Хүний бүсэлхийн тойргийн хэмжээ нэг сантиметрээр нэмэгдэхэд зүрхний дутагдалд орох магадлал дөрвөн хувиар ихэсдэг гэсэн дүгнэлтийг Оксфордын их сургуулийн зүрх, судасны эмч нар гаргасныг “Times” сонин уламжлав. Зүрх нь эрхтэн, эд, эсийг цусаар хангах чадваргүйгээс болж дутагдал гэх эмгэг үүсдэг. Энэ нь ядрах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Британийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр бол тус улсад зүрхний дутагдалтай 900 мянга орчим хүн бий аж. Эрэгтэйчүүдийн бэлхүүсийн хэвийн хэмжээ 94 см, эмэгтэйчүүдийнх 80 см-ээс хэтрэхгүй байх ёстой аж. Эрдэмтэд Британийн 428 000 иргэний бүсэлхийн тойргийн хэмжээ зүрхний төлөв байдалтай хэрхэн уялдаж буйг судалжээ. Хүний биеийн жингийн индекс зэрэг бусад үзүүлэлтээс илүү бүсэлхийн тойрог нь таргалалттай холбоотойгоор зүрхний өвчин тусах эрсдэлийг “сануулдаг” гэж тэд үзэж байна.