Нийслэлийн хэмжээнд энэ жил сайжруулсан түлш борлуулах 670 цэг нээнэ гэж албаныхан өмнө нь мэдээлсэн. Тэгвэл одоогоор 520 цэг ажиллаж байгаа гэнэ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт 180, Баянзүрхэд 115 цэг байгаа нь хамгийн олон аж. Бусад дүүрэгт 23-85 цэг байна. Үлдсэн 150-ийг нь цаашид үе шаттайгаар нээнэгэж нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд өчигдөр мэдээлэв. Тэрбээр “Нийслэлийн зүгээс сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт, тээвэрлэлт, борлуулалт, хяналт шалгалтыг хариуцан ажиллаж байна. Одоогоор “Тавантолгой түлш”-ийн баруун бүсийн үйлдвэрийн долоо, зүүн бүсийн дөрвөн шугамаар хоногт 2000 тонн түлш үйлдвэрлэж байгаа. Цаашид хоёр шугам нэмнэ. Түлшний 116 000 тонн нөөцтэй. Тээвэрлэлт, түгээлтийг 31 компанийн 300 гаруй тээврийн хэрэгслээр гүйцэтгэж байна” гэв. Агаарын чанарыг сайжруулах буюу түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд энэжилээс Налайх дүүргийг хамруулах болсон. Тус дүүрэгт 7691 айл өрх, 235 аж ахуйн нэгжид 41 000 тонн сайжруулсан түлш шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ. Одоогоор 31 цэгт түлш борлуулж буй юм байна. Түүнчлэн 59 байгууллагын 1400 гаруй албан хаагч үүнд хяналт тавьж, сайжруулсан түлшний хэрэглээний талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч буйг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэллээ.
Бэлтгэсэн М.Оч