Британийн Ерөнхий сайд Элизабет Трасс тус улсын виз олгох үйл явцад томоохон шинэчлэл хийж, гол салбаруудынхаа ажиллах хүчний хомсдолыг арилгахаар төлөвлөж байна. Уг төлөвлөгөөг бизнесийн хүрээнийхэн дэмжсэн гэж “Financial times” сонин мэдээлэв. Эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд тэрбээр цагаачдын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг “Sunday times” сонин уламжиллаа. Үүний сацуу ажиллах хүч шаардлагатай мэргэжлүүдийн жагсаалтад өөрчлөлт оруулах замаар зарим салбарт илүү олон ажилтан, тухайлбал, холбооны инженерийг гадаадаас татах боломжийг нээх гэнэ. Шинэчлэлийн хүрээнд зарим салбарт англи хэлний мэдлэгтэй байх шаардлагыг сулруулж, илүү олон гадаад ажилтныг татах аж.
Дотоод хэргийн яамны жагсаалт нь Европын Холбоонд хамааралгүй цагаачдын визийн хураамжийг бууруулдаг. Цагаачид таван жилийн дараа тус улсад суурьшихад шаардагдах 35 800 фунт стерлингийн цалингийн босгыг давах шаардлагагүй болох аж. Тэрчлэн Британийн улирлын чанартай газар тариалан эрхэлдэг гадаад ажилчдад тавьсан хязгаарлалтыг цуцлахаар болжээ. Хөдөө аж ахуйд ажиллах хүч татах зорилгоор нэвтрүүлсэн визийн систем нь тус салбарт ажиллах хүмүүст 38 мянган виз олгох боломж бүрдүүлсэн. Гэвч энэ нь ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэхэд хангалтгүй гэж салбарынхан нь үзэж байна.
Брексит болон цар тахлын улмаас ажиллах хүчний хомсдол газар авсантай холбоотойгоор дээрх жагсаалтыг шинэчлэхийг шаардаж байсан бизнесийн хүрээнийхэн уг төлөвлөгөөг сайшаажээ. Жижиг бизнесийн холбооны тэргүүн Крейг Бомонт үүнийг эерэг мэдээ гэж нэрлэсэн гэнэ. Нөгөөтээгүүр, 2016 онд Британи Европын Холбооноос гарах санал хураалтад цагаачлалын эсрэг санаа бодол гол хөдөлгөгч хүч байсан. Тиймээс шинэчлэлийн төлөвлөгөө эсэргүүцэлтэй тулгарч болзошгүйг “Financial times” тэмдэглэжээ. Тус улсын Худалдааны танхимаас 5700 бизнес эрхлэгчийн дунд өнгөрсөн зун явуулсан судалгаагаар компаниудын 60 гаруй хувь нь нэмэлт боловсон хүчин хэрэгтэй гэдгээ илэрхийлсэн байна. Тэгсэн ч дөрөвний гурваас илүү нь хүн хөлслөхөд хүндрэлтэй байгаагаа мэдэгджээ. Тухайлбал, барилгын салбарын аж ахуйн нэгжүүдийн 83 хувь нь тийм хүндрэлтэй тулгарсан гэнэ. Засгийн газрынх нь хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр шинэчлэл нь цагаачдын тоо нэмэгдэхэд хүргэхгүй аж.