Их спортоор хичээллэхээр аавдаа хөтлүүлээд Монголын жүдо академид хөл тавьсан М.Түвшинбаяр өдгөө шилдэг тамирчдын нэг болжээ. Зорилгынхоо төлөө зүтгэхэд шантармаар зүйл олон таарсан ч тууштай зүтгэж, амжилт гаргахад аав, ээжийнх нь дэмжлэг, багш нарынх нь хичээл зүтгэл, итгэл найдвар их нөлөөлжээ. Өсвөр үеийнхний УАШТ-ээс гурван хүрэл, хотын аваргаас мөнгө, кураш бөхийн тэмцээнээс алтан медаль атгасан түүнийг “Шинэ танил” буландаа онцоллоо.
-Тамирчдын спортоор хичээллэсэн түүх сонирхолтой байдаг. Жүдод хөл тавихад тань юу нөлөөлөв?
-Би жүдогоор хичээллээд зургаан жил болж байна. 11 настай байхад аав Монголын жүдо академид дагуулж ирээд, багш нартай танилцуулснаар спортын гараагаа эхлүүлсэн. Надад энэ спортоор хичээллэсэн хүүхдүүд зөв хүмүүжилтэй, гэр бүл, багш, найз нөхөд, хамт олноо хүндэлдэг нь их таалагдсан юм. Танихгүй хүүхдүүдтэй дэвжээнд бэлтгэл хийх эхэндээ эвгүй санагддаг байсан ч сүүлдээ дотносож нөхөрлөсөн. 2016 онд хотын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцохдоо догдолж, сандраад өрсөлдөгчдөө хожигдож билээ. Тэр үед медальгүй хоцорсон ч үеийнхээ тамирчдаас хойшид хэрэг болох олон зүйлийг харж, туршлага хуримтлуулсан.
-Ямар тэмцээн сургамж болж, алдаагаа давтахгүй байхыг сануулдаг вэ?
-Орхон аймагт жил бүр зохион байгуулдаг, Гавьяат тамирчин Д.Нармандах багшийн нэрэмжит өсвөр үеийнхний олон хотын тэмцээнд 2017 онд анх удаа хүч сорив. Жингийнхээ хүчтэй өрсөлдөгчдөө хожсон ч хүрэл медалийн төлөө барилдахдаа дүрмээ сайн мэдэхгүйгээс ялагдчихсан. Шагналаас атгаад алдсан тэр барилдаан надад маш том сургамж болж, нэг хэсэгтээ л мартагдаагүй. Тэр үед ирэх жилийн тэмцээнээс заавал медальтай харина гэж өөртөө амлаж байв. 2018 онд болсон тус тэмцээнд Спортын төв сургуулийн тамирчныг ялж, хүрэл медаль хүртсэн. Шагналын тавцанд зогсохдоо зорьсноо биелүүллээ гэж бодож байлаа.
-Өрсөлдөгчөө ялж, хүртдэг болохоор та ч гэсэн хүрэл медальдаа хайртай байдаг биз?
-Тэгэлгүй яах вэ, амжилт буухиалсан анхныхаа хүрэл медальд их хайртай. Надад олон тэмцээнээс шагнал гардах эрч хүч, урам өгсөн. Түүнээс хойш УАШТ-ээс гурван ч удаа хүрэл медаль хүртлээ. 2019 онд хотын АШТ-д түрүүлж, улсын аваргад өрсөлдөх эрх авсан юм. Тэр тэмцээнд оролцохдоо таван кг хасаж, маш их ядарсан ч ялагдахгүйн тулд сурсан бүхнээ шавхаж гаргасан. Медалийн төлөө шийдвэрлэх барилдаанд “Женко” клубийн тамирчинтай учраа таарахад багш “Сандарч болохгүй шүү. Өөрийгөө дайчилж, ур чадвар, авьяас, мэдрэмж гээд бүх зүйлээ гаргаж барилдаарай” гэж зөвлөсөн. Өөрийн дархан мэх болох этээгээр өрсөлдөгчөө хожиж, багшийгаа баярлуулсан даа. Дараа жилийнх нь тэмцээнд өөрөөсөө ах тамирчидтай таарсан. Тэднийг үрэх мэхээр буулган авч, хоёр дахь хүрэл медалиа гардсан юм. Энэ жилийн улсын аваргад өмнөхөөсөө туршлагатай болсон тул хүрэл медалийн төлөөх барилдаанд 66 кг-ын жинд “Шинэ бадрах” дэвжээний Б.Батзоригийг хожсон шүү. Би жүдогоор анх хичээллэхдээ зайнаас барилдаж сурсан. Тэрбээр надтай ойроос золгож барилдаад ялагдсан юм. Хэдий ялагдсан ч тэрбээр жиндээ маш хүчтэй өрсөлдөгч байлаа. Бид хойшид ч таарах байх. Би жүдогоос гадна кураш бөхөөр барилддаг. Барилдааны техник нь жүдогийнхтой төстэй. 2018 онд болсон кураш бөхийн УАШТ-д мөнгөн медаль зүүсэн бол энэ жил түрүүллээ.
-Ангийн тань нөхөд дэмжээд тэмцээн сонирхож үздэг үү?
-Би Монгол, Оросын хамтарсан III сургуулийн 12б ангид сурдаг. Одоогоор ангийнхаа нөхдөөс ганцаараа жүдогоор хичээллэж байна. Сургуулийн багш нар намайг энэ спортоор хичээллэж, тэмцээнд оролцдогийг мэднэ. Медаль хүртэхээр зургийг минь хүндэт самбарт тавьж, баяр хүргэн, урам хайрладаг юм. Хичээлдээ явах, бэлтгэл хийж, тэмцээнд оролцох гээд надад үеийнхэнтэйгээ тухтай ярилцах зав бага гардаг. Спортод анх хөл тавьсан цагаас гэрийнхэн минь тууштай дэмжиж ирсэн. Сургуулиа төгсөөд оюутан болсон ч жүдогоос холдохгүй гэж боддог.
-Ах, дүү хоёр тань бас жүдогоор хичээллэдэг гэв үү?
-Тийм ээ. Ахыг минь М.Ариунсайхан, дүүг М.Бумбарагчаа гэдэг. Намайг долоо хоног бэлтгэл хийсний дараа ах минь жүдогоор хичээллэсэн. Гэсэн ч оюутан болж, хичээлдээ анхаарал хандуулаад барилдахаа больсон. Тиймээс дүүтэйгээ хамт бэлтгэл хийдэг. Дүү Монголын жүдо академиас зохион байгуулсан, мөн багийн АШТ-д оролцож хошой алтан медаль хүртсэн. Бага дүү жүдогоор барилдах сонирхолтой. Одоохондоо хичээллэхэд нас нь бага. Тус академид мэргэжлийн туршлагатай багш нар хичээл заадаг. Өмнө нь бэлтгэл хийлгэдэг байсан япон багш өндөр шаардлагатай, зарчимч зантай тул биднийг цаг сайн баримтлуулж сургасан. Манай академийн дасгалжуулагчдаас Г.Бат-Эрдэнэ багш ажилдаа үүрэг хариуцлагатай ханддаг. Тэрбээр шавь нартайгаа ойр байж итгэл хүлээлгэн, тэмцээнд оролцоход нь урам өгч, зоригжуулдаг юм. Энэ ташрамд, дэвжээнд хамт бэлтгэл базаадаг дүү нартаа “Бэлтгэлээ таслахгүй сайн хийгээрэй. Ямар ч тэмцээнд оролцсон өрсөлдөгчөөсөө эмээхгүйгээр барилдаж ялаарай” гэж хэлье.