Засгийн газар болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын аюулгүй, найдвартай зорчих “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлнэ” хэмээн тусгасан. Сургуулийн бүсэд хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлж, суралцагчдыг үнэ төлбөргүй тээвэрлэх “Сургуулийн автобус” төслийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байна.
Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийг нэгдсэн зохион байгуулалтаар, техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх төслийг энэ удаад жилд дөрөв дэх жилдээ хэрэгжүүлэх юм. “Сургуулийн автобус” төслийн хүрээнд 75 хүүхдийн автобус оруулж ирэхээр нийслэлийн ЗДТГ, “Моннис” ХХК-тай гэрээ байгуулжээ. Үүнээс одоогоор 25 автобусыг хүлээн авсан аж. Эдгээр шинэ автобусыг энэ сарын 5-наас үйлчилгээнд гаргахаар бэлтгэл ажлыг хангажээ. Үүнээс нэг автобусыг нь Багахангай дүүрэгт хуваарилсан аж. Алслагдсан хорооноос дүүргийн төвийн сургууль руу зорчдог сурагчдыг тээвэрлэх зорилгоор ийнхүү хуваарилсан байна. Харин бусад автобусыг төвийн дүүргүүдийн, тэр дундаа түгжрэлд ихтэй бүсийн сургуулийн сурагчдыг тээвэрлэхэд ашиглах нь. Ингэхдээ ойролцоо байршилтай сургуулийн сурагчдад хамтад нь үйлчилнэ. Жишээлбэл, 84, 21, 111 дүгээр, 23, 24 дүгээр, тав, 50 дугаар, нэг, 45 дугаар сургуулийн сурагчдыг хамтад нь тээвэрлэх юм. Автобусны чиглэлийг нийслэлийн Нийтийн тээврийн газраас баталдаг. Энэ жил нийт 56 сургуулийг багтаасан 61 чиглэлийг гаргаад буй гэнэ.
Нийслэлийн хэмжээнд цөөнгүй сургууль өөрийн өмчлөлийн болон түрээсийн автобусаар сурагчдадаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Нийт 102 сургуульд 220 “Хүүхдийн автобус” үйлчилдэг байна. Эдгээр сургуульд 80 гаруй мянган сурагч суралцдаг бөгөөд тэдний 10 хувь нь уг автобусаар үйлчлүүлдэг гэсэн тооцоо гарчээ. “Хүүхдийн автобус”-тай сургуулийн олонх нь хувийн хэвшлийнх байгаа юм.