-Дэлхий дахинд цөмийн энергийг хөгжүүлэх бодлого, хандлага ямаршуухан байна гэж дүгнэдэг вэ?
-Хүн төрөлхтний 20 дугаар зууны мөрөөдөл цөмийн энергийг эзэмших байсан. Дайн байлдаан зарим зүйлийн хөгжлийг түргэсгэдэг учраас юун түрүүнд том гүрнүүд цөмийн зэвсэгтэй болсон юм. Дараа нь цөмийн энергийг амьдралд яаж ашигтай хэрэглэх вэ гээд атомын цахилгаан станц барьсан. Цаашлаад цөмийн энергийг салбар бүрт ашигладаг болж, хэрэглээ нь тэлсээр байна. Одоо дэлхий даяар 440 орчим цөмийн реактор ажиллуулдаг. Тархалтыг нь аваад үзвэл манай хоёр хөрш, АНУ, Франц, Япон Улс цөмийн олон реактор ажиллуулж байгаа. Анхны атомын цахилгаан станцыг 1954 онд ашиглалтад оруулснаас хойш 70-аад жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд атомын цахилгаан станцын овор хэмжээ багасаж, аюулгүй байдал нь сайжирлаа. Цөмийн цахилгаан станцын хоёр осол гарсан. Украины Чернобыль, Японы Фүкүшимагийн атомын цахилгаан станцад осол гарсныг бид мэднэ. Чернобылийн цахилгаан станцад техникийн алдаанаас болж осол гарсан юм. Тодруулбал, болоогүй байхад өндөр ачаалал өгчихсөн. Социализмын үед намын их хурлын өмнө томоохон бүтээн байгуулалт ашиглалтад оруулан, түүнийгээ сүр дуулиан болгодог жишигтэй байв. Намын даалгавар биелүүлж, өндөр ачаалал өгөөд, осол гаргачихсан юм.
-Ёжтойгоор нэрлэвэл улс төрийн осол байсан юм биш үү?
-Тэгж нэрлэж болох юм байна. Фүкүшимагийнх бол байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан. Техникийн талаас нь авч үзвэл цахилгаан хангамж нь тасалдсанаас үүдсэн осол. Би үүгээр атомын цахилгаан станцын осол цөөн байгааг хэлэх гэсэн юм. Цөмийн хоёр станцад осол гарснаар цөмийн энергиэс татгалзах хандлагатай болсон тал бий. Үүнийг дагаад уран буюу түүхий эдийнх нь үнэ хямдарч байлаа. Мөн том гүрнүүд цөмийн зэвсгийнхээ тоог харилцан бууруулаад эхэлсэн нь ч үүнд нөлөөлсөн. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор ногоон эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх шаардлага үүсээд байна. Усан цахилгаан станц барьж, нар, салхинаас эрчим хүч гаргаж авах технологи хөгжүүллээ. Гэвч нар, салхины сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл тогтвортой, найдвартай биш. Эрчим хүчний тогтвортой, найдвартай ажиллагааг нүүрсний цахилгаан станцууд сайн хангадаг. Үүнээс гадна атомын цахилгаан станц тогтвортой, найдвартай ажиллагаатай. Европ тив байгалийн хийн хараат байдлаас яаж гарах вэ гэдэгт маш их санаа зовж байна. Одоо атомын олон цахилгаан станц шинээр барьж байгаа. Цаашдаа улс орнууд дэлхийн уур амьсгалд сөргөөр нөлөөлөхгүйгээр эрчим хүчний хараат бус байдлаас гарч, өсөн нэмэгдэх хэрэгцээгээ хангахын тулд атомын цахилгаан станц барихаас өөр гарцгүй боллоо. Энэ хандлагыг дагаад дэлхийн зах зээлд ураны үнэ өссөн.
-Атомын цахилгаан станцаас гадна эрүүл мэндийн салбарт цөмийн энергийг ихээхэн ашигладаг болсон. Технологи нь сайжраад, хэрэглээ нь улам нэмэгдэж байгаа гэж ойлгодог.
