-АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын ирээдүйн ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх компакт гэрээ хэрэгжүүлж байгаа. Компактын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт явц ямар байна вэ?
-Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулах, эхлүүлэх, хэрэгжүүлэх үйл явц нэлээд урт хугацаанд үргэлжилдэг. Монголын Мянганы сорилтын хоёрдугаар компакт гэрээг 2018 оны долдугаар сарын 27-нд Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-ын хооронд байгуулсан. Улмаар 2019 оны нэгдүгээр сарын 31-нд Монголын тал энэхүү олон улсын гэрээг бие даасан хууль болгон УИХ-аар соёрхон баталсан. Үүний дараа гэрээг хэрэгжүүлэх урьдач нөхцөлүүдийг Монголын Засгийн газар хангаж биелүүлснээр компакт гэрээ 2021 оны гуравдугаар сарын 31-нд хүчин төгөлдөр болж, өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж байна.
-Компакт гэрээг албан ёсоор хэрэгжүүлж эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байна гэсэнүгүү?
-Тийм ээ. Жил хагас, хоёр дахь жилдээ ороод явж байна. Компакт гэрээгээр АНУ-ын МСК-ын зүгээс 350 сая ам.доллар буюу одоогийн үнэ цэнээр 1.1 их наяд төгрөгийн буцалтгүй тусламж олгож, Монголын Засгийн газартай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Монголын Засгийн газрын зүгээс мөн 111.76 ам.доллартой тэнцэх хөрөнгө оруулалтыг улсын төсөвт суулгаж, таван жилийн хугацаанд эдгээр төсөл, хөтөлбөрт зарцуулахаас гадна компактын хүрээнд барьж байгуулж байгаа үйлдвэрүүдээ цахилгаан, дулаанаар хангах амлалтуудыг авсан. Өөрөөр хэлбэл, нийт 461.76 сая ам.доллар буюу ойролцоогоор 1.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний, хоёр улсын татвар төлөгчдийн мөнгөөр бий болж байгаа томоохон хөрөнгө оруулалт. Climate-smart investment буюу уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэсэн, хоёр улсынЗасгийн газрын чармайлтаар бий болж буй ухаалаг хөрөнгө оруулалт гэж тодотгож болно.
-Яагаад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд бүхэлдээ чиглэсэн ухаалаг хөрөнгө оруулалт гэж тодотгож байгаа юм бол?
-АНУ-ын МСКнь дэд бүтцийн төслүүдээр дамжуулан хөгжиж байгаа орнуудад ядуурлыг бууруулах замаар эдийн засгийн болон нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, сайн засаглалыг бэхжүүлэх, бодлогын шийдвэр гаргахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, авлигаас ангид байх, хүний эрхийг дээдлэх, хүрээлэн буй орчныг хамгаалахад бодитой хувь нэмэр оруулах зорилт тавин ажилладаг. Хөгжиж буй улс орнуудын хувьд уур амьсгалын өөрчлөлтөд урт хугацаандаа дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, хүлэмжийн хийн ялгарал багатай эдийн засгийн хөгжлийг дэмжих, эрчим хүч, ус, тээвэр, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах нь чухал гэж үзээд, нийт хөрөнгө оруулалтынхаа 40 орчим хувийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаанд зарцуулсан байгаа юм. Монгол орны хувьд эрс тэс уур амьсгалтай, эмзэг экосистемтэй, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байдал нь усны нөөцөд сөргөөр нөлөөлж буй судалгаагаар тогтоосон. Тэр дундаа нийслэл Улаанбаатар хот усны хомсдолтой, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий дэлхийн хотуудын нэг. Тиймээс МСК-ын зүгээс Улаанбаатар хотын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг аюулгүй, найдвартай усаар хангаж, улмаар дэлхийн дулааралд тэсвэртэйгээр дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буй ухаалаг хөрөнгө оруулалт гэж үзэж байгаа. Энэ компакт гэрээ үүнээс гадна олон талаар бусад оронд хэрэгжүүлж байгаа гэрээнүүдээс онцлог. Жишээлбэл, МСК дэлхийн 40 гаруй оронд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тэдгээр төсөлд орон орны Засгийн газрын оролцоо харилцан адилгүй ч ихэвчлэн 5-15 хувьтай байдаг. Харин энэ компактын хувьд Монгол Улсын Засгийн газрын хувь оролцоо бараг 70, 30-ийн харьцаатай байгаа нь МСК-ын түүхэн дэх дээд амжилт. Энэ нь нэгдүгээрт, хоёр орны найрамдалт харилцаа, стратегийн түншлэл өндөр түвшинд байгааг илтгэж байгаа юм. Хоёрдугаарт, МСК-ын зүгээс үүнийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд Монгол Улсын Засгийн газар онцгойлон анхаарал хандуулж байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна. Манай Засгийн газрын хувьд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын нэг “баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах” гэсэн зургадугаар зорилтыг “Алсын хараа-2050” бодлогодоо тусгасан. Энэ зорилтыг хэрэгжүүлж, татвар төлөгчдийнхөө мөнгийг байгаль орчин, хойч үедээ ээлтэй ирээдүйг бүтээхэд зарцуулж байгаагаараа энэ хөрөнгө оруулалт онцлогтой.
