Давид Бен-Гурион тусгаар тогтносон еврейн улсаа тунхаглаж байгаа нь. Тель-Авив 1948.05.14
Зуун жилийн өмнө дэлхийн I дайнд Османы эзэнт улс ялагдаж, газар нутгийг нь хуваасны дараа Палестиныг захирах эрхийг Үндэстнүүдийн лиг Британид олгов. Израил Улс бий болох суурь ингэж тавигдсан гэж үздэг юм. Дэлхий дахинаар 2000 жил бэдэрсний эцэст анх удаа өөрийн гэсэн төр улстай болох найдварыг их гүрнүүдийн түүхэн шийдвэр ийнхүү бэлэглэв. Өөрийн улстай болохын өмнө ямар саад бэрхшээлтэй нүүр учрахыг Израил Улсыг үндэслэгчид тэр үед эхлээд төсөөлсөнгүй.
Өнөө цагийн Израил улс олон талаар Европт еврейг нэгтгэх үзэл дэлгэрсний улмаас бий болсон гэж хэлж болно. Еврейн ард түмнийг түүхэн газар нутаг дээр нь нэгтгэх, сэргээн мандуулахыг энэ хөдөлгөөн зорилгоо болгов. Еврейг нэгтгэх хөдөлгөөний улс төрийн жигүүрийг үндэслэгч-эцэг нь Австри, Унгараас гаралтай сэтгүүлч, олон нийтийн зүтгэлтэн Теодор Герцль юм. Тэрбээр язгууртны гэр бүлд төрсөн ч еврейн эсрэг үзлийг орчин тойрны хүмүүсээсээ мэдэрч байсан учраас еврейг ялгаварлан гадуурхах байдлыг эцэслэх замыг эрж хайх болжээ. Түүний эхэн үеийн үзэл санаа нь ихээхэн гэнэн гэмээр байв. 1893 онд Австрийн еврей нарыг христос шашин руу олноор оруулах төлөвлөгөө гээчийг боловсруулав.
Парист Австрийн “Neue freie presse” сонины сурвалжлагчаар ажиллаж байхдаа Францын армийн ахмад Альфред Дрейфусийг шүүсэн үйл явцыг мэдээлж байжээ. Еврей гаралтай энэ офицерыг Германы эзэнт улсыг тагнасан гэх хэрэгт зохиомлоор буруутгаж насаар нь цөлөх ял өгсөн байна. “Еврей нарт үхэл” гэж хашхирах хүмүүсийн байдал төрх еврейн эсрэг үзэлтэй тэмцэх гэх оролдлого шал дэмий хоосон зүйл болохыг шүүх хурал дээр байсан сэтгүүлч ойлгосон аж. Тэгээд еврейн улсыг туурга тусгаар байгуулах нь ганц зөв гарц болохыг Герцль ухаарав.
Еврейг нэгтгэх үзэл суртлын үндэс болсон “Еврейн улс” хэмээх хөтөлбөрийн чанартай бүтээлээ Герцль 1896 онд бичжээ. Еврей нар цаашдаа хааяагүй ялгаварлан гадуурхах үзэлтэй тулгарна, тэднийг тусгай газар нутагт шилжүүлж суурьшуулах нь еврейн эсрэг үзэлт Европын бүх улсад ашигтай байх болно гэж тэр үзэж байв. Тэгээд еврейн шинэ улсын оршин байх газар нь Палестин юм уу, Аргентин байж болох юм гэсэн санал дэвшүүлэв. Аргентины хувьд Латин Америкийн энэ улс их баялагтай, нутаг дэвсгэр нь уужим, хүн ам цөөн тул еврей нарт газар нутгийнхаа хэсгийг өгөхийг эрх баригчид нь зөвшөөрөх болов уу хэмээн Герцль бодож, ийм санал гаргасан аж.
“Еврейн улс” хэвлэгдсэнээс хойш нэг жилийн дараа 1897 оны наймдугаар сард Швейцарын Базель хотод Сионизмын анхдугаар конгресс болж, бүх зардлыг нь Герцль хариуцжээ. Тэнд 200 орчим хүн цугласны дөрөвний нэг шахам нь Оросоос ирсэн байв. Хуралд оролцогсод Дэлхийн сионист байгууллагыг үүсгэж, Палестины газар нутаг дээр еврейн улс байгуулахаар шийдвэрлэв. Үүний тулд уг газарт тариаланчид, гар урчууд, аж үйлдвэрийн хүмүүсийг шилжүүлэн суурьшуулж, дэлхий даяар еврейн байгууллагын сүлжээ бий болгож, еврей нарын үндэсний ухамсрыг сэргээж, еврейг нэгтгэх нь чухал гэдэгт Европын улсуудыг итгүүлэх шаардлагатай байлаа.