-Германы физикч Вильгельм Конрад Рентген цацраг идэвхт туяаг нээсэн. Энэ нээлтийнх нь төлөө түүнд Нобелийн анхны шагналыг олгосон түүхтэй. Цацраг идэвхт туяаг түүний нэрээр “Рентген туяа” гэж нэрлэж заншсан шүү дээ. Манай улсад цөмийн энергийн хэрэглээг эрүүл мэндийн салбартаа анх нэвтрүүлсэн. Бид рентген туяагаар бие, эрхтнийхээ зургийг авахуулдаг болоод удаж байна. Одоогийн хавдрын эмнэлгийг анх цацраг туяаны эмнэлэг гэж нэрлэдэг байлаа. Өөрийн жишээн дээр ярья л даа. Би хоёр жилийн өмнө тархиныхаа нарийн судсанд тэлэгч тавиулсан. Тэнд миний өвчин, зовиурыг оношилж, хагалгаа хийсэн багаж бүгд цөмийн технологи байв. Манайхан компьютер томограф буюу CT, МRI-гаар харуулдаг болсон. Одоо ангиографаар цээжний хөндий, хэвлийгээ харуулдаг болжээ. Цөмийн технологийн эмчилгээ, оношилгооны багаж хэрэгсэл маш сайн хөгжсөн. Анагаах ухааны нарийн оношилгооны 80-90 хувийг цөмийн технологиор хийдэг. Шүдний эмнэлгүүд хүртэл рентген туяагаар зураг авч эмчилгээ хийдэг болсон. Цөмийн технологи хүн төрөлхтний өдөр тутмын хэрэгцээнд маш хурдтай нэвтэрч байна. Шинжлэх ухааны том нээлт араасаа ахуйн чанартай асуудлыг шийдвэрлээд өгчихдөг юм.
-Цөмийн технологи эрүүл мэндийнхээс бусад салбарт хэрхэн нэвтэрч байна вэ?
-Хөдөө аж ахуйн салбарт үрийг тэмдэглэх, бактериас хамгаалах ажлыг цөмийн технологиор хийж байна. Уул уурхайн салбарт ашиглаж эхэлсэн. Манай геологи хайгуулын 2-3 компани газрын гүний рентген туяаны багаж ашигладаг. Хатуу чулуулгийг өрөмдөхөөр чөмөг гарч ирдэг. Түүнийг нь шинжлээд ашигт малтмал байгаа эсэх, нөөц нь хэрийг тогтоодог. Харин нүүрс, газрын тосны хайгуул хийхэд өрөмний голоос чөмөг гарахгүй байх тохиолдол бий. Учир нь услаад өрөмдөхөөр зөөлөн чанартай зүйл учраас бутраад уначихдаг. Тэгэхээр нь өрөмдсөн нүх рүүгээ цацраг идэвхт бодис буулгачихдаг. Ингэж газрын гүнд ямар давхарга, ашигт малтмал байгааг шинжилж байна. Ялангуяа нефтийн хайгуулд энэ технологийг маш их хэрэглэдэг болсон. Гэх мэтчилэнгээр цөмийн технологи нэвтрээгүй салбар бараг байхгүй болсон. Хэдий чинээ гүн нэвтэрч нарийн харъя гэвэл цөмийн технологи л ашиглах шаардлага гарна.
-Уран гэхээр л олон нийтийн дунд хор хөнөөлтэй, аюултай гэсэн ойлголт төрдөг болсон. Гэхдээ бид эрүүл амьдрахын тулд уран ашиглаж байна. Одоо дэлхийн уур амьсгалыг өөрчилж буй хүлэмжийн хийг бууруулахын тулд атомын цахилгаан станц барихаас өөр аргагүйд хүрчээ. Олон нийтэд уран ашиг тустай талыг ойлгуулах хэрэгтэй юм шиг санагддаг.