-Компакт гэрээгээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, тэдгээрийн үрашиг, ач холбогдлыг илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч.
-Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд хоорондоо нягт уялдаатай гурван том төсөл хэрэгжүүлж байгаа. Нэгдүгээрт нь, газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл. Хоёрдугаарт, хаягдал ус дахин боловсруулах төсөл. Энэ хоёр дэд бүтцийн төслийн хүрээнд Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх, мөн ус дахин боловсруулах хоёр том үйлдвэрийг бүтээн байгуулах юм. Гурав дахь төслийн хувьд усны салбарт шинээр бүтээн байгуулсан эдгээр үйлдвэр, дэд бүтцээ цаашид үр ашигтай, ард иргэд, бизнесийн бүтээн байгуулалтуудад хүртээмжтэй, урт хугацаанд тогтвортой ажиллуулах чадавхыг хөгжүүлэх, нийт усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн зөөлөн дэд бүтцийг сайжруулах зорилготой.
-Эхний үйлдвэрийн бүтээн байгуулалт өнгөрсөн жил эхэлсэн санагдаж байна. Ямарахицтай байгаа вэ. Үйлдвэрийн хүчин чадал, үр ашгийн талаар мэдээлэл өгнө үү?
-Одоогоос жил гаруйн өмнө Сонгинохайрхан уулын зүүн бэлд ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийнхээ шавыг тавьсан. Цар тахал, хил гаалийн хязгаарлалттай холбоотойгоор олон сорилт, бэрхшээл тулгарч байгаа ч ажил төлөвлөгөөний дагуу амжилттай, ойролцоогоор 20 гаруй хувьтай байна. Эхний төслийн хүрээнд ус гүн цэвэршүүлэх үйлдвэрээс гадна Улаанбаатар хотын баруун доод хэсэг Биокомбинат, Шувуун фабрик орчимд ус хангамжийн хоёр эх үүсвэр шинээр байгуулна. Хоёр шинэ эх үүсвэрээс хоногт 140 мянга, жилд 50 сая шоо метр хүртэл хэмжээний ус олборлож, ус гүн цэвэршүүлэх үйлдвэрт Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлээд, нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх юм. Үйлдвэр эхний ээлжид хоногт 112 мянган шоо метр усыг цэвэршүүлэх хүчин чадалтайгаар ашиг лалтад орно. Үр ашгийн тухайд, олон зүйл дурдаж болно. Тухайлбал, компакт гэрээг боловсруулах шатанд манай холбогдох мэргэжилтэн, судлаачид МСК-тай хамтарч “Эдийн засгийг хязгаарлагч хүчин зүйлс”-ийн судалгааг хийсэн. Судалгаагаар нийслэл хотын хүн ам, эдийн засгийн өсөлтийг дагаад ойрын ирээдүйд усны эрэлт хэрэгцээ боломжит нөөцөөсөө давах, улмаар эдийн засгийн өсөлтийг хязгаарлах эрсдэлтэйг тодорхойлсон. Компактын үр дүнд ус хангамж нэмэгдсэнээр юунытүрүүнд энэ эрсдэлээс сэргийлнэ. Мөн цаашид Улаанбаатар хот баруун тийш тэлж хөгжих, төвлөрлийг сааруулах суурь нөхцөлийг бүр дүүлнэ. Ус хангамжгүйгээр шинэ суурьшлын бүсүүд, дагуул хотуудыг байгуулах боломжгүй шүү дээ. Шинэ эх үүсвэрийн төлөвлөлтийг Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хийсэн. Шинэ суурьшлын бүсүүд, хүн ам, үйлдвэр, аж ахуйн газруудынусны эрэлт хэрэгцээг шинэ эх үүсвэрээс хангах боломжтой техникийн шийдлүүдийг төлөвлөлтөд тусгасан байдаг.
