ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Монголхүү, Б.Уранзолбоо нар Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровтой хамтарч дууны уран бүтээлийн “Дуусашгүй” хэмээх тоглолтоо үзэгч, сонсогчдодоо өнөөдөр өргөн барина. Б.Монголхүү бол дуурийн дуулаачдын олон улсын уралдаануудын шагналт, баритон хоолойт уран бүтээлч бөгөөд Монгол Улсынхаа нэрийг гадаадын нэр хүндтэй тайзнаа олонтоо дуурсгасан билээ. Б.Уранзолбоо нь меццосопрано буюу өтгөндүү сопрано хоолойтой. Театрынхаа уран бүтээлүүдэд дүр бүтээхийн зэрэгцээ сүүлийн үед дуулсан “Хайгуулч хархүү”, хамтран дуулсан “Амраг минь дээ” зэрэг дуугаараа олны танил болж буй дуучин.
Энэ гурван уран бүтээлч хамтрах болсон түүх 2018 оноос эхтэй аж. Гэр бүлийн хоёр дуучин Москвад П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд дуулаачаар суралцаж байж. Б.Уранзолбоо хөгжмийн зохиолч Н.Жанцанноровт хандаж нэгэн дууг нь дуулах зөвшөөрөл авахаар холбогдож л дээ. Тэгэхэд нь Жа багш “Ганцыг дуулах юм уу, хоёрыг уу, эсвэл нэлээд хэдийг “барьж аваад” нэгмөсөн томоохон ажил болгох юм уу. Тоглолт, CD гээд ярих юм уу, өөрсдөө л мэд” гэх хариу өгсөн гэнэ. Оюутан залуус ийм хариу авна чинээ бодоогүй байсан тул ихэд баярлан хөгжмийн зохиолчийн дууны санг уудалж эхэлсэн юм билээ. Тэд сургуулиа төгсөж ирээд ДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж эхлээд удаагүй байтал цар тахал тархаж. Тэгсэн ч залуус томоохон ажил хийх зорилгоосоо ухралгүй, “Ковид”-д тээглэлгүй, дуунуудыг нь судалж, дуулж, өөрсдийн болгож, хөгжмийн зохиолчтой байнгын харилцаатай байсаар өдий хүрчээ.
Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровоос хамтарсан тоглолт хийх гэж буйн учрыг лавласан юм. Тэрбээр “Ковид”-ын жилүүд ард хоцорлоо. Манай урлаг, уран сайхны амьдрал дахин сэргэж байна. Уран бүтээлчид өнгөрсөн хоёр жилд тайз, дэлгэцнээ бараг гарсангүй. Гэсэн ч уран бүтээлийн их бэлтгэл хийж, нөөцтэй болжээ. Нэг жишээ нь дуучин Б.Монголхүү, Б.Уранзолбоо нар юм. Тэдний одоо үзэгчдэд хүргэх гэж байгаа тоглолт онцлогтой. Дуучин хос миний дуунуудтай хоёр жил гаруй хугацаанд танилцсаны дүнд хэдийг нь сонгож дуулахаар барахгүй, CD хийлгэсэн. Морин хуурын чуулга, “Анир” поп оркестр тоглож, “Анир” студи бичсэн. Бидний ярьдгаар жинхэнэ буюу “амьд” хөгжимтэй CD гарсан. Дуучид бол Москвагийн Хөгжмийн их сургуулийг дүүргэсэн хүмүүс. Москвагийн дэг сургууль нь бүх талаараа Евразид ахалдаг. Хоолойн хүч, драматизм гэж ярьдаг, өрнүүлэг илэрхийлэх талаар Италийн дэг сургуулиас илүү гэж судлаачид үздэг. Италийнх бол уянгалаг сайхан дуулах тухайд давуу. Хөгжмийн их сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр гадаадад төгсөгчид ирсэн даруйдаа иргэний уянгын дуу дуулах нь ховор байдаг байсан. Харин энэ залуус бол ирээд удалгүй Монголын хөгжмийн зохиолчдын дуунуудаас дуулж эхэлсэн нь их чухал. Өөрөөр хэлбэл, миний дуунуудад сэлбэлт хийгдэж, дахин төрөх нь гэж ойлгож байгаа юм. Дуунууд шинэ хүчтэй хоолой, шинэ дэг сургуулиар яаж гарч ирэхийг үзэгчид сонсох болно. Хүмүүсийн сонсож дадсан дуунууд үзэгчдийн хүлээж байснаас өөрөөр сэтгэлд нь очно. Энэ нь уран бүтээл дэх шинэ амьсгаа, шинэ мэдрэмж байх болно” гэлээ.