-Уран бол дэлхий дээр түгээмэл тархацтай эрдэс. Үйлдвэрлэлийн зорилгоор ашиглах болохуйц нь ховор. Манай улсын ураны батлагдсан нөөц 192 мянган тонн. Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд 15-д ордог. Дэлхийн эхний 15-д ордог нөөц бол томд тооцогдоно. Цаашдаа судалгаа хийвэл нөөц нь нэмэгдэнэ. Эрдэмтэд нэг сая тонн ураны нөөцтэй гэж ярьдаг. Ийм хэмжээний нөөц тогтоовол дэлхий эхний тавд багтана. Цөмийн түлшний хэрэглэгч нь цөөн. Гэхдээ хэрэглэгч нь тодорхой, найдвартай байдаг. Тиймээс уран нүүрстэй адил бизнес биш. Франц улс цахилгаан станц барьсан бол түүнийхээ технологид нийцсэн түлш үйлдвэрлэнэ. Цөмийн цахилгаан станц түүхий эдээр найдвартай хангуулахын тулд ураны уурхайтай урт хугацаатай гэрээ хийдэг. Тэгэхээр нэг уурхай атомын 2-3 цахилгаан станцын нийлүүлэгч болж уяагддаг. Тийм учраас уран стратегийн бүтээгдэхүүн болж хувирдаг. Цөмийн нэг реактор 30-40 сая хүнийг цахилгаанаар хангах чадалтай. Ийм олон хүний амь, амьдралтай холбогдож байгаа учраас түүхий эдийн найдвартай байдлыг сайтар хангахаас өөр аргагүй. Манай улс ураны ордын нөөц их, бага байхаас үл хамаарч ашиглаж л байвал стратегийнх гэж үзэхээр хуульд тусгасан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж олсон ураны ордыг ашиглах компанийн хувьцааны 51 хувийг Монгол Улсын төр үнэ төлбөргүй эзэмших хуультай. Хэрэв хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар орд нээсэн бол төр ашиглах компанийх нь хувьцааны 34 хувийг үнэ төлбөргүй эзэмшинэ. Үүгээрээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнээс ялгаатай. Ингээд зогсохгүй манай улс олборлосон ураныг нь тухайн компаниас эзэмшиж буй хувьцаандаа дүйцүүлэн авч, өөрсдөө худалдан борлуулах эрхтэй.
-Олон нийт хуучин “Арева Монгол”, одоогийн “Бадрах энержи” компанитай байгуулсан Зөөвч-Овоогийн ураны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Оюутолгойнхтой адилтгаж ойлгоод байдаг юм. Тэс өөр ойлголт гэдгийг та хэллээ.
-“Бадрах энержи” компани манайд ураны хайгуул хийж, 20-иод жил ажиллалаа. Уран олборлох ашиглалтын тусгай зөвшөөрлөө авсан. Туршилт хийгээд уранаа олборлож эхлэхэд ерөнхийдөө бэлэн болсон гэж ойлгож байгаа. Нөгөөтээгүүр, стратегийн орд хамтран ашиглах гэж байгаа компани гэдгээс гадна манайд оруулсан гуравдагч орны томоохон хөрөнгө оруулалт гэж харах хэрэгтэй.
-БНХАУ цөмийн 34 реактор шинээр барьж байгаа. Үүний 17-д нь Зөөвч-Овоогийн ордоос олборлосон ураныг нийлүүлнэ гэж сонссон. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Монгол Улс далайд гарцгүй. Далайд гарцтай орон олон улстай хиллэдгээрээ давуу талтай байдаг. Гэхдээ манайх дэлхийд хоёрдугаарт орох эдийн засагтай, хүн ам олонтой оронтой хиллэж буй нь том давуу тал. Олон улс Хятадад бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлэхийг мөрөөдөж байна. Манайх зэсийн баяжмал, нүүрсээ хятадуудад л худалддаг. Монгол, Франц, Хятад гурав хэрхэн тохиролцохыг мэдэхгүй юм. Зөөвч-Овоогийн ураныг Хятадад нийлүүлбэл дэлхийн зах зээлийн үнээр л борлуулна.
