Улсын ургацын комисс хуралдсан тухай ХХААХҮЯ-наас мэдээллээ. Энэ оны ургацын урьдчилсан балансаар 470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаан буудай, 234.1 мянган тонн төмс, 126 мянган тонн хүнсний ногоо, 56 мянган тонн тосны ургамал, 104.5 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах боломжтой гэсэн төлөв гарчээ. Балансаас харахад улаан буудай, төмсний хэрэгцээг 100, хүнсний ногооны 70 орчим хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэхээр байгаа гэнэ.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын сүүлч, есдүгээр сарын дунд 10 хоногийн эцсээр тариалангийн бүс нутгаар хур тунадас, нойтон цас орж, цочир хүйтрэх төлөвтэй аж. Иймээс ургацыг хамгаалах, техникийн бэлэн байдлыг хангах, хаягдалгүй хураах технологи боловсруулж тариаланчдад хүргэх, төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих зэрэгт анхаарч байгаа гэв. Хөдөө аж ахуйг дэмжих сан (ХААДС) нийт долоон байршилд 186 мянган тонн хүнсний буудай хадгалах хүчин чадал бүхий элеватортой. Одоогоор 43 мянган тонн хүнсний буудайн үлдэгдэлтэй байгаа бөгөөд бусад элеваторын засвар, үйлчилгээг хийлгэн буудай хүлээн авах бэлтгэл хангаж, зарим элеваторыг түрээсээр ашиглуулах боломж бүрдүүлж буй аж.
Хөрш оронд үүссэн дайн, цар тахлаас шалтгаалж газар тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай бүх орцын үнэ 30-35 хувиар өсжээ. Тиймээс Монголын тариаланчдын үндэсний холбоотой хамтран үйлдвэрлэлийн бодит үнэ өртөг болон дэлхийн зах зээл дэх ханш зэрэг хүчин зүйлийг харгалзан ХААДС-д хүлээн авах буудайн энэ жилийн үнийг тогтоосон гэв. Салбарын сайдын мэдээлснээр нэгдүгээр ангиллын улаан буудайг тонныг нь нэг сая, хоёрдугаархыг нь 970, гуравдугаархыг нь 940, дөрөвдүгээр ангиллынхыг нь 880 мянган төгрөгөөр авахаар болжээ. Гэсэн ч тус холбооныхон дээрх тогтоосон үнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бололтой.
Бэлтгэсэн Б.Сонор