Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын урчуудын эвлэлийн гишүүн, уран бүтээлч А.Очирболд бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ. Дүрслэх урлаг сонирхогчид түүнийг “Ухамсар” тэргүүтэй бүтээлээр нь эчнээ мэднэ. Тэгвэл тэрбээр энэ удаа үл тасрах гагнаасаар гагнагдаж, гүн хэлхээ холбоогоор хэлхэгдсэн биес болон зураас нь нэгэн бүхэл болохыг илэрхийлэхийг зорьжээ. В контемпорари арт галерейнхан “Гүн аниргүй, бүүдгэр гэрэлд зэвтэй хүмүүний хэлбэрийг өөр хооронд нь хэмнэл үүсгэж, нэгэн цул болгохдоо бидний амьдарч буй өөр хоорондын хэт хамааралтай нийгэм урдаас хашхирах шиг санагдана. Хатуу төмрийг уян утас мэт болгож, нэг нэгэнтэй нь холбон, үл тасрах гинжин хэлхээг сануулам нэгэн том оршихуйн нүүрийг бүтээжээ. Түүний мэлмийгээс гэрэл цацрах агаад завсар бүрээс тусах гэрэл, сүүдэр нөмрөн авах мэт. Дотогш өнгийвөөс өөрийгөө болон өрөөлийн нийгмийг харуулж байгаа мэт” хэмээн эл үзэсгэлэн болон А.Очирболдын бүтээлүүдийн онцлогийг тайлбарласан. Уран бүтээлч А.Очирболдын үзэсгэлэн энэ сарын 12 хүртэл B контемпорари арт галерейд үргэлжилнэ.
Бэлтгэсэн А.Хангал