Туул голын сав газрын захиргааныхан Төв, Булган аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад өнгөрсөн сард хяналт шалгалт хийсэн. Тус байгууллагынхан энэ удаа Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумд ажиллахдаа хууль бусаар ашигт малтмал олборлож байсан цөөнгүй зөрчил илрүүлжээ. Мэргэжилтнүүд эхний ээлжид “Олз газар”, “Флинк Монголиа”, “Адексмайн” гэсэн гурван компанийн үйл ажиллагааг зогсоосон байна. Энэ компаниуд ус ашиглах дүгнэлт, гэрээгүй байсны дээр хог хаягдлаа зориулалтын бус газарт хаяж, ахуйн хэрэглээнээс гарсан усаа Туул голд нийлүүлэн, байгаль орчин бохирдуулж байжээ. Мөн олборлолтын үйл ажиллагаа явуулахад зайлгүй шаардлагатай зарим бичиг баримтыг бүрдүүлээгүй байсан гэнэ. Тухайлбал, Орхонтуул сумын “Тохой-1” хэмээх газарт үйл ажиллагаа явуулж байсан “Олз газар” компанийнхан байгаль орчны менежментийн, “Флинк Монголиа”-гийнхан уулын ажлын төлөвлөгөөгүй байж. Харин “Адексмайн” компанийнхан байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон менежментийн төлөвлөгөө батлуулалгүй олборлолт явуулжээ. Иймд эдгээр компанийг зөрчлөө арилгаж, байгаль орчинд учруулсан хохирлоо барагдуулан, эргэж танилцуулах хүртэл үйл ажиллагааг нь тодорхойгүй хугацаагаар зогсоожээ.
Бэлтгэсэн И.Мишээл