Хөгжиж буй орнуудын дөрөвний нэг, бага орлоготой орнуудын 60 хувь нь өрийн хямралд орсон, эсвэл ийм хямрал руу орох гэж байгаа тухай Олон улсын валютын сангийн (ОУВС) гүйцэтгэх захирал Кристалина Георгиева мэдэгдэв. “Хөгжиж буй олон орон нөөцдөө хөрөнгө оруулж, макро эдийн засгийн тодорхой бодлого баримталж байгаа учраас байдал нь сайн буй. Харин бага орлоготой орнуудын 60 хувийн байдал маш түгшүүртэй байна” гэж тэрбээр тэмдэглэжээ. Түүний үзэж буйгаар Хятад болон бусад томоохон зээлдүүлэгч нөхцөл байдлыг дордуулахаас урьдчилан сэргийлэх ёстой. “Санхүүгийн эх үүсвэр өгдөг том зээлдүүлэгчид, Хятад, хувийн хэвшлийнхэн бүгд хүлээсэн үүргийнхээ дагуу хариуцлагатай байхыг уриалж байна. Өрийн асуудал газар авахаас сэргийлэх нь зээлдүүлэгчдийн эрх ашигт нийцнэ” гэж К.Георгиева хэлэв. Үүнтэй холбогдуулан урт хугацааны тогтвортой байдлыг хангах шинэ итгэлцлийн сангийн хөрөнгийг 40 тэрбум ам.долларт хүргэхэд ОУВС-д туслахыг санал болгожээ. Тусламж шаардлагатай байгаа орнууд энэ оны эцэс гэхэд тус сангаас санхүүжилт авч эхлэх төлөвтэй байгаа аж. ОУВС-гийн Гүйцэтгэх зөвлөл Украины мөргөлдөөний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ нь өссөн орнуудад яаралтай санхүүжилт олгох арга хэмжээг удахгүй батална гэж К.Георгиева үзэж байна. Яаралтай санхүүжилтийг ОУВС-тай хамтран зээлийн хөтөлбөр хэрэгжүүлээгүй орнуудад илгээнэ гэж тус сангийн тэргүүн тайлбарлав. Хоёрдугаар сарын 24-нөөс хойш 16 улс тус сангаас 90 тэрбум ам.долларын тусламж хүссэн байна.