Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь БНСУ-ын Конжугийн үндэсний их сургуультай хамтран БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр 2020 оноос эхлэн хэрэгжиж байгаа “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Монгол-Солонгосын Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт” олон улсын симпозиум ШУТИС дээр зохион байгуулагдлаа.
Симпозиумыг нээж Соёлын дэд сайд М.Батбаяр мэндчилгээ дэвшүүллээ. Уг мэндчилгээнд: “Монгол Улсын Засгийн газраас соёлын өвийг бүртгэх, судлах, хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж байгаа ба манай улс соёлын өвийн чиглэлээр олон улсын мэргэжлийн байгууллага, гадаадын улс орнуудтай нягт хамтын ажиллагаатай ажиллаж олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа
орнуудын дотор БНСУ-ын харилцаа хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлдэг. Энэхүү төслийн хүрээнд ШУТИС дээр соёлын өвийг хадгалах, хамгаалах чиглэлээр орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон материал судлалын болон дижитал технологи дээр суурилсан сургалт, судалгааны лабораториудыг байгуулах, багшлах хүний нөөцийг бэлтгэх, соёлын өвийн чиглэлийн мэргэжлийн байгууллагын алба хаагчдыг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын технологи эзэмшсэн бакалавр, магистрын зэрэгтэй үндэсний мэргэжилтэн бэлтгэх зэрэг олон ажлуудыг төлөвлөн энэ хичээлийн жил дээрх чиглэлээр оюутан элсүүлж байгаа нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой ажил боллоо” гэжээ.
“Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх” төслийг БНСУ-ын Конжугийн үндэсний их сургууль Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран 7 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү симпозиум нь хоёр орны соёлын өвийн чиглэлийн мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачид харилцан туршлага солилцох чиглэлд үр өгөөжтэй үйл ажиллагаа болов.