Уг ажилд итгэлгүй, тоомжиргүй хандах хүн олон байв. Швейцарт байсан Оросын элч Александр Ионин тус хурал нь ууж, идэх гэсэн хүмүүсийн “олон улсын цуглаан”-ыг эрхгүй санагдуулсан гэж Петербург рүү мэдээлээд, еврейг нэгтгэх бодолтнуудын зорилгыг “үл биелэх мөрөөдөл” гэж нэрлэсэн байв. Герцль болохоор “Базельд би еврейн улсыг бий болгочихлоо. Үүнийг би өнөөдөр олон түмэнд дуулдахаар хэлбэл тэд инээлдэх биз. Гэхдээ таван жилийн дараа, магадгүй 50 жил болоход энэ явдлыг бүгд ойлгох болноо” гэж өдрийн тэмдэглэлдээ бичиж байжээ. Энэ мөрүүдийг бичсэнээс хойш 50 жил, найман сар болоход тусгаар тогтносон Израил улсыг тунхагласан юм. Герцль тун бага алдсан байгаа биз.
Тухайн үедээ Османы эзэнт улсын бүрэлдэхүүнд байсан Палестин руу еврей нар урсах давлагаа Герцлийн боловсруулсан баримт бичиг хэвлэгдэхээс өмнө эхлэв. Эзэн хаан II Александрыг хөнөөсний дараа 1881 онд Оросын өмнөд нутгаар еврейн нүүдэл эхэллээ. Энэ үйл явцад эхлээд Базельд болсон хурал ташуур өгч, дараа нь 1891 онд еврейчүүд Москвагаас олуул нүүжээ. Эхний нүүдлээр Палестинд 35 мянга орчим хүн ирсэн ч бараг тэн хагас нь удалгүй яваад өгсөн гэдэг.
1903 онд Кишиневт цуст хэрэг дэгдсэн нь еврейн нүүдлийн шинэ давлагааг өдөөв. Тэгэхэд 49 хүн амиа алдаж, олон зуун еврей эмэгтэй хүчиндүүлж, 1000 гаруй айл, дэлгүүр дээрэм тонуулд өртөж, галдан шатаагдсан байна. 1905 оны хувьсгалын үед Оросын эзэнт улсын нутгаар дахин давлагаа дэгдэж, олон мянган еврей аз жаргалаа эрэн Палестиныг зорив. 1909 онд шинэ цагийн еврейн анхны хот Тель-Авив бослоо. Эхлээд эртний хот Яффогийн нэг хороолол маягтай байснаа оршин суугчид нэмэгдэхийн хэрээр бүхэл бүтэн хот болж орхив. 1914 онд Палестинд 85 мянган еврей амьдарч байв. Дэлхийн I дайн еврейн нүүдлийг саатуулав. Еврейн улсын “эцэг” гэгдсэн Герцль ч 44 насандаа өөд болов.
Дэлхийн I дайны явцад британичууд Палестины ихээхэн хэсгийг өөрийн хяналтад авчээ. Үүнд тусалсан хүмүүсийн дотор Палестинаас зугтаж Египетэд ирсэн еврей нар байсан аж. Үүний хариуг барихаар Лондон шийдсэн байна. Британийн Гадаад хэргийн сайд Артур Бальфур 1917 оны арваннэгдүгээр сард Английн еврейчүүдийн албан бус тэргүүн Ротшильдэд захидал илгээж, еврейн ард түмэн Палестинд өөрийн гал голомтоо сэргээх гэж буйд Засгийн газр нь найртай хандаж, энэ зорилгодоо хүрэхэд нь хүчин чармайх болно гэдгийг мэдэгдэв. “Бальфурын тунхаглал” гэж түүхэнд үлдсэн энэ мэдэгдэл Израил улс үүсэн бий болоход ихээхэн түлхэц болсон юм.
