-Дэлхийн цомын анхдугаар наадамд хүчтэй өрсөлдөгчдөө ялж, аваргаар шалгар сан таны амжилтаар ярилцлагаа эхэлье.
-Аргентинд болсон тэмцээнийг шүүхээр очихдоо тамирчнаар давхар оролцъя гэж бодоод холбооны нарийн бичгийн даргатай ярилцаж бүртгүүлсэн юм. Тамирчдын тулааныг хоёр өдөр дэнсэлсний маргааш мастер ангиллын тоглолт эхэлсэн. Очоод хартал нэр минь бичээстэй байв. Баярласандаа хувцсаа хурдан солиод тэмцээнд оролцож, эзэн орны гурван тамирчинтай тулалдсан. Эхнийхтэй нь би 2019 онд Болгарт зохион байгуулсан ДАШТ-д аваргын төлөө таарч, алтан медаль хүртэж байлаа. Тэд нутагтаа түрүүгээ алдахгүйг хичээж, ширүүн тулаан өрнүүлсэн. Мастер ангилалд оролцсоноос хойших хамгийн хүнд тулаан тэнд боллоо. Нутгийн тамирчныг шүүгчидтэй нь ялах гэж би ч их хичээсэн. Айхгүй ч гэсэн аягүй гэдэг үг бий. Өрсөлдөгчдийнхөө нүдний харцнаас эцсээ хүртэл тулалдахыг олж харсан. Хоёр тамирчныг нь ялахад гурав дахь нь бүр ширүүн тулалдсан. Өөрийгөө олон жил бэлтгэл хийж, тэмцээнээс хуримтлуулсан туршлагаараа ялсан гэж бодож байгаа. Дэлхийн аварга болчихоод сэтгэл догдолж, өөрийн эрхгүй орилсон. Намайг алс хол Монголоос ганцаарааявааг үзэгчид сонсоод “Монгол эмэгтэй ямар зоригтой юм бэ. Тэнд очиж үзмээр санагдлаа. Олон улсын тэмцээн зохион байгуулбал оролцоно” гээд ярьж байлаа. Хэдийгээр ганцаараа өрсөлдсөн ч эх орноо сурталчилсан сайхан тэмцээн болсон. Түрүүлчихээд хүмүүстэй дурсгалын зураг авхуулах сайхан санагдсан ч сүүлдээ ядарсан шүү.
-Тэмцээний дараа та АНУ-ыг зорьсон. Тэнд хэр удах вэ?
-Манайхан АНУ-ын Флорида, Окала хотод арванхоёрдугаар сард болох тэмцээнд ирж оролцох юм. Миний хувьд зардлын мөнгөө хэмнэн энд хүлээхээр шийдэж, бэлтгэлээ үргэлжлүүлж байна. Тамирчидтайгаа тэмцээнд оролцчихоод Монгол руугаа хамт буцна.
-Шүүгчээр ажиллахын хажуугаар тэмцээнд оролцох амаргүй санагдсан биз. Ингэж оролцсон тохиолдол танд хэр олон байдаг бол?
-Тэмцээн шүүж байгаа тохиолдолд тамирчнаар оролцох ёсгүй байдаг. Намайг таван нислэг дамжинхаа холоос зорьж ирсэн болохоор зоригийг минь үнэлж, зөвшөөрсөн байх. Үүнээс өмнө АНУ-д Пан Америкийн аварга болсон тэмцээнд зочин шүүгчээр оролцохыг зөвшөөрч байсан юм.
-Тамирчнаас олон улсын шүүгч болсон таны таеквондод хөл тавьсан түүх сонирхол татдаг юм.
