Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын шинэ хаан III Карлыг Австрали, Шинэ Зеландын хаан хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрснийг “Canberra times” сонин болон “Radio New Zealand” мэдээллээ. Австралийн парламентын тусгай хуралдааны үеэр III Карлыг хаан хэмээн хүлээн зөвшөөрсөн тунхагт Австралийн амбан захирагч Дэвид Херли гарын үсэг зурав. Дараа нь Австралийн парламентын ордны өмнө уг бичиг баримтыг уншиж танилцуулсны дараа нь ёслолын буудлага хийжээ. Шинэ Зеландад генерал-амбан захирагч Синди Каро мөн ийм ёслолд оролцсон байна. Үүний өмнө хаан III Карлыг Британи, Канадын хаанаар зарласан. Тэрбээр 73 настайдаа ээж, хатан хаан II Элизабетын халааг авч, хаан ширээ залгамжилсан билээ. Канад зэрэг 15 орны төрийн тэргүүн, 96 настай хатан хаан энэ сарын 8-нд Шотландын Балморал шилтгээнд таалал төгссөн. Түүнийг оршуулах ёслол болох энэ сарын 19-нийг хүртэл Британи, Канадад гашуудал зарлажээ. Харин Австралид есдүгээр сарын 22-ныг гашуудлын өдөр болгон зарласан байна.
Хатан хаантай Вестминстерийн сүмд салах ёс гүйцэтгэх бол аав, нөхрийг нь оршуулсан Виндзорын шилтгээн дэх VI Жоржийн сүмд түүнийг оршуулах гэнэ. Тэрбээр 70 жил долоон сар буюу Британийн түүхэнд хамгийн удаан төр барьсан хатан хаан болжээ. III Карл гэгдэх болсон, хатан хааны том хүү Чарльзыг хаан ширээнд залах ёслол хэдхэн сарын дараа болох аж. Түүнийг хаан болсноор Британийн хаан ширээг залгамжлах хүмүүсийн жагсаалт, тэдний цол хэргэмд зарим өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, уг жагсаалтыг хааны том хүү, Уэльсийн хунтайж гэгдэх болсон Уильям тэргүүлж, түүний гэргий Кейт Миддлтон Уэльсийн гүнж болов. Тэдний ууган хүү Уэльсийн хунтайж Жорж, охин Уэльсийн гүнж Шаротта, бага хүү Уэльсийн хунтайж Луи нар жагсаалтын эхний дөрөвт бичигдлээ.