Таван жил тутамд явуулдаг аж ахуйн нэгжийн тооллогыг өнгөрсөн оны 11-12 дугаар сард анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулсан. Уг тооллогын дүн, цаашид авах арга хэмжээний талаар өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанд Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулжээ. Тооллогод 180 мянган аж ахуйн нэгж, байгууллага, 53.9 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдсан байна. Энэ нь 2016 оны тооллогын дүнгээс аж ахуйн нэгж, байгууллагын тоо 61.3 мянга буюу 51.7 хувиар нэмэгдсэн дүн аж. Харин тооллогод хамрагдсан, сүүлийн хоёр жил үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгж 105.5 мянга байгаагаас 14.1 хувь буюу 14.9 мянга нь татан буугдах хүсэлтэй гэнэ. Иймд татан буугдах шат дамжлагыг хөнгөвчлөх боломж бүрдүүлэхээ сайд Д.Амарбаясгалан онцолсон. Улмаар тооллогын үр дүнг олон нийтэд мэдээлэх, мөрөөр нь авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмжийг боловсруулж, холбогдох газарт хүргүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагаас төрийн байгууллагуудад тайлагнадаг статистик, бүртгэл, татвар, санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг нэгтгэх, уялдуулах талаар холбогдох арга хэмжээ авах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэн, судалгаа, шинжилгээнд суурилсан бодлого боловсруулалтыг хөгжүүлэхэд ашиглах боломжийг бүрдүүлэхийг даалгажээ.
Бэлтгэсэн. Б.Уран