НҮБ жил бүрийн аравдугаар сарын 4-10-ныг Дэлхийн сансрын долоо хоног болгох санаачилгыг 1999 онд гаргажээ. Үүнээс хойш улс орнууд уг өдрүүдийг өргөн дэлгэр тэмдэглэж, сансрын шинжлэх ухааныг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн. 2022 оны Дэлхийн сансрын долоо хоног өнөөдөр эхэлж буйтай холбогдуулан Монголын скаутын холбоо, “Дүдү” боловсролын сан, “Зайсан хилл” соёл, амралтын цогцолбор хамтран хүүхэд, залууст зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн үйл ажиллагаа явуулахаар хөтөлбөр гаргажээ. “Сансрын урлан” үзэсгэлэн, худалдаа, “Галзуу эрдэмтэн” сургалт, үзүүлэх тоглолт, од эрхэс дурандах аялал, бүх насныханд зориулсан воркшоп, туршилт зэрэг сонирхолтой олон арга хэмжээг долоо хоногийн турш зохион байгуулах нь. Тэрчлэн Монголд сансрын аяллыг хөгжүүлэхийг зорьж байгаа Мэдээлэл, технологийн үндэсний парк, “Mars V” төслийн багийнхан үүнд оролцож, хэрэгжүүлж буй ажлуудаа олон нийтэд танилцуулах аж.