод уралдахад амжилт гаргахаар харагдана уу” гэхэд “Өмнөговь аймагт нэгдсэн бэлтгэлийн цугларалтад гарсан Б.Марал-Эрдэнэ, С.Жамбалжамц нараас хэр хол хаягдаж байна. Тэднээр уралдааныхаа хэмжүүрийг ав. Ард нь хаягдахгүй зууралдаад байвал гүйцэхл байх. Эцсийн эцэст мөнгө олдоно, боломж бол хэзээ ч олдохгүй. Чи тэнд очоод Казахстаны тамирчдыг сайн харж уралдаарай” гэв. Түүний зөвлөснөөр уралдсан. Бөөн гараанд уралдахад надад туршлага дутсан. Н.Хангарьд ах“Бөөн гараанд цөөн хүнтэй тасралт болно. Тэр тасралтад л гараарай” гэлээ. Миний хувьд тэр их бужигнаан, өрсөлдөөн дунд юугаа ч ойлгохгүй уралдсан. Гараанаас гараад л тасарсан хоёр тамирчин тэр чигээрээ уралдсаар барианд орсон доо.
-Гэрийнхэн тань таныг Душанбегээс хүрэл медальтай ирнэ гэж төсөөлсөн болов уу?
-Үгүй. Манайхан намайг амжилт гаргана гэж үнэхээр төсөөлөөгүй. Тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагааг үзэж суухдаа медаль зүүхийг хараад аавын сэтгэл догдолж, баярлаад уйлсан гэдэг. Тэмцээнээс хойш хүмүүсийн харилцах, хүлээж авах хандлага өмнөхөөсөө өөрчлөгдсөн. Би “Ирээдүй” цогцолборын 81 дүгээр сургуулийг төгссөн. Цар тахлын үед бэлтгэлдээ анхаарал хандуулж, сургуульдаа бараг очдоггүй байсан тул ахлах ангийнхантайгаа дотностлоо нөхөрлөж амжаагүй. Ангийн нөхөд намайг хааяа сургуулиар харагдахаар “Марзан, зожиг, дуу цөөнтэй” гэдэг байв.
-Дугуйн спортыг сонгохын тулд гэрийнхэнтэйгээ санал зөрсөн удаа бий юу?
-Бий, бий. Намайг олонд танигдаагүй байх үед манайхан энэ спортын талаар ойлголтгүй байлаа. Тэр үед “Чи дугуйгаар биш, жүдогоор хичээллээч” гэнэ. Би өдөржин бэлтгэл хийгээд завгүй байдаг ч гэсэн хичээл, номоо ер хаяагүй. УАШТ-д түрүүлснээс хойш гэрийнхэн дэмждэг болсон. Өнгөрсөн зун Ховд аймагт зохион байгуулсан Монголын 23 дахь удаагийн олон өдрийн дугуйн уралдаанд түрүүлсэн. Өмнөх жилийн тэмцээнд VIII байр эзэлсэн тул энэ удаа аварга болох зорилгоо биелүүллээ. Би Я.Баатар дасгалжуулагчийн удирдлагад хичээллэснээс хойш “Аттила” клубээр овоглож байгаа. Тэрбээр тус клубийн тамирчдыг дасгалжуулдаг. Багшийгаа Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор шагнуулахад бид их баярлаж, бахархсан шүү. Багш бидэнд “Амжилт гаргахад хувийн сахилга бат, бэлтгэл, амралт чухал” гэж зөвлөдөг. Миний хувьд уралдаанд хамт оролцдог багийнхантайгаа ойр нөхөрлөдөг. Монголд үеийн тамирчдаас хүчтэй өрсөлдөгч цөөнгүй бий. Тэднээс зарим нь тэшүүр, цанын спортоор хичээллэсэн суурьтай. Би Тайландад ирэх жил зохион байгуулах Азийн АШТ-д хурд сорино. Цаашлаад ДАШТ-д уралдахаар зорьж байгаа. 2023 оноос 19-23 хүртэлх наснынхны ангилалд өрсөлдөнө. Энэ ангиллынхны уралдаан сонирхолтой, өрсөлдөөн ихтэй болдог юм.
-Өмнөговь аймгийн Даланзадгад сумд уулын дугуйн говийн бүсийн АШТ анх удаа зохион байгуулахад хэр оролцов?
-Тэнд энэ сарын эхээр болсон “Gobi cham¬pionships 2022” уулын дугуйн төрөлд өрсөлдөж аваргаар шалгарсан. Энэ долоо хоногт хаалтын тэмцээнтэй. Амжилттай оролцохыг зорьж байна. Миний хувьд их, дээд сургуульд элсэн суралцахаас илүү нэг хэсэгтээ спортод амжилт гаргахад анхаарал хандуулна. Манай багт сайн уралддаг дүү тамирчид бий. Тэдэнд хандаад “Амжилт гаргах боломж хүн бүрт бий. Өөрийгөө дайчилж, бэлтгэлээ сайн хийгээрэй” гэж хэлье.