-Мардайгаа ашиглаад эхэлбэл хойд хөршид уран нийлүүлэх боломж бүрдэх байх.
-ОХУ ашиглана гэж хэлчихээд алга болчихоод байгаа гэж ойлгосон. Ерөнхийдөө зүүн бүсийн ураны ордуудыг ОХУ, БНХАУ, Монгол Улс хамт ашиглах төлөвлөгөөтэй. ОХУ, БНХАУ-ын бодлогын нөлөөгөөр Канадын “Хан ресурс” компанид олгосон тусгай зөвшөөрлөө манай Засгийн газар цуцалсан. Үүнээс үүдэж, олон улсын арбитрын шүүхэд ялагдаж, 70 сая ам.доллар төлсөн.
-Ураны олборлох салбарт манайх хоёр хөршийнхөө мөнхийн ашиг сонирхол дунд байх нь гарцаагүй. Чех, Энэтхэг улс манайхаас уран олборлох сонирхолтой байгааг мэднэ. Эдгээр улстай цөмийн энергийн салбарт хамтарч ажиллах нь хэр зөв бэ?
-Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд цөмийн зэвсэгтэй, өндөр технологитой, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудтай л хамтарч ажилласан нь дээр. Хашир нь дээр гэж бодож байна. Чехтэй ярилаа гэхэд тэднийх цөмийн өндөр технологи эзэмшигч биш. Атомын цахилгаан станц барих чадалгүй. Асуудал гарлаа гэхэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хариуцлага хүлээх чадваргүй. Энэтхэг бол том гүрэн. Энэтхэгийн цөмийн технологи зэвсэг болж магадгүй гэж бусад орон болгоомжлон зайгаа барьж байгаа. Иран, Хойд Солонгостой ураны салбарт манайх хамтарч ажиллавал цөмийн зэвсгийнх нь түүхий эдийг бэлтгэж өгөх гэж байна гэж харна. Энэтхэгтэй хамтарч ажиллахад тэгж харагдаж мэдэх юм. Тэгэхээр цөмийн зэвсэгтэй таван оронтойгоо харилцсан нь өлзийтэй.
-“Бадрах энержи” компани уран олборлож эхлүүлээгүй байгаа. Үүний ард ил ярьж болдоггүй улс төрийн шалтгаан байна гэж боддог. Цагийн явцад Зөөвч-Овоогийн ордоос уран олборлож, хаана ч юм бэ, нэг улсад шар нунтаг нийлүүлж эхлэх байх. Тэр цагт Монгол Улс шар нутаг гаргаж байгаа 19 дэх орон болох юм байна лээ. Өөрөөр хэлбэл, цөмийн энергийн шинэ тоглогч болно гэсэн үг. Энэ тохиолдолд манай улсын геополитик, олон улсын харилцаан дахь байр суурь хэрхэн өөрчлөгдөх бол?
-Манай улсын эрчим хүч, эдийн засаг, улс төрийн аюулгүй байдал улам баталгаажна. Хойд Солонгос хумсын чинээ байж, нэг пуужин сугандаа хавчуулчихаад тэсээд л байна шүү дээ. Гэхдээ манайх шар нунтгаас цааш боловсруулалт хийхгүй гээд төрийн бодлогодоо тодорхой тусгачихсан орон. Манайхаас шар нунтаг худалдаж авсан этгээд цааш нь юу хийх нь бидэнд хамаагүй. Гэхдээ Хятадад зарна гэчихээд Хойд Солонгост зарчихаж болохгүй. Тиймээс төрийн оролцоотой байлгаж, хянаж байгаа юм. Манай Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр уран олборлогч компанийн хувьцааны таваас дээш хувийг өөр нэгэнд худалдах боломж ч байхгүй. Хүйтэн дайны үед бие биеэ сүрдүүлж байснаас болоод цөмийн энергийн олон улсын эрх зүйн орчныг маш сайн бүрдүүлсэн гэж боддог. Өөрөөр хэлбэл, тоглоомын дүрэм маш нарийн, тодорхой гэсэн үг.
