Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн тодорхой бүсэд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулж байгаа. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасны дагуу наймдугаар сарын 27-ноос эхлэн найм хоногийн турш дугаарын хязгаарлалт хийж буй. Энэхүү хязгаарлалтын талаарх мэдээллийг “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-тай хамтран хүргэж байна. Энэ жилийн хувьд Засгийн газар, БШУЯ, нийслэлийн ЗДТГ, Боловсролын газраас сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагуудын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаатай холбоотойгоор авто замын ачаалал өмнөх жилүүдээс нэмэгдсэнээрээ онцлог юм.
Хөдөлгөөний зохицуулалтын талаар “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “Манай төвийн камерт бүртгэгдсэнээр 2021 онд дугаарын хязгаарлалтын үед 340 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Өнгөрсөн онд хичээл эхлэхийн өмнөх хоёр өдөрт л хязгаарлалт хийсэн. Харин энэ жилийн хувьд дугаарын хязгаарлалт найм хоног үргэлжилнэ. Бүртгэлээс харахад дугаарын хязгаарлалтын үед хөдөлгөөний эрчим өмнөх жилийнхээс 16 хувиар буурсан дүн гарлаа. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу иргэд, жолооч нар үүрэг хариуцлагаа ухамсарлан хөдөлгөөнд оролцож байна. Дугаарын хязгаарлалт хийгээгүй байх үеийнхтэй харьцуулбал хөдөлгөөний ачаалал 45-50 хувиар буурсан. 2021 оны наймдугаар сарын 30-ны даваа гарагт 462 672 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Харин энэ оны наймдугаар сарын 29-ний даваа гарагт 249 541 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцлоо. Үүнийг дагаад тээврийн хэрэгслийн хурд нэмэгдэж байгаа. Дугаарын хязгаарлалтгүй үед 7-8 км/цагийн хурдтай зорчдог. Харин дугаарын хязгаарлалтын үед 17-18 км/цаг болж тээврийн хэрэгслийн зорчих хурд нэмэгдэж буй нь хяналтын камераас харагдаж байна” гэлээ.
Улаанбаатар хотын гол зам болох Энхтайваны өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөнөөс урагш салаалсан дөрвөн гүүр, Нарны зам зэрэг байршил нь хөдөлгөөний ачаалал өндөртэй. Мөн зах, худалдааны төвүүдийг чиглэсэн авто зам ачаалалтай байдгийг Н.Намуу тодотголоо. Дугаарын хязгаарлалт хийгээгүй үед 07.00 цагаас дээр дурдсан гүүрнүүд ачаалалтай болж эхэлдэг гэнэ. Тэгвэл өнөө өглөөний хувьд гүүр төдийгүй төв замын хөдөлгөөн сийрэг байжээ. Түүнчлэн ердийн өдрүүдэд 2700-3000 удаагийн хөдөлгөөн зохион байгуулалтыг мэргэжилтнүүд хийдэг гэнэ. Харин дугаарын хязгаарлалттай зорчих үед 500-600 удаа хөдөлгөөн зохион байгуулалт хийжээ.
Дугаарын хязгаарлалт нь хойд зүгт 32-ын тойрог, урд талдаа Тэмээтэй хөшөөний уулзвар, баруун хэсэгт Саппорогийн тойрог, зүүн тийш Чулуун овооны пост хүртэл үргэлжилж байгаа. “Хязгаарлалтаас гадуурх бүсэд ачаалал нэмэгдсэн үү” гэсэн асуултад Н.Намуу “Хязгаарлалтын эхлэл цэгүүдэд хөдөлгөөн зохицуулагч нар хяналт тавьж байгаа. Тэгш тоогоор төгссөн машин явах байтал сондгой тоотой нь зорчихыг оролдох тохиолдол цөөнгүй гарлаа. Хяналт тавьж буй цэгүүдэд л ачаалал үүссэнээс биш, бусад зам ачаалал багатай байна. Хамгийн их ачаалалтай Нисэх, Яармагийн зам ч хөдөлгөөн багатай байгааг хяналтын камераас харж болно” гэсэн юм.
Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд хандсан иргэдийн 70 хувь нь дугаарын хязгаарлалтыг дэмжсэн бол 30 хувь нь хязгаарлалттай холбоотой санал, гомдол хэлсэн байна. Найм хоногийн буюу богино хугацааны замын хөдөлгөөний зохицуулалт үр дүн сайтай байгааг мэргэжилтнүүд онцоллоо. Дугаарын хязгаарлалт энэ сарын 3-ны бямба гаргийг дуустал үргэлжилнэ.