Хойд хөршийн Алтайн хязгаар дахь Барнаул хотод ирэх сарын 8-10-нд хөгжмийн олон улсын наадам болох аж. Үүнд хөгжмийн зохиолч, Консерваторын багш Х.Алтангэрэлийн “Чин ван Ханддорж” дуурийн Ханд вангийн арийг ОХУ-ын Красноярск хотын Дуурийн театрын гоцлол дуучин, баритон А.Михалёв дуулах юм байна. Монголчууд улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөөт амьдралын төлөө хэрхэн тэмцэж байсан тухай энэхүү бүтээлд өгүүлдэг. Наадмын тухай мэдээлэлд манай улсын хөгжмийн зохиолчийн бүтээлийг “Хэллэг тод, өгүүлэмж сайтай” хэмээн тодотгожээ. Мөн Х.Алтангэрэл нь 2009-2010 онд Санкт-Петербург дэх Н.А.Римский Корсаковын нэрэмжит Улсын хөгжмийн дээд сургуульд, 2017-2018 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд суралцсан, бүтээлүүд нь АНУ, БНСУ, Япон, ХБНГУ, Норвег, Финландад эгшиглэсэн тухай дурдсан байна.