-Таеквондод зүрх, сэтгэлээ зориулсан бол гайхамшгийг нь ойлгодог. Хүнд ядарч, шантрах зүйл гарсан ч дуртай зүйлийнхээ төлөө ямар ч зовлон, бэрхшээлийг даван туулдаг юм. БНСУ-аас 1992 онд Жон Ши Хуан дасгалжуулагч ирж, Монголд энэ спортын суурийг анх тавьсан. Түүгээр Олон улсын таеквондогийн холбоо (ITF) амьсгалж, бид ч бүх зүйлийг энэ багшаар төсөөлдөг байлаа. Гэтэл 2016 онд Италид болсон ДАШТ-д нэг хүн гүйж ирснээ “Монгол шүүгч хаана байна” гээд түүний нэрийг асуув. Тэр үед надад Монгол Улс байхад солонгос хүн яагаад эх орныг минь төлөөлдөг билээ гэсэн бодол төрж билээ. Тэндээс ирээд “Монгол Улсыг монгол хүн төлөөлнө” гэж хэлээд багшийгаа гомдоодчихсон. Багш минь “Би олон жил Монголын өмнөөс явлаа. Одоо шавь нарын минь даль, жигүүр ургасан тулмонгол шүүгчийн нэрийг асуудаг болно оо” гэснээс хойш зургаан жил өнгөрчээ. Надаас гадна олон улсын шүүгч М.Ариунболд дэлхийн тавцанд тамирчдын тоглолтыг шүүж байна. Удахгүй олуулаа шүүдэг болох биз ээ.
-Амжилтаас атгахын тулд тулаанч эмэгтэйчүүд хэрхэн ажиллаж, амьдардаг бол гэх сониуч бодол өөрийн эрхгүй төрлөө.
-Тулаанч эмэгтэйчүүдийн амьдрал их адармаатай шүү дээ. Хүн болгон “Нөхөр тань яадаг вэ” гээд асууна. Нэг хөгжилтэй зүйл ярья. 2019 онд ДАШТ-ий өмнөхөн “MGL”-д тулалддаг ОУХМ Ө.Гантөмөртэй бэлтгэл хийж байхдаа гарын цохилт ирэхэд дальдчихгүй гээд шарандаа дайрч хоёр нүдээ цохиулаад хөх эрээн болчихов. Тэгсэн нөхөр “Чиний зодолддог чинь одоо дүүрч. Ядаж нүдээ ингээд байхдаа яах вэ дээ. Хүмүүс намайг юу гэж бодох бол. Намайг яагаад боддоггүй юм бэ. Чамайг бэлтгэлдээ явахад чинь гар, хөлөө гэмтээчих вий гэж санаа зовох юм. Хэзээ сэтгэл тайван амьдруулах хүн бэ” гээд гомдонгуй хэлэхэд нь их өрөвдсөн. Нөхөр минь намайг анх шигшээ багт байхад танилцаж байлаа.
-Спортын адал явдалтай ертөнцийг тамирчдын амжилтгүйгээр төсөөлшгүй. Олон жил мөрөөдсөн зорилгодоо хүрлээ, одоо өөрөөр амьдаръя гэх бодол төрж байвуу?
-Надад бодсон зүйл бий. Тиймээс зорилгоо үргэлжлүүлж байгаа. Одоо тамирчдынхаа ажил, амьдралд туслан, дэмжих шинэ санаа, санаачилга гаргана. Өөрийгөө спортын ертөнцөөс хол амьдарч байгаагаар төсөөлж үнэхээр чадахгүй нь. Сүүлийн үед гүйлтийн төрөлд хөл тавьсан. Улс үндэстнээрээ нэгдэж оролцдог гүйлтийн цахим ДАШТ-д монголчуудтайгаа III байрт шалгарч, хошой хүрэл медаль хүртлээ. Сертификатаа аваагүй л болохоос биш, таван км-ийн зайд Гиннесийн амжилтын эзнээр тодорсон шүү дээ. Энэ нийгэм эмэгтэйчүүдийг биеэ хамгаалах ёстойг шаардаж байна. Миний хувьд охидыг биеэ хамгаалж сураасай гэж хүсдэг. Тэдэнд амжилтаараа түүчээ болж, итгэл найдвар төрүүлэн, бие даасан хүн болоход нь бага ч гэсэн тусалсан байх.