1920 оны дөрөвдүгээр сард Италийн Сан-Ремод Үндэстнүүдийн лигийн бага хурал болж, Дэлхийн I дайнд ялагдсан Османы эзэнт улсын нутаг дэвсгэрийн хувь заяаг шийдэж өгөв. Харин энэ шийдвэрийг Туркийн Парламент батламжлахаас татгалзсанаас Сан-Ремогийн бага хурлын тогтоолыг 1922 оны долдугаар сард л сая нэг юм хүчин төгөлдөр болгосон байна. Тэр өдөр “тус улсад аюулгүй байдлыг хангасан еврейн улс байгуулах улс төр, засаг захиргаа, эдийн засгийн нөхцөлийг нь бий болгох” зорилгоор орчин үеийн Израил Улсын суурийг Палестинд тавих эрхийг Британид олгов. Еврей нар Палестинд олноор ирж суурьшсаар, энэ нь арабчуудтай зэрэгцэж улмаар тэдний хооронд мөргөлдөөн болов. Иймээс 1939 онд еврейн цагаачлалд Британи хязгаар тавьж, тэдэнд өгсөн амлалтаа зөрчихөд хүрлээ. Лондоны энэ үйлдлийг еврейчүүд урван тэрсэлсэн ажиллагаа гэж үзээд арабчууд төдийгүй британичууд руу дайрч довтлох болсон байна. Дэлхийн II дайн дууссаны дараа ч олон улсын хамтын нийгэмлэгийн дарамт шахалтыг үл хайхран Англи еврейн цагаачлалд хязгаар тавьсан бодлогоо үргэлжлүүлсээр байснаас Палестинид байдал хурцдав. Тиймээс британичууд Палестины газар нутагт байнгын цэрэг оруулахаас аргагүй болжээ.
1946 оны есдүгээр сард еврей хийгээд арабуудын удирдагчдын бага хурал хийхээр Британи шийдвэрлэсэн ч яриа хэлэлцээ мухардалд орлоо. 1947 онд Палестинд еврейн улс байгуулахаар олгосон эрхээсээ Лондон татгалзаж, дөнгөж байгуулагдаад байсан Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-аас тусламж хүслээ. Ингээд арваннэгдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблей Палестины мандаттай газар нутгийг арабын болон еврейн гэж хоёр хуваахаар санал хураав. Статусаас нь үүдэж зөрчил тэмцэл үүсгэхээс зайлсхийхийн тулд Йерусалим нь олон улсын хот болох ёстой байлаа.
Британийн цэрэг гарч явахтай зэрэг Палестинд еврей, арабчуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн даруй эхэлж, эцэст нь еврей нар НҮБ-ын хуваарилж өгсөн газар нутаг дээр хяналтаа тогтоолоо. 1948 оны тавдугаар сарын 14-нд Израилын анхны Ерөнхий сайд Давид Бен-Гурион 2000 жилийн түүхэн дэх еврейн улсыг анх удаа байгуулснаа ёслол төгөлдөр тунхаглалаа.
Маргааш нь эдний нутаг дэвсгэр лүү Египет, Трансиордан, Сири, Ливан, Иракийн зэвсэгт хүчин довтолж, Израил улс оршин тогтносон 74 жилийн хугацаанд туулж гарсан найман дайны эхнийхийг өдөөлөө. Тус дайнаар 700 мянган араб хүн Израилаас гарч, еврей нар ч исламын шашинт орнуудаас хөөгдөж, “залуу” Израил улсад ирж суурьших болов. Европоос ч еврейчүүд ирж байлаа. Эхний 10 жилд л Израилын хүн ам 2.5 дахин нэмэгдэж, 800 мянга байснаа хоёр сая болжээ. Еврейн улсыг анх түрүүнд хүлээн зөвшөөрөөд зогсохгүй зэвсгээр хангасан ЗХУ-ын идэвхтэй дэмжлэгээр израилчууд арабуудын довтолгоог няцаасан төдийгүй газар нутгаа ч тэлэв. Цус урсгасан дайн 1949 онд зогслоо. Гэлээ ч 1967 онд болсон зургаан өдрийн дайнаар Дорнод Йерусалим, Газын зурвас, Йордан голын баруун эрэг, Голаны өндөрлөг, Синайн хойгт Израил хяналтаа тогтоов. Энхийн хэлэлцээр байгуулж, еврейн улсыг хүлээн зөвшөөрсний хариуд Синайн хойгийг 1979 онд Египетэд эргүүлж өгөв.
Олон жил өнгөрсөн ч исламын шашинтай Иран, Саудын Араб зэрэг улс Израилыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Олон жилийн дипломат хүчин чармайлт гаргасан ч Палестин, Израилын харилцаа одоо хэр нь эвэндээ ороогүй л байна.