-Хоёр дахь үйлдвэрийн шавыг саяхан тавьсан. Энэ нь хэзээ ашиглалтад орох вэ, ямар үр ашгийг бидэнд өгөх бол?
-Одоогоос сар гаруйн өмнө бид ус дахин боловсруулах үйлдвэрийнхээ шавыг тавьсан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн хэрэг хариуцсан туслах Төрийн нарийн бичгийн дарга Даниел Ж.Критенбринк тэргүүтэй өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид оролцсоноос хоёр улсын Засгийн газар энэ төсөлд онцгой ач холбогдол өгч байгааг харж болно. Угүйлдвэр монголчууд бидэнд хэрэглэсэн усаа дахин боловсруулж, аж үйлдвэрлэлийн түвшинд эргүүлэн ашиглах, гүний цэвэр цэнгэг усаа хэмнэн хойч үедээ үлдээх боломжийг олгоно. Миний өмнө дурдсан өнөөх уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ухаалаг хөрөнгө оруулалтыг шууд утгаараа илэрхийлж буй юм.
-Бид энэ талаар олон жил ярьж байгаа. Үйлдвэрээс гарах усыг эхний ээлжид хаана, ямар зориулалтаар нийлүүлэх вэ. Хэрих хэмжээний гүний цэнгэг ус хэмнэх тооцоо гарсан бэ?
-Одоо шинээр барьж байгаа Төв цэвэрлэх байгууламжид Туул голд нийлүүлэх стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган шоо метр хүртэл хэмжээнийхийг авч дахин боловсруулаад, дулааны цахилгаан станцуудын техникийн усны хэрэглээний зарим хэсгийг нь хангах зориулалтаар нийлүүлнэ. Одоо бол дулааны цахилгаан станцууд техникийн хэрэгцээндээ гүний ус ашигладаг. Энэ хэрэгцээг нь дахин боловсруулсан усаар хангаад, жилд 18 сая гаруй шоо метр буюу Ус сувгийн удирдах газрын 2021 оны судалгааны дүнгээр тооцоход, нийслэлийн орон сууцад амьдарч байгаа нийт 102 247 айлын бүтэн жилийн хэрэглээний 50 хувьтай тэнцэх хэмжээний гүний цэнгэг ус хэмнэнэ. Энд бас нэг зүйл онцлоход, үйлдвэрийн зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлыг манай үндэсний “Эм Си Эс пропертис” компани, энэ салбартаа дэлхийд тэргүүлэгч Францын хоёр туслан гүйцэтгэгч компанийн хамт хариуцан гүйцэтгэж байгаа. Бүтээн байгуулалт 2024 оны дөрөвдүгээр улиралд дуусаж, туршилт тохируулгын ажил үргэлжилнэ.
-Үйлдвэр, аж ахуйн нэг жүүд хаягдалусныхаа бохирдлыг бууруулахгүй бол энэ үйлдвэрийн хэвийн ажиллах нөхцөл бүрдэх гүй гэж ойлгосон. Ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд ямар алхмууд төлөвлөсөн бэ?
-Маш чухал асуулт байна. Ийм эрсдэлээс сэргийлэхийн тулд “Үйлдвэрийн хаягдал усыг дахин цэвэрлэх төлөвлөгөө”-г холбогдох яам, агентлагууд хамтран боловсруулж, Засгийн газрын тогтоолоор баталсан. Уг төлөвлөгөөний хэрэгжилтэд үндэслэн компакт гэрээний санхүүжилт хийгдэж явах болохоор хэрэгжүүлэх үүргийг мөн Засгийн газар хүлээж, Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар ажлын хэсэг томилон ажиллуулж байна. Төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлснээр манай үйлдвэрийн хэвийн ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлээд зогсохгүй том зургаараа үйлдвэр, аж ахуйн нэгжүүд урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулан байнга ашиглах, стандартын шаардлага хангасан усыг ариутгах татуургын сүлжээнд нийлүүлдэг тогтолцоог бүрдүүлж, байгаль орчныг бохирдуулахгүй, ээлтэй арга замаар бизнесээ эрхэлдэг болно. Стандартын шаардлага хангасан усыг байгальд нийлүүлдэг болсноор хатан Туул голоо үргэлжлүүлэн бохирдуулахгүй болох, эко системийг нь сэргээх ач холбогдолтой.