-Дуртай болгон тулааны спортоор хичээллэдэггүй. Таныг өөртөө үлдээх шалтгаан таеквондод байж дээ.
-Тулааны талбарт ялалт, ялагдлыг мэдэрдэг болохоор тамирчид хүлээцтэй болдог. Би хоёр эгчтэй. Ээж, эмээтэйгээ амьдардаг байхад таеквондогоор хичээллэх сонирхолтой санагдсан. Хамт хичээллэсэн байрныхаа хүүхдүүдээс хэсэг хугацааны дараа ганцаараа торойж үлдсэн байв. Тэднээс Энхзул бид хоёр тууштай яваа.
-Спортын босгоор алхахдаа эргэж буцмаар зүйлүүдтэй тулгарсан байлгүй.
-Манайхан “Чамайг ингэж тууштай хичээллэнэ гэж ер бодоогүй шүү” гэдэг юм. Эгч нар хүмүүст спортоор хичээллэдэг дүүтэй гэдгээ хэлдэггүй байв. Хүнтэй танилцаад ярьсан чинь том эгчийн найз болж таарсан. Тэрбээр “Эгч тань ийм дүүтэй гэж огт хэлээгүй дээ” гээд гайхаж билээ.
-Тамирчид нэг л өдөр зодог тайлж, карьерээ өндөрлүүлдэг. Цаашдын төлөвлөгөөгөө гаргасан уу?
-Тамирчны замналаа өндөрлүүлэх санаа бий. Гэхдээ тэмцээн болохоор догдолж, олон жил уясан морь шиг өөрийгөө сойгоод байх юм.
-Шүүгч өөрийгөө байнга хөгжүүлж, спортын салбарт өрнөсөн шинэ содон бүхэнтэй хөл зэрэгцэж алхдаг. Та судалж байгаа зүйлийнхээ талаар сонирхуулаач?
-Бид тэмцээн бүрээс суралцдаг. Аргентинд нутгийнх нь гурван тамирчныг дараалж ялсан болохоор намайг гарцаагүй судалж байгаа. Миний хувьд Олон улсын таеквондогийн холбооны (ITF) Удирдах зөвлөлийн гишүүнээр хоёр удаа сонгогдсон. Тэгэхээр өөрийгөө олонд хэрэг болох зүйл хийгээд байна гэж боддог. Энэ спортын хөгжилд хувь нэмрээ оруулахаар төлөвлөсөн зүйл бий.
-Ажиллах, сурах, тэмцээнд оролцох гээд арын албаа хэнд итгэж, даатгадаг вэ?
-Тамирчин хүний ар тал найдвартай байхад амжилт гаргадаг. Энэудаанөхөр ар гэрээ хариуцаж үлдсэн. Өмнөх жилүүдэд ээж минь миний үнэнч туслах болдог байлаа. Ээждээ хүүхдүүдээ үлдээчихээд тэмцээнд сэтгэлтайван оролцдог юм. Миний ээж их сэргэлэн зантай. Ямар ч ажлыг төвөггүй зохицуулчихна.
-Тамирчдын амжилт, карьер шүүгчээс шалтгаалдаг. Ажил тань танаас үүрэг, хариуцлага өндөртэй байхыг үргэлж шаарддаг байх.
-Тэмцээн шүүх амаргүй. Ур чадвар шаардсан хариуцлагатай ажил. Тамирчдын хоёр жилийн хичээж, зорьсон хөдөлмөрийг үнэлж байгаа гэж бодохоор эмээх бодол төрдөг ч бас бахархалтай санагддаг. Миний хувьд тамирчнаас шүүгч болсон болохоор тэмцээн сайн шүүдэг гэж урмын үг цөөнгүй сонссон. Одоогоор монгол шүүгчид тив, дэлхийд дөнгөж танил болж байна. Чамлахаар чанга атга гэдэг дээ. Бид чамгүй хүрээлэлтэй болсон. Тэр хэрээр богино хугацаанд олноос үнэлгээ авч, ур чадвартай шүүгчдийн тоонд багтлаа.