-Уран сайхны гимнастикаар хичээллэсэн он жилүүдэд шантармаар зүйл бишгүй таарсан биз. Хэрхэн даван туулж тамирчдын эгнээнд нэгдэв?
-Уран сайхны гимнастикаар хичээллээд есөн жил болж байна. Өнгөрсөн жилүүдэд бүх зүйл амархан байгаагүй. Халширмаар зүйлтэй тулгардаг байсан ч гэр бүл, багшийн зөвлөгөө, өөрийн хичээл зүтгэлээр даван туулсан. Эхэндээ энэ спорт хэцүү санагдаж, бэлтгэлийн заалны хаалгаар шагайхаас ч дургүй хүрдэг байлаа. Нэг өдөр дасгалжуулагч М.Булган багш “Чи сүүлийн удаа бэлтгэл хийгээд үз. Тэгээд болих, эсэхээ сайн бодож шийдээрэй” гэв. Тэр өдрөөс хойш спортоос холдох бодлоо бүрмөсөн орхисон.
-Тамирчдын сонирхол, зорилгод тулгуурлаж спорт хөгждөг. Таныг хүссэн болохоор ээж тань хөтөлж ирээд өнөөг хүртэл дэмжсэн гэж бодож байна.
-Дөрвөн настай байхдаа зурагтаар уран сайхны гимнастик гарахыг үзээд “Ээж ээ, би ийм хүн болъё” гэж хэлсэн гэдэг. Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн сурагч болсон жил энэ спортоор хичээллэдэг тамирчин эгчийн зургийг хүндэт самбарт залсныг харсан юм. Тэгээд л уг спортоор
хичээллэхийг хүссэн. Намайг тамирчин болоход ээж минь их нөлөөсөн. Ээж залуудаа уран нугардаг байсан тул уран сайхны гимнастик сонирхож үзэх дуртай. Мөрөөдөлдөө хөтлөгдсөн намайг дагуулаад уран сайхны гимнастикийн дугуйланг зорьж билээ. Манай 21 дүгээр сургууль гимнастикийн сургалттай. Одоогоор биангийнхнаасаа ганцаараа хичээллэдэг. Би сургуулийнхаа шилдэг тамирчин болохыг хүсдэг.
-Хэзээнээс өөртөө том зорилго тавих болов?
-Миний хувьд 2016-2019 онд УАШТ-д түрүүлж, аварга болсон. 2016 оны тэмцээнд оролцсоныхоо дараа Токиод олимп 2020 онд болох нь, оролцвол ямар гоё вэ гэж бодож байлаа. Тэр жил Азийн АШТ-д оролцох багийн тамирчдыг бэлдсэн. Тэднийг харчихаад тивийн тэмцээнд залуучуудын ангилалд 13 наснаас эхэлж оролцдогийг багшаасаа асууж мэдсэн юм. Тэр үед өөртөө заавал оролцоно гэсэн зорилго тавьж хичээх боллоо. Би 2021 онд 13 нас хүрч, Азийн аваргад оролцох сорилго тэмцээнд өрсөлдсөнөөр Тайландын Паттаяа хотыг багийнхантайгаа зорьсон.
-Багийн охид нэг хүн шиг зорилго, тэмүүлэлтэй болох эхэндээ амаргүй байдаг. Нөхөдтэйгөө ойлголцож, хурдан дасав уу?
-Баг болж үзээгүй бид нэг хэсэг ойлголцохгүй хэцүү байлаа. Муудалцана, нэгнийхээ хатуухан хэлсэн үгэнд гомдож, уйлна. Өмнө нь тэмцээнд ганцаарчилсан төрөлд оролцдог байсан тул нэгнийхээ занг мэддэг болтол нэлээд хугацаа зарцуулсан. Би ОХУ-ын Улаан-Үдэд болсон тэмцээнд оролцохоор анх хөл тавихдаа багш, багийнхаа нөхдөөс өөрийнхөө ямар зан чанар, хандлагатай болохыг мэдэж билээ. Тэд миний давуу тал, дутагдлаа сонсох дургүй, шүүмжлэл хүлээж авдаггүйг хэлсэн. Багшийнхаа зөвлөгөөг сонссон тэр өдрөөс багийнхантайгаа ойр дотно нөхөрлөх болсон.