-Манайх шар нутгаас цааш боловсруулалт хийхгүй гээд төрийн бодлогодоо тусгасан гэж байна. Гэхдээ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д цөмийн реактор барина гээд заачихсан байгаа. Түлшээ өөр нэгнээс авна гэсэн үг үү?
-Бид өөрсдөө атомын цахилгаан станц барьж чадахгүй. Тэгэхээр өндөр технологитой орноор бариулна. Хэнээр бариулна, тэр газар нь түлшнийхээ асуудлыг шийднэ. Зөөвч-Овоогоос олборлосон шар нунтгаа боловсруулж, түлш хийгээд атомын цахилгаан станцаа галлана гэж ойлгож болохгүй. Бид шар нунтгаас цааш боловсруулалт хийхгүй гэсэн бодлогодоо тууштай байх хэрэгтэй. Атомын цахилгаан станцтай боллоо гээд цөмийн циклийг иж бүрэн хийчихэж байгаа хэрэг биш.
-Шар нунтаг экспортлохоор хаягдлыг нь буцааж илгээдэг гэж шуугьсан. Манайх цөмийн технологийн хог хаягдлаа яадаг вэ?
-Цөмийн технологийн хэрэглээ нэмэгдэхээр тоног, төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй хамт ирсэн цөмийн цацраг идэвхт үүсгүүрийг хадгалах шаардлага тулгардаг. Ганц рентген аппарат худалдаж авчихаад цөмийн үүсгүүрийг буцааж авна шүү гэж гэрээ байгуулах боломжгүй. Манайх дахин боловсруулж чаддаггүй учраас рентген аппаратны цацраг идэвхт үүсгүүрүүдийг хадгалдаг. Алдар толгойн орчимд “Стоп контор” гэж бий. Ашиглаж байгаад эвдэрсэн багажнуудын цацраг идэвхт үүсгүүрүүдийг тэнд хадгалдаг юм. Өмнө нь Алдар толгой Улаанбаатарын суурьшлын бүсээс хол байсан. Одоо шинэ хорооллууд баригдаад, суурьшлын бүстэй ойртчихлоо. Хүний эрүүл мэндэд төдийлөн хортой нөлөө үзүүлэхгүй ч суурьшлын бүсийнхээ дэргэд цацраг идэвхт үүсгүүр хадгалах нь зохимжгүй. Тиймээс зайдуухан газар шилжүүлье гэж мэргэжлийн хүмүүс санал гаргадаг. Энэ асуудлыг УИХ-д оруулахаар гишүүд цөмийн хаягдал булах гэлээ гэж буруу ойлгоод унагачихдаг. Хэд хэдэн удаа хэлэлцүүлээд УИХ-аар дэмжүүлж чадаагүй. Монголын цөмийн энергийн салбар товчхондоо иймэрхүү дүр зурагтай байна. Ташрамд хэлэхэд, “Бадрах энержи” гэх мэт цөмийн энергийн салбарт ажиллаж байгаа компаниуд салбарын эрдэмтэдтэйгээ ажиллахдаа муу. Би Физик, технологийн хүрээлэнд ажилладаг. Манай хүрээлэнтэй хамтарч ажиллахгүй, санал санаачилга гаргахаар авч хэлэлцэхгүй, тойрч зугтаад байдгийг нь ойлгодоггүй юм. Жишээ нь, ОХУ-ын “Росатом” компани манай улсад асар олон боловсон хүчин бэлтгэж өгсөн. Реактор, цацрагийн аюулгүй байдал, экологи чиглэлээр гээд олон хүн сургаж өгсөн юм. Цөмийн энергийн боловсон хүчин цөөрч байна. Мэргэжилтнүүдийн судалгааны ажлыг дэмжих, хамтарч ажиллах, хүний нөөцийг бэлтгэх нь Монголоос уран олборлох гэж буй компанийн хамгийн чухал нийгмийн хариуцлага гэж боддог.