Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. “Хичээлийн шинэ жил бол хүүхэд бүрт шинэ алхам, шинэ зорилт авчирдаг сайхан өдөр” гэдгийг хотын дарга онцлоод, “Энэ хичээлийн жилээс эхлэн “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн I, II шатыг хэрэгжүүлэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болно. Хамгийн олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргээс энэхүү хөрөнгө оруулалтыг эхлүүлнэ. Нийслэлийн хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй 2635 хүүхэд боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй. Ердийн 137 сургуульд хөгжлийн бэрхшээлтэй 981 хүүхэд суралцаж байна. 55 дугаар сургуульд зөвхөн нийслэлийн сурагчид суралцдаггүй. Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн 500 гаруй хүүхэд энэ сургуульд сурч, боловсрол, ур чадвар эзэмшдэг. Эдгээр хүүхдүүд боловсролоос хоцроохгүй, нийгэмтэй хөл нийлүүлэн хөгжихөд бүх талын дэмжлэг үзүүлэх болно” хэмээсэн юм.
Монгол Улсын Засгийн газрын болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтод сургуулийн өмнөх боловсролын байгууллага болох цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах орчин бүрдүүлэх, тусгай хэрэгцээт боловсролын багш, хүний нөөцийг бэлтгэх зэргийг тусгасан. Үүний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 92, цэцэрлэгийн 70, нийт 162 багшийг сургалтад хамруулж бэлтгэжээ. Мөн Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт тус бүр нэг сургууль, хоёр цэцэрлэг байгуулах ажлыг эхлүүлээд байна.
Ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн захирал Ч.Ганбилэг хичээлийн шинэ жилийг нээж “Өнгөрсөн хичээлийн жил манай сургуулийн хувьд өрнүүн их амжилттай байсан. Цар тахлын улмаас үүссэн сурлагын хоцрогдлыг арилгахаар ажилласны дүнд хүүхэд бүрт 2-8 хувийн бодит ахиц гарлаа. Мөн сургуулийн гадна орчинд ногоон байгууламж бий болгож, нэг давхрыг иж бүрэн тохижуулсан. Түүнчлэн 35 багшийг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Боловсролын бодлогын хүрээлэнгийн цахим сургалтад хамруулж, хэл засалч мэргэжлийг эзэмшүүлсэн зэрэг олон амжилтыг дурдаж болно. Цаашид сургалтын чанараа сайжруулж, дугуйлан секцийн тоог нэмэгдүүлнэ. Манай сургуулийн 125 багш, 28 ажилтан боловсролын үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна. Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд энэ хичээлийн жилд тусгай хэрэгцээт 510 хүүхэд суралцана. Манай сургуульд оюуны бэрхшээлтэй, аутизм, дауны хам шинжтэй, саажилттай хүүхдүүд голчлон суралцдаг. Хүүхэд бүр онцлогтой учир ганцаарчилсан сургалт, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энгийн сургууль шиг бүх хүүхдэд нэг хөтөлбөрөөр хичээл заадаггүй. Зөвхөн тухайн хүүхдэд тохирсон сургалтын хөтөлбөрийн дагуу хичээл заадгаараа онцлог. Иймд багшаас ур чадвар, тэсвэр тэвчээр шаардахын зэрэгцээ сургалтад үзүүлэн таниулах материал, орчин шаардагддаг. Бид хүүхдүүдэд мэдлэг, боловсрол өгөхөөс илүү амьдралын чадвар, дадлыг суулгахад онцгойлон анхаарч буй. Хүүхдүүдийг амьдрах ухаанд бэлдэхийн тулд зуны цагт ногоо тариулж, амраахын сацуу заслын хичээлд хамруулдаг. Мөн хөдөлмөрийн зуслантай болох хүсэлтээ холбогдох байгууллагуудад тавьсан. Энэ асуудал манай сургуулийн хувьд тулгамдаж байгаа” гэлээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд бичил хүлэмж, хэл заслын, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, өдөр өнжүүлэх өрөө байдаг. Хүлэмждээ тарвас, өргөст хэмх, улаан лооль болон модны суулгац зэргийг сурагчидтайгаа хамтран тариалдаг аж. Сургуулийн удирдлагууд АНУ-ын Аутизмын төвөөс санаа авч, тусгай танхим байгуулжээ. Тус танхимын тусламжтайгаар эцэг, эхчүүд нь хүүхдүүдээ юу сурч, ямар нөхцөлд хичээллэж байгааг хардаг. Үүнээс гадна багш нь хүүхдүүдтэй хэрхэн харилцаж, хичээлээ ямар арга барилаар зааж буйг харах боломжтой гэнэ. Харин өдөр өнжүүлэх өрөөндөө 20-25 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай бөгөөд хичээл дээрээ сурсан мэдлэгээ бататгах, хооллох, амрах боломжийг бүрдүүлжээ. Эмнэлгийн тусламж үзүүлэх өрөөнд цэр соруулах болон амьсгалын аппарат, массажны ор, нүдний хараа шалгах төхөөрөмж, тусгаарлах өрөө зэрэгтэй юм байна. Ингэснээр хичээлийн үеэр өвдсөн сурагчдад цаг алдалгүйгээр яаралтай тусламж үзүүлэх боломж бүрджээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ хичээлийн жилд шинээр элсэн суралцаж буй бяцхан багачуудад гарын бэлэг гардууллаа.