Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн хүмүүсээр нийтийн эзэмшил болон авто зам дагуух ногоон байгууламж цэвэрлүүлэх, хөл газрын буюу зэрлэг ургамал зулгаалгаж, хадуулах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж буй. Энэхүү санаачилгын хүрээнд одоогоор 200 га талбайг цэвэрлэжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 29, 38, Чингэлтэйн 17, Сүхбаатарын 15, Хан-Уулын хоёрдугаар хороонд ийм ажил хийлгэсэн байна. Тэрчлэн Баянгол дүүргийн цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчим, Сонгинохайрханы 20 дугаар хорооны нийтийн эзэмшлийн талбай дахь ногоон байгууламжийн зэрлэг ургамлыг түүж, цэвэрлэсэн аж.
Аймаг, нийслэл дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, түүний хэлтэс, нэгжүүд тухайн нутаг дэвсгэрийнхээ ЗДТГ-тай хамтран уг ажлыг нэг сарын хугацаанд зохион байгуулахаар болсон бөгөөд үүнийгээ идэвхтэй хэрэгжүүлж байгаа гэнэ. Баянхонгорын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэхэд аймгийнхаа Хот тохижилт, үйлчилгээний газартай гэрээ байгуулж, энэ чиглэлээр хамтран ажиллаж эхэлжээ.
Бэлтгэсэн Н.Буян