-Аливаа төслийг төлөвлөх нэг хэрэг, хэрэгжүүлэх өөр хэрэг. Хэрэгжүүлсний дараа хэр өгөөжтэй, өгөөж нь хэр урт хугацаанд тогтвортой, хүртээмжтэй байх нь бүр чухал асуудал. Гурав дахь төслийн хувьд компактын өгөөжийг урт хугацаанд тогтвортой хадгалах зорилготой гэж ойлгосон?
-Тийм. Үүний тулд усны салбарын институтийн тогтолцоо, эрх зүйн орчин, бодлого зохицуулалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлж, салбарын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн таван дэд үйл ажиллагаа хэрэгжүүлнэ. Тухайлбал, ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд орло гоороо зардлаа нөхдөг болох, санхүүгийн чадав хаа бэхжүүлэхэд техникийн туслалцаа үзүүлнэ. Мөн өндөр хөгжилтэй орны мэргэшсэн байгууллагатай туршлага солилцох түншлэлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн хаягдал усны бохирдлыг хянах, бууруулах зорилгоор бохир усны шинжилгээний лабораториудыг орчинүеийн, дэвшилт тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон ажил бий. Гэр хорооллын ухаалаг худгуудын тоог нэмэгдүүлэх дэд бүтцийн төсөл мөн багтаж байна.
-Нийт хэчнээн худгийг ухаалаг болгох вэ?
-Шугамд холбогдсон 180 гаруй ус түгээх байр буюу худгийг 24 цагийн ажиллагаатай болгож автоматжуулна. Ингэснээр иргэдэд усны үйлчилгээг ойртуулахаас гадна гэр хорооллын оршин суугчдад ус хангамжийн үйлчилгээг хүргэх зардлыг бууруулах юм. Түүнчлэн олон нийтийн усанд хандах хандлага, усны зохистой хэрэглээний талаар мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хэрэглээний шинэ соёл, дадал хандлагыг төлөвшүүлэх нь гурав дахь төслийн бас нэг чухал зорилго. Компакт гэрээний үр өгөөжийг урт хугацаанд тогтвортой хадгалах, хүртээмжтэй байлгах зорилгоор эдгээр дэд төслийг цогцоор нь нарийн төлөвлөсөн гэж ойлгож болно.
-Ажиллах хүчний асуудлаа хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа вэ?
-Юуны түрүүнд Ус сувгийн удирдах газар дотоод нөөц бололцоогоо ашиглах буюу шинэ дэд бүтцүүдэд ажиллах боловсон хүчнээ мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалт, туршлага солилцох түншлэлийн хөтөлбөрүүдэд хамруулах зэрэг арга хэмжээг авна. Мөн Монголын Мянганы сорилтын сангийн нийгэм, жендерийн нэгтгэсэн төлөвлөгөөний хүрээнд усны салбарын инженер, техникийн ажилтнуудыг шинээр бэлтгэх, чадавхжуулах, дадлагажуулахад анхаарч, дэд бүтцийн төслүүдэд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг 30-аас доошгүй хувьд хүргэх, төсөл хэрэгжиж буй орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, эрхэлж буй худалдаа, үйлчилгээг дэмжин ажиллах зорилт тавьж ажиллах шаардлагыг гэрээлэгч компаниудад тавьж, хянаж байна.
-Шинээр бий болгож буй ажлын байрнаас гадна хоёртом үйлдвэрийн бүтээн байгуулалт болон бусад төсөл, үйл ажиллагааны хүрээнд худалдан авч буй ажил, үйлчилгээ гээд энэ том мега төслөөс дотоодын эдийн засагт орж ирэх шууд хувь нэмэрч амгүй болов уу?
-Тэгэлгүй яах вэ. 2021 оны наймдугаар сарын 22-ны байдлаар гаргасан тоо баримтаар л гэхэд компактын төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд 190.2 тэрбум төгрөг буюу 59.6 сая ам.долларын ажил, үйлчилгээг дотоодын зах зээлээс худалдаж авсан байна. Мөн ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралт, бусад ажил, үйлчилгээ үзүүлж байгаа туслан гүйцэтгэгчдэд ойролцоогоор 300 орчим шинэ ажлын байр бий болгосон. Үүнээс 120 нь монгол ажилчин. Бүтээн байгуулалтын үед түр ажлын байр илүү олноор бий болно. Дээр дурдсанчлан дотоодын нэг компани буюу “Эм Си Эс пропертис” үндсэн гэрээлэгчээр, бусад 10 компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Үүнээс гадна мөнгөөр илэрхийлэх боломжгүй асар олон үр өгөөж бий. Компактын хүрээнд бизнесийн салбарт сайн туршлага, шинэ жишиг, хандлага, стандартууд нэвтэрч байна. Тухайлбал, бүх гэрээнд авлига, сонирхлын зөрчлөөс ангид байх, бизнесийн үйл ажиллагаандаа хүний эрхийг зөрчихгүй байх, байгаль орчны стандартыг чанд мөрдүүлэх, нийгмийн бүхий л бүлгийн оролцоог хангах заалтуудыг зайлшгүй тусган мөрдүүлж, хяналт тавьж ажилладаг. Энэ бүхний цаана олон улсын хэмжээний томоохон тендер, төсөл хэрэгжүүлэх арга зүйг Монголд нэвтрүүлж, нутагшуулж байна гэсэн үг. Байгаль орчны стандартыг мөрдөхтэй холбоотой сонирхолтой байж мэдэх жишээ дурдахад, ус гүн цэвэршүүлэх үйлдвэр барьж буй нутаг дэвсгэрт бид монгол тарвагыг биологийн олон янз байдлын чухал төлөөлөл зүйл болгон хамгаалах ажлууд хийж байна. Үр дүнд нь 60 гаруй тарвага өсөжүржээд одоо 100-гаасолонболсон. Мөн бүх төсөл, үйл ажиллагааны техник, эдийн засгийн үнэлгээ (ТЭЗҮ) боловсруулахдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн оршин суугчид, төрийн, мэргэжлийн, мөн төрийн бус байгууллагуудын саналыг сонсож, тусгаж байгаа. Жендерийн тэгш байдлыг хангах асуудлууд, эерэг боломжуудыг үнэлүүлж байгаа шинэлэг туршлагыг БХБЯ-тай хамтран барилгын салбарт нэвтрүүлэхээр ажиллаж байна. Манай хувийн хэвшлийнхэн МСК-аас тавигддаг эдгээр стандарт, журам, нөхцөлд нийцэж ажилласнаар яваандаа Монголын нийт хувийн хэвшлийнхний дунд олон улсын түвшний шинэ хэм хэмжээ, стандарт тогтоно. Тэрхэрээр манай хувийн хэвшлийнхний олон улсад өрсөлдөх, гадаадын хөрөнгө оруулалт татах чадвар нэмэгдэнэ.
-Стандарт, зарчим гэснээс компактын санхүүжилт нийт 462 сая ам.доллар. Бага мөнгө биш. Зарцуулалт нь ямар зарчмаар, тендер шалгаруулалт хэр шударга, ил тод явагддаг нь их анхаарал татдаг асуудал?
-Энэ тал дээр эргэлзэх шаардлагагүйг би баттай хэлж чадах байна. Учир нь бүх худалдан авалт, санхүүгийн үйл ажиллагаа, төлбөр тооцоог Мянганы сорилтын корпорацын дүрэм, журмын дагуу зохион байгуулж, хэрэгжүүлдэг. Компактын санхүүжилтээр хэрэгжүүлэхбүх төсөл дээр ажил, үйлчилгээ үзүүлэх гадаад, дотоодын гүйцэтгэгчийг олон улсын нээлттэй, өрсөлдөөнт тендерээр сонгон шалгаруулдаг. Тендерийг үнэлэх үнэлгээний хорооны гишүүдийг мөн тендерээр шалгаруулж, шалгарсан үнэлгээний хорооны ажлыг худалдан авах үйл ажиллагааны бие даасан төлөөлөгч давхар хянадаг. Түүнтэй адил бүх төлбөр тооцоог бие даасан санхүүгийн төлөөлөгчийн газар гүйцэтгэдэг. Мөн авлига, санхүүгийн луйвар гарч болзошгүй бүхий л тохиолдлыг тодорхойлсны үндсэн дээр иймасуудлаасурьдчилан сэргийлэх, тэмцэх төлөвлөгөөг боловсруулж, МСК-ын холбогдох алба болон хууль хяналтын байгууллагатай хамтран ажилладаг. Энэ бүгд бидний хувьд зайлшгүй нутагшуулж үлдэх учиртай сайн туршлага, загвар юм. Ташрамд хэлэхэд, худалдан авах ажиллагааны зарлалууд, ажлын байрны зарууд, энэ дурдсан бодлого, дүрэм, журам, компактын холбогдолтой бүх мэдээллийг манай албан ёсны mca-mongolia.gov.mn цахим хуудаснаас авах боломжтой.