Гоцлол дуучин Б.Монголхүү ямар, ямар дууг нь сонгосон талаар асуулаа. Тэрбээр А.Самбалхүндэвийн шүлэгт зохиосон, цэнхэр униар дундаасаа дүнхэр уулс сүндэрлээд, төрсөн нутгийн бараа нь хө, түмний газраас харагдаад байна даа хө хэмээн эхэлдэг “Төрсөн нутгийн бараа”-г нь дуулах аж. Хөгжмийн зохиолчийн анхны дуунуудын нэг үүнийг хэдэн жилийн өмнө нийтийн дуучид олонд хүргэсэн нь бий. Мөн Ч.Чимэдийн шүлэг, уяхан тэнгэрийн эзэн нь болоод усны шувууд зэллээд ирлээ хэмээн өгүүлдэг “Усны шувууд”, Г.Мэнд-Ооёогийн шүлэг “Түмэн наст адуу” зэрэг тухайн үед нь нэгэн дуучин дуулсан ч нийтэд төдийлөн хүрээгүй бүтээлүүдийг хүргэх юм байна. Өөрөөр хэлбэл, хав дарагдсан зарим бүтээлийг нь дуучид дахин амилуулахаар шийдэж. Дуучин хөгжмийн зохиолчийн, ард түмний амны уншлага болсон гээд хэлчихэд буруудахгүй “Аргалд явсан ижий”-г өөрийнхөөрөө хүргэх нь ээ. Ардын жүжигчин А.Долгорынхоор бид мэддэг бол өдгөө Б.Монголхүү хэмээх Москвагийн Хөгжмийн их сургуулийн дэг сургуультай дуучныхаар шинээр сонсох болох нь. Дуучин “Жанцанноров гуайн бүтээлүүд ерөнхийдөө дуулахад хэцүү. Хоолойн цараа их шаарддаг. “Төрсөн нутгийн бараа”-гаас бусад нь амаргүй. Гэсэн ч Уранзолбоо бид хоёр түүний дуунуудыг хэрхэн ойлгож, мэдэрч байгаагаараа, өөрсдийнхөө манераар шинэчлэхийг нь шинэчлээд, шинийг нь анхлан дуулах гэж байна” гэлээ. Дууны шүлгийн мастер Д.Цэдэв үгийг нь бичсэн, алдарт угсаатан судлаач Ж.Бадраагийн гэгээн дурсгалд зориулсан “Дуусашгүй дуу минь” гэдэг бүтээлээр гурван уран бүтээлч тоглолтоо нэрлэсэн нь бас нэгийг хэлэх биз ээ. Хөгжмийн зохиолч өөрөө үгийг нь бичсэн “Хайрлан дуулмаар байна”, “Амраг минь дээ” хоёрыг нь дуучид хамтдаа дуулахаараа бас онцлог.
Гоцлол дуучин Б.Уранзолбоо нь хөгжмийн зохиолчийн “Бурхан бумбын орон”, “Хүний заяа”-г дуулна. Эхнийхийг Гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс олонд хүргэснийг бид мэднэ. Мөн сопрано хоолойтнууд ээлж дараалан дуулж монголчуудын сэтгэл, зүрхэнд уясан “Хүний заяа”-г меццосопрано хоолойт дуучин хэрхэн дуулах нь бас л сонирхол татна даа. Хөгжмийн зохиолч нь Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн 2018 онд буюу бие тааруу байх үедээ бичсэн “Сүүгээр бүтсэн бурхан” шүлэгт хөгжим зохиож дуу болгосныг мөн тэрбээр анхлан дуулах гэж байна. “Тал байсан болохоор уулс ургажээ ээж ээ, та байсан болохоор хүү чинь ургажээ ээж ээ...” хэмээн өгүүлэх болно.
Гоцлол дуучин Б.Уранзолбоо “Бид гурав энэ ажлаа 2019 оноос эхэлсэн. Үндэс суурь нь бол бид П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургууль төгсөх үеэс эхтэй. “Хүний заяа”-г дуулснаар шүүмжлэл нэлээд сонсох байх. Шүүмжлээсэй ч гэж бодож байна. Үүнийг дуулахгүй гэж бодож байтал Жанцанноров гуай хүсээд байлаа. Аав минь бас их дуртай. “Миний охин CD-дээ энэ дууг оруулчихаач” гээд байсан. Тэгэхээр нь дуулахаар болсон юм. Б.Монголхүү маань Жанцанноров гуайн “Аргалд явсан ижий”-г дуулах гэж байгаа. Жанцанноров гуай “Энэ дууг эмэгтэй хүнд зориулж бичээгүй юм. Анх бол эрэгтэй хүн дуулсан. Гэхдээ Ардын жүжигчин А.Долгор дуулснаар ард түмэн мэддэг болсон. Одоо Б.Монголхүү дуулбал яасан юм” гэсэн. Ингээд бид олон сайхан хүний дэмээр тоглолтоо хийх гэж байна. Дуунуудын найруулгыг “Анир” студи болон Морин хуурын чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан хийсэн. Сайхан болсон. Тоглолтын эхний хэсэгт Н.Жанцанноров гуайн дуунуудыг Морин хуурын чуулгатай дуулна. Хоёр дахь хэсэгт “Анир” поп оркестртой дуулах юм” гэлээ.
Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Залуу дуучид миний дуунуудаас “Аргалд явсан ээж”- ээс эхлүүлээд, “Бурхан бумбын орон”-г дамжуулаад, хамгийн сүүлд гаргасан, хэн ч сонсоогүй хэд хэдэн дууг CD-дээ багтаалаа. Тэгэхээр энэ бол миний хувьд ч, бусдын тухайд ч нэг юм уу, хоёр дуучин зөвхөн нэг хөгжмийн зохиолчийн бүтээлүүдээр цомог гаргаж буй анхдагч тохиолдол болж байна” гэж байлаа. Мөн өмнө нь олонд хүргэсэн, сэтгэлд нь хоногшсон дуунуудыг өөр хоолой, өнгө аяс, манераар хүлээж авах гэдэг уран сайхны соёл дахь бас нэгэн өөрчлөлт, дэвшил юм гэж байлаа.
Ийм гурван уран бүтээлч “Дуусашгүй” тоглолтоороо Монголынхоо дууны уран бүтээлд шинэ салхи сэвэлзүүлж, шинэ мэдрэмж өгөх нь ээ.