Энэ сарын эхээр болсон “UFC fight night 211” тэмцээн үзэгчдийн сонирхлыг төдий л татаагүй. Харин “Meta” компанийн захирал, тэрбумтан М.Зүкерберг хүрэлцэн ирж үзсэнээрээ анхаарлын төвд оржээ. Хамгийн гол нь тэрбээр уг тэмцээний бүх тасалбарыг худалдаж аваад, эхнэрийн хамт хоёулхнаа тулаан үзэж сонирхсон байна. Уг тэмцээн эхлэхээс өмнө фанатууд, сэтгүүлчдэд хаалттай болно гэсэн мэдээлэл гарсан агаад UFC-ийн ерөнхийлөгч Д.Уайт үүнийг нотолсон юм. Гэхдээ шалтгааныг нь тэрбээр тайлбарлаагүй, харин “Сүүлийн үед маш их ачаалалтай ажиллаж байгаа үзэгч та бүхнийг бид нар амраахаар шийдлээ. Гэртээ үлдээд, пицца захиалж, тулаанаа хараарай” гэж хошигнож байлаа. Гэвч уг тэмцээнд оролцох тулаанч М.Дерн энэ талаар нийгмийн сүлжээнд нийтэлснээр Д.Уайт, М.Зүкербергийн “нууц” задарсан.
“Уг арга хэмжээний бүх тасалбарыг Марк Зүкерберг худалдаж авсан. Ганцаараа, эхнэртэйгээ, эсвэл найзуудтайгаа үзэх, эсэхийг мэдэхгүй. Үдэшлэг ч болж магадгүй. Уг тулааныг телевизээр бүр олон хүн үзэх учир улам хичээж тулалдана” хэмээн М.Дерн бичсэн юм. Тун даруухан энэ тулааныг тэрбумтан яагаад сонирхсон нь тодорхой биш боловч хятад тулаанч Янь Сяонань оролцсон нь түүнийг ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж сэтгүүлчид таамаглажээ. Учир нь Маркийн эхнэр П.Чан хятад гаралтай.
Эцэст нь өгүүлэхэд, М.Зүкерберг цар тахлын үеэр холимог тулаанд дуртай болсон бөгөөд тун идэвхтэй хичээллэдэг ажээ.
Бэлтгэсэн Э.МАНЛАЙБААТАР