Үндэсний музейд “Өнөр бүл” төвийн хүүхдүүдийн бүтээлүүдийг дэлгэлээ. Уг төв нь хуучин нэрээр Улсын хүүхдийн асрамжийн газар гэдгийг уншигчдын зарим нь мэдэх байх. ХНХЯ-ны харьяа уг төвд өдгөө бүтэн болон хагас өнчин 177 хүүхдийг халамжилж байна. 1974 онд үйл ажиллагааг нь эхлүүлсэн уг байгууллага өнгөрсөн хугацаанд эцэг, эхээс өнчирсөн, эсвэл аав, ээж нь өсгөх чадамжгүй олон хүүхдийг амьдралын замд хөтөлсөн юм. Эдний хүүхдүүд ерөнхий боловсролын сургуулиудад суралцдаг бөгөөд чөлөөт цагаараа төрөл бүрийн дугуйланд хамрагддаг. 2018 оноос хүүхдүүдийн бүтээлүүдээр нь жил тутам үзэсгэлэн гаргаж байгаа юм. Төвийн багш, удирдлагын энэхүү санаачилгыг Үндэсний музейнхэн талархан хүлээж авснаар эдүгээ дөрөв дэх удаагаа зураг, гар урлалын бүтээлүүдийн үзэсгэлэн нээлээ. Энэ удаа хүүхдүүд өөрсдөө үзэсгэлэндээ “Сэтгэлээс минь ургасан миний бүтээл” гэдэг нэр өгчээ. Багш нар нь ч дэмжсэнээр нь нэрийдсэн гэнэ.
Сурагч А.Хүслэнгийн “Хандгайтын гол”, “Улаан цутгалан” зургаар үзэсгэлэнг эхлүүлсэн байна. Сэтгэн бодож, уран дүрсэлж зурахдаа өнгийг өөрийнхөөрөө, онцлогтой шийддэг тэрбээр сагсан бөмбөг болон гар бөмбөг тоглодог аж. Хүү энэ жил МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд элсэн орсон байна. Хичээлдээ явахын зэрэгцээ зурж л байхаа тэрбээр багш нартаа амлажээ. Хүүхдүүдийн урласан хүүхэлдэйнүүд гоё аж. Хүүхэлдэйн их биеийг багш нь модоор бэлджээ. Харин сурагчид нүүрийг нь зурж, хувцасных нь загварыг багшийн удирдлагаар гаргаж, өөрсдөө оёдог гэнэ. Хаягдал ашиглаж урласан төрөл бүрийн зориулалттай ваарнууд ч хараа булааж байна.
2020 оны өдийд бид мөн үзэсгэлэнг сурвалжилж, дүрслэх урлагийн багш Лувсанбалдантай ярилцлага хийсэн билээ. Түүнээс хойш сурагчид цаасан бараар түлхүү хичээллэсэн болохыг анзаарлаа. “Чингис хаан”, “Хоёр загал”, “Гүүн зэлэн дээр”, “Агьт хайрханд” хэмээх бүтээлийн эзэн Б.Тэмүүлэнтэй уулзахад “Чингис хааныг, бас хоёр загал морийг нь ч цаасаар барлажээ” гэхэд “Чингисийн морьд биш ээ. Зүгээр л хоёр морь. Би загал гэдэг зүс мэдэхгүй. Хоёр морь дүрсэлтэл багш нар ийм нэр өгсөн байна” гэв.