Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талын 25 га талбайд 400 автомашины зогсоол барих ажлыг эхлүүлжээ. Тус хүрээлэн нь 973 га газартай бөгөөд хотын ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлдэг. Давхардсан тоогоор жилд 1-1.5 сая хүн тус хүрээлэнг зорин ирдэг байна. Олон хүн ирдэг учраас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд автомашины зогсоол хүрэлцдэггүй, мөн тухайн хэсэгт замын түгжрэл ихэсдэг. Тиймээс зогсоолын тоог нэмэгдүүлж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах төлөвлөгөөтэй гэнэ. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газраас мэдээлснээр бол зогсоолыг энэ оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад оруулах аж. Уг ажлыг гүйцэтгэгчээр Улаанбаатар зам засвар, арчлалтын газрынхан ажиллаж буй юм байна.