“Дэлхийн ур чадвар” олон улсын 46 дахь удаагийн тэмцээн энэ сараас эхэлнэ. Ирэх арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлэх тус тэмцээнийг АНУ, Австри, Швейцар, ХБНГУ зэрэг 15 улсад бүсчилсэн байдлаар зохион байгуулах аж. Тэмцээнд 58 орны 1000 гаруй оролцогч 61 төрлөөр өрсөлдөх бөгөөд үүний дотор манай улс ч багтаж байна. Тухайлбал, токарь, гагнуур, өрөг угсралт, сантехникч, тогооч, мужаан, цахилгаан угсралт гэсэн долоон төрөлд манай улсын оролцогчид өрсөлдөх нь. Тэднээс Завхан аймгийн Политехник коллежийн суралцагч, мужааны төрөлд өрсөлдөгч Г.Хатанбаатар “Дэлхийн ур чадвар” тэмцээний оролцогчийн тангаргийг эх хэлээрээ уншихаар сонгогджээ. Тэмцээний үеэр улс бүрээс нэг оролцогч тангаргийг эх хэлээрээ унших ёслол болдог гэнэ. “Дэлхийн ур чадвар” тэмцээнийг хоёр жил тутам нэг удаа зохион байгуулдаг. Манай улсын хувьд 2015 оноос хойш оролцож буй агаад гагнуурын төрөлд хоёр удаа шилдгээр шалгарч байв.