-Дүү тань хамт хичээллэж, бэлтгэл хийдэг гэл үү?
-Дүү минь IV ангийн сурагч. Ээж намайг бэлтгэлээс авахдаа дүүг дагуулж ирдэг байв. Зааланд бэлтгэл хийхийг минь багаасаа харсан болохоор хичээллэх сонирхолтой болсон. Би айлын дунд охин. Эгч минь 11 дүгээр ангид сурдаг. Тэрбээр спортоос илүү урлагт дуртай. Хөгжим сонирхдог юм.
-Азийн АШТ-д багийнхантайгаа оролцохдоо хамгийн түрүүнд юуг олж харав?
-Өөрөөсөө илүү ур чадвартай тамирчдыг хараад эхэндээ гайхсан. Японы багийн охид биеэр жижиг хэрнээ үзүүлбэрүүдээ техникийн дагуу маш сайн гүйцэтгэж байлаа. Багийнхантайгаа тэднийг харчихаад байрласан буудалдаа ирж “Бэлтгэлээ сайн хийе. Бид энэ тэмцээнд амжилттай оролцохоор ирсэн. Одоо л сурсан, мэдсэн зүйлээ харуулах ёстой” гэж зөвлөлдсөн. Японы багийнхан бүх зүйлээр давуу байсан тул түрүүлж, тивийн аваргаар шалгарсан юм. Тэмцээний талбайд гарахад “Монгол” гэж зарлахад өөрийн эрхгүй догдолж уйлсан. Тэр үед нулимс урсаад юу ч харахгүй, зөвхөн хөгжөөн дэмжигчдийн дуу хоолойг сонсож байлаа. Манай багийнхан хагас шигшээд олстой дасгалд V байр эзэлсэн. Азийнхнаас Казахстан, Японы гимнастикчид ур чадвар, техникээр шилдэг гэдгээ харуулсан шүү. Азийн АШТ-д оролцсон тамирчдыг гэр бүл нь сайн дэмжсэн. Тэмцээн болохоос өмнө багийн минь охид жин хасах шаардлагатай байлаа. Тиймээс ээж минь ямар хоол идэж болохыг сайтар судалж, өөрийн гараар хийдэг байв. Манайхан Азийн аваргаас өмнө ОХУ-ын Красноярск хотод болсон хаврын нээлттэй АШТ-д оролцсон юм. Тэнд Беларусийн охидыг хараад алмайрсан. Тэдний авьяасаар бахархаагүй бол бид тивийн тэмцээнд оролцож чадахгүй байсан болов уу.
-М.Булган дасгалжуулагч тамирчдаа хэрхэн удирдаж, бэлтгэл хийлгэдэг бол?
-Бид багшийнхаа хэнийг ч магтаж дөвийлгөдөггүй, яг байгаагаар нь үнэлж дүгнэдэг зангаар нь бахархдаг. Тэрбээр бүгдтэй нь нээлттэй харилцаж, тулж ажилладаг.
-Үеийн тань тамирчдаас хэн хүчтэй өрсөлддөг вэ?
-Миний насны ангилалд “Халиун” клубийн тамирчин У.Айына хамгийн хүчтэй өрсөлдөгч. Тэрбээр Азийн АШТ-д ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн. Уран сайхны гимнастикийн клуб бүрт шилдэг тамирчин бий. Тухайлбал, “Болор” клубт А.Хонгорзул, Н.Ану-Үжин нар бий. Н.Ану-Үжин өнгөрсөн жилийн тэмцээнд аваргалсан. Энэ ташрамд, бэлтгэл хийдэг тамирчдадаа “Өөрийгөө бүх талаар дайчилж амжилт гаргаарай. Багшийнхаа зөвлөгөөг сайн сонсож, нөхдөө хүндлэн зорьж байгаа зүйлдээ заавал хүрээрэй” гэж хэлье.