Монголын циркийн урлагийг үүсгэн байгуулагчдын нэг, Ардын жүжигчин Л.Нацагийн 100 жилийн ойд зориулсан “Циркийн Нацаг” гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 28-нд дэлгэнэ. Арваадхан настайгаасаа амьдралын хүнд үеийг даван туулж, циркийн урлагт суралцсан түүний 100 насны ойг гэр бүл, үр хүүхдүүд болон циркийн үе үеийн жүжигчид хүндэтгэлтэйгээр тэмдэглэхээр бэлдэж буй юм. Эл ойг тохиолдуулан дэлгэх үзэсгэлэнд түүний амьдрал, уран бүтээлийн гэрэл зурагт бууж үлдсэн ховор нандин мөчүүд болон сонирхолтой үзмэрүүдийг дэлгэх аж. Үзэсгэлэн ирэх сарын 11 хүртэл Монголын театрын музейд үргэлжилнэ.
Ташрамд дурдахад, Л.Нацаг нь циркийн бүх төрлөөр мэргэшсэн онцгой авьяаслаг, чадварлаг жүжигчин байжээ. Тухайлбал, акробатын төрлүүд, гимнастик, тулах тэнцүүр, хөгжмийн эксцентрик, илбийн болон инээдмийн тоглолтын зохиол бичиж, циркийн үзүүлбэрийг төлөвлөж найруулан, үзэгчдэд хүргэж байв.