-Тухайн улс олон улсын шүүгчтэй байна гэдэг давуу талтай. Та батламж, энгэрийн тэмдгээ гардаж авлаа. Энэ мөчөөс эхлээд тив, дэлхийн тэмцээнд Монголын шүүгч зарлуулах болсон нь таатай сэтгэгдэл төрүүлж байна.
-Баярлалаа. Миний хувьд Малайзын Куала-Лумпур хотод болсон снукер биллиардын тив, сонирхогчдын ДАШТ-ийг анх удаа дэнслэн олон улсын шүүгчийн шалгалт амжилттай өгч, эрх авсандаа сэтгэл өндөр байна. Хойшид зохион байгуулах тив, дэлхийн тэмцээнээс урилга ирвэл шүүнэ. Тэнд болсон тэмцээнд Монголоос ахмад, залуучууд, эмэгтэйчүүдийн ангилалд нийт зургаан тамирчин өрсөлдлөө.
-Монголд биллиардын спорт хөгжиж байгаа ч бусад төрөл шиг залуу тамирчдаар хүрээгээ тэлэх нь ховор юм.
-Тухайн улсад спортын төрлүүд хөгжиж, залуу тамирчдаар хүч сэлбэж, хүрээгээ тэлэх нь олон зүйлээс шалтгаалдаг. Манайд биллиардын спортод 40-өөс дээш насныхны ангилалд өрсөлдөх боломж бий. Залуусыг энэ спортод системтэй бэлдэж, шигшээ баг бүрдүүлэн, цалинтай болговол өмнөхөөсөө илүү амжилт гаргана. Тэдэнд ажил, амьдралынхаа хажуугаар зав гаргаж, тууштай хичээллэх амаргүй. Харин ч тив, дэлхийн тэмцээнд бор зүрхээрээ оролцож улсаа сурталчлан, өдий дайтай амжилт гаргаж байгаа нь сайн хэрэг. Тэгвэл дэлхийн шилдгүүд тодорхой хэмжээний орлоготой байдаг тул зөвхөн карьер, амжилтдаа анхаарал хандуулдаг. Монголын тамирчид тэдэн шиг амьдралаа энэ спортод зориулж болох ч улсын дэмжлэггүй тул гадаадын тэмцээнд хувиасаа зардал гаргах хүндхэн асуудалтай тулгардаг.
-Шүүгч болгон тив, дэлхийн тэмцээн дэнслээд байдаггүй. Олон шалгуур давж шүүх эрх авдаг биз?
-Монголын биллиардын холбооноос тивийн тэмцээн шүүх шалгалт өгөх хүсэлт явуулахад “Та нар Азийн тэмцээн шүүх ур чадвартай гэдгийг батлан даавал шүүгчээ оролцуулж болно” гэсэн хариу ирснээр Малайзын Куала-Лумпурыг зорьсон юм. Тэнд нэг тоглолт шүүлгэж үзээд тэмцээний хуваарьт оруулж, өдөр бүр гурван тоглолт шүүлгэсэн. Тивийн тэмцээний дараа сонирхогчдын ДАШТ болсон. Тэнд олон тэмцээн дараалж давхцах эхэндээ амаргүй санагдаж байлаа. Тэмцээнтэй зэрэгцээд шүүгчийн шалгалт ч эхэлсэн. Би эхлээд ахмадын ангилалд өрсөлдсөн 40-өөс дээш насныхны багийн төрөл, дараа нь залуучуудын ангиллын тэмцээн шүүсэн. Тэр дундаа Монголынхоо тамирчдын тоглолтыг шүүхдээ сэтгэл их догдолж байлаа. Манайхнаас Б.Энхтүвшин тэмцээний салхи хагалж, түрүүлж тоглосон. Малайз улс биллиардын спортод өндөр амжилт гаргасан олон аваргатай юм билээ. Ираны тамирчид энэ удаа хүчтэй өрсөлдөгч болж алт, мөнгөн медаль хүртсэн бол малайзчууд III, IV байрт шалгарсан юм. Багийн төрөлд эзэн орны тамирчид түрүүллээ. Катарын тоглогчид англи дасгалжуулагчийн удирдлагад оролцсон тул тэмцээнийг өрсөлдөөнтэй, сонирхолтой болгосон. Мөн хойд хөршийнхөн ч эн тэнцүү тоглолт харууллаа. Азиас энэтхэгчүүд маш сайн тоглодог. Өмнөд хөршийнхөн оролцоогүй нь нэг талаар олон тамирчинд медалиас атгах боломж олгосон гэхэд болно. Багийн төрөлд АНЭУ-ын тоглогч, өнгөрсөн жилийн дэлхийн аваргыг Хонконгийн тамирчин хожсон нь үзэгчдийн сонирхлыг их татсан шүү.
-Тайландад 1998 онд болсон Азийн наадамд монголчууд анх удаа биллиардын спортоор өрсөлдсөн түүх бий. Та тэр тэмцээнд оролцсон байх аа?
-Тийм ээ. Малайзад хөл тавихад өөдөөс бүгчим халуун угтаж, 24 жилийн өмнөх тэмцээний дурсамжийг өөрийн эрхгүй бодогдуулж байлаа. Би 1998 онд ах, хоёр найзынхаа хамт Тайландын Бангкок хотод болсон Азийн XIII наадамд анх удаа оролцсон. Тухайн үед надад тамирчнаар оролцохоос илүү тэмцээн шүүх сонирхолтой санагдаж, шүүгч болъё гэх бодол төрсөн юм. Тэндээс ирээд гадаадын тэмцээнд дахиж оролцоогүй. Биллиард ч тоглохоо больж, сургууль, амьдралын мөр хөөж, өрх тусгаарласан.
-Дэлхийн аваргад шилдгүүд оролцдог тул тэмцээний уур амьсгалыг сонирхолтой болгодог. Тэнд жинхэнэ өрсөлдөөн, тэмцэл харагддаг юм билээ.
-Европын домогт аваргуудын сэтгэл хөдөлгөсөн тоглолтын гоё агшнуудыг ДАШТ-ээс олж хардаг. Хаана, ямар улсад биллиард өндөр хөгжиж байгааг алдартай тамирчдын тоглолт тодорхойлдог юм. Тэдэнтэй Азийнхан ч ана мана өрсөлдөнө. Малайзад болсон тэмцээнд Азийнхнаас аварга төрлөө. Снукер биллиардын зургаан улааны ДАШТ-д Энэтхэгийн тоглогч Катарын тамирчныг хожиж, аваргаар тодорсон. Сонирхуулахад, Монголын тоглогчдоос Б.Сэргэлэн Ираны тамирчин, 2019 оны дэлхийн аварга Амир Саркошийг хожсон юм. Тэрбээр хожигдчихоод цохиураа ширээн дээр шидэж “Хэн ч танихгүй Монголын тоглогчид хожигдчихлоо гэж үү” хэмээн бухимдаж байв. Манайхан Куала-Лумпурт болсон тэмцээнд адал явдлаар дүүрэн оролцсон. Тэднийг Монголоос Малайзыг зорих хооронд биллиардын цохиур мод нь алдагдаж, БНСУ-д ачаа тээшний чингэлэгт хураасныг 10 гаруй хоног хайж хөөцөлдсөөр Азийн АШТ өндөрлөсний дараа, дэлхийн аваргын хэсгийн тоглолт дуусаж байхад ирж оролцсон. Тэд багийн төрөлд өрсөлдөх байсан ч ийм саадаас болоод тоглож чадаагүй. Тив, ДАШТ-д нь оролцохоор хувиасаа өндөр зардал гаргасан тамирчид тэндээс сэтгэл гонсгор ирсэн.
-Монголоос эмэгтэйчүүдийн ангилалд Б.Нарантуяа өрсөлдсөн. Тэмцээн шүүхдээ нутгийн тамирчнаа хэрхэн тоглох бол гэж сэтгэл догдолж зогссон байлгүй.
-Би түүний өрсөлдөгч болох Энэтхэгийн тамирчны хоёр ч тоглолтыг шүүсэн. Тэрбээр нэг тоглолтод хожиж, нөгөөд нь хожигдсон юм. Түүнийг Хонконгийн тамирчинд ялагдахад “Гайгүй тоглочихдог юм байна. Манай тамирчин сайн тогловол түүнийг хожиж болохоор харагдана” гэж бодож байлаа. Б.Нарантуяад “Энэтхэгийн тамирчин зөв тоглох гэж их хичээдэг юм байна. Алдаан дээр нуувчнаас цухуйлгах тохиолдол гардаг. Шүүгчид үүнд санал зөрдөг тал бий. Тийм үед тоглолтын хэмнэлээ битгий алдаарай” гээд зөвлөсөн. Түүнд хожигдож яваад 2:2 болж оноо тэнцсэн. Шөвгийн наймд манай тоглогч өрсөлдөгчөөсөө 20 оноогоор илүү байсан ч бага багаар алдсаар, тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Сүүлийн тоглолтод яарч, тактикийн алдаа гаргасан ч хойшид медалийн төлөө тоглох нөөц, боломж харагдсан. Б.Нарантуяа тамирчныхаа хувьд шийдэмгий зантай. Түүн шиг ур чадвартай тоглогч Монголд төртөл удна. Түүнтэй Энэтхэгийн тамирчин тоглохдоо эмээж, гар нь салганаад чичирч байлаа. Турк улсад арванхоёрдугаар сард болох ДАШТ-д Монголоос оролцох хоёр тамирчны нэгээр Б.Нарантуяа сонгогдсон.
-Гадаадын тоглогчид томоохон тэмцээнд багтайгаа ирж оролцдог. Энэ удаа ч гэсэн анзаарагдав уу?
-Гадаадын тамирчдаас давуу талуудыг олж хардаг. Багийнх нь менежер тоглолтын үед арын албаны бүх зүйлийг зохицуулна. Тайландын дасгалжуулагч тамирчдынхаа дэргэдээс алхам ч холдохгүй дагаж, өрсөлдөгчтэйгөө хэрхэн тоглох талаар байнга зөвлөж байгаа харагдсан. Эмэгтэйчүүдийн төрөлд Энэтхэгийн тамирчныг Тайланд тоглогч 3:0-ээр илүүрхэж түрүүллээ. Энэтхэгийн тамирчин 44 настай. Олон тэмцээнд оролцсон тул туршлага хуримтлуулсан нь анзаарагдсан. Тэрбээр дүрмийн дагуу тоглодог. Түүний тоглолтыг манайхан хараад “Сүүлийн тоглолтын торгон агшинд давуу талаа харуулж, ягаан шааргийг сайн авлаа” гээд ярьж байлаа.
-Та биллиардын спортын юунд нь тэгтэл их татагдсан юм бол?
-Багадаа хүмүүсийн биллиард тоглохыг сонирхож хараад ямар гоё спорт вэ, хичээллэх сэн гэж боддог байв. Долдугаар ангийн сурагч байхдаа гар хийцийн ширээнд пүүл биллиард анх тоглож сурсан. Ах минь снукер биллиардын клуб нээж, 1995 онд УАШТ анх удаа зохион байгуулсан юм. Түүнээс гурван жилийн дараа Монголын тоглогчид Азийн XIII наадамд анх удаа оролцохдоо дэлхийн домогт аваргуудыг дэргэдээс нь харж билээ. Тус наадамд Хонконгийн Марко Фу өрсөлдсөн. Малайзад зохион байгуулсан дэлхийн аваргатай зэрэгцэж Хонконгод мастеруудын тэмцээн болоход тэрбээр алдарт Ронни О.Салливаныг 147 оноогоор буулган авч, II байрт шалгарлаа. Би мэргэжлийн тамирчдаас Стив Девисийн тоглолтын бичлэгийг сонирхож үздэг байлаа. Тэр жил Азийн наадамд өрсөлдсөн шилдгүүдээс Жэймс Ваттана Малайзад ирж, ахмадын ангилалд оролцсон.
-Азийн наадмын тоглолт тэр үед ямар бодол төрүүлсэн бэ?
-Анх удаа оролцсон болохоор сандарч, их догдолсон. Монголд тэр үед цөөн клуб үйл ажиллагаа явуулдаг байлаа. Азийн наадмын ширээнд тоглосон бидэнд бүх зүйл өөр байлаа. Учир нь бид өмнөд хөршөөс оруулж ирсэн стар ширээнд биллиард тоглодог байсан юм. Бид одоо тоглодоггүй ч гэлээ дуртай спортоосоо холдож чаддаггүй. Спортын ямар ч төрлийг хөгжүүлэхэд сэтгэл, зоригоос гадна хөрөнгө, санхүү их шаарддаг. Энэ спортод сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүс Монголд биллиардыг хөгжүүлж байна. Азийн наадамд оролцсоны дараа ах “Чи биллиард, сургуулийн аль нэгийг нь сонго” гэж зөвлөхөд сургуулийг нь сонгож байлаа. Монголд биллиардын спортыг дэмжиж, шигшээ баг бүрдүүлээд тив, ДАШТ-д сойвол амжилт гаргана. Шигшээ багт хоёр тамирчин байхад болно. Тэднийг гадаадын тэмцээнд оролцоход нь тодорхой хэмжээгээр тусалдаг байвал ур чадвар нь ахиж, тоглолтынх нь чанар дээшилнэ. Мэргэжлийн тамирчин шалгаруулах тэмцээн Ази тив, Англи улсад зохион байгуулдаг. Азид болсон тэмцээнд амжилттай өрсөлдсөн нь Англид тоглодог юм. Манайхаас Т.Хаш-Очир оролцсон. Тэнд зохион байгуулдаг тэмцээнд амжилт гаргавал мэргэжлийн тамирчин болох боломж бий.
-Шүүгч өөрийгөө хөгжүүлэхэд олон талын ур чадвар эзэмших шаардлагатай байдаг уу?
-Олон улсын шүүгчид дүрмээ англи хэлээс орчуулж, тамирчдад зөв тайлбарлах чадвартай байх ёстой. Малайзад шүүгчдээс шалгалт авахдаа 40 асуулттай тест өгч, асуулт, хариулт маягаар явуулсан юм. Шүүгчид эхлээд тивийн тэмцээн шүүх эрх авч, тодорхой хугацааны дараа олон улсын тэмцээн шүүх эрхтэй болдог. Зөвхөн энэ удаа тив, дэлхийн тэмцээн шүүх эрх олгосон. Бидний хувьд энэ нь азтай, ховор боломжуудын нэг байлаа.
-Биллиард өртөг өндөртэй спортод тооцогддог гэж сонссон.
-Өртөг өндөртэй спортын төрөлд багтана. Бидний үеийнхэн эхлээд пүүл, дараа нь снукер биллиард тоглож сураад тэмцээнд оролцдог байлаа. Пүүл биллиард сайн тоглодог бол снукерийг амархан сурдаг. Сүүлийн үед залуус снукер биллиардаар дагнах болсон. Тэднийг хичээллэх орчин, нөхцөлөөр нь хангаж байж сайн тамирчин бэлтгэнэ шүү дээ. Гадаадын тэмцээнд оролцдог тамирчид голдуу биллиардын спортын хүрээллийнхэн байдаг. Түүнээс биш мөнгөтэй хүн болгон энэ спортыг сонирхдоггүй. Намайг энэ спортоор хичээллэхэд ах минь их нөлөөлсөн. Тэрбээр одоо гарын шавьтай болж, тэмцээнд сойх болсон доо.
-Та Азийн наадамд оролцсоноос хойш биллиардаас түр завсарласан. Тэр хугацаанд боловсрол эзэмшихээр ямар сургуульд сурав. Хойшид залгамж халаагаа бэлдэнэ биз?
-Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд суралцсан. Миний хувьд 2015 оноос Монголын биллиардын холбооноос зохион байгуулсан улсын чанартай тэмцээний аваргын төлөөх тоглолтыг шүүдэг болсон юм. Тэр үед тив, дэлхийн тэмцээн шүүх олон улсын шүүгч болох сон гэж бүтүүхэндээ горьддог байлаа. Олон жил зорьсны эцэст хүсэл минь биеллээ. Манайхан намайг цаашлуулж “Энэ олон улсын шүүгч байгаа юм” гэдэг байв. Малайзад шалгалт өгч байхдаа “Эрхээ авч чадахгүй бол яана” гэх бодол хамгийн түрүүнд төрж билээ. Тэнд миний бус, улсын минь нэр гарах учраас шалгалтаа амжилттай өгч, тэнцэхийн төлөө их хичээсэн. Миний том хүү 13 настай. Спортоос илүү хэлний мэдлэгтэй болохыг сонирхдог. Би биллиардаар хичээллэ гэж хүчилдэггүй. Бид хүүхдүүдийнхээ хүсэл, сонирхлыг хүндэлж, дуртай зүйлээр нь хөгжүүлнэ гэж боддог.
-Монголд мэргэжлийн шүүгч бэлдэх сургалт зохион байгуулдаг уу?
-Бид мэргэжлийн шүүгчдийг хойшид бэлдэх хэрэгтэй. Шүүгч болох сонирхолтой залуус дотоодын сургалтад хамрагддаг. Сайн шүүгч болохыг хүсвэл өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай. Суралцахаас гадна судалгаа хийх хэрэгтэй. Миний хувьд шүүгч ямар байх ёстой талаар мэддэг, чаддаг зүйлээсээ залууст зааж, зөвлөдөг. Олон улсын шүүгч тамирчны харах өнцгөөс хойш 45 градусын налууд зогсох ёстой. Тоглолтын ширээнд бух хаана байна тэнд бүх анхаарлаа төвлөрүүлдэг юм. Азийн АШТ-ийг анх шүүхэд Шри Ланка улсын шүүгч олон зүйл заасан. Түүний болон Энэтхэгийн шүүгчдийн ур чадвараар их бахархлаа. Надад суралцах зүйл их бий. Олон улсын шүүгчид цахим групп нээснээр нэгнээсээ тэмцээний үед баримтлах дүрмүүдийг асууж, санал солилцдог